
Театрыг ариун сүмтэй зүйрлэх нь бий. Уг үгс их өндөрт сонстох учраас ямар ч үзэгч театрын орчинд хүндэтгэлтэй, басхүү эмээнгүй ханддаг.
Тэр ч утгаараа илүү алс холын мэт санагдах нь ч бий. Хэдийнэ амьдралын бодит үйл явдал, эсвээс хүний ухамсар, төсөөллийн чадамжаас үүдэлтэй дүрүүд тайз дээр биежих боловч тайз өөрөө алс хол оршино. Харин хойд хөршийн залуу найруулагч Екатерина Шихова эл зайг ойртуулж өглөө. Учир нь “Про” театрын ээлжит уран бүтээл болох Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” сэтгэл зүйн драмын жүжигт гарах дүрүүдийн үзэл бодлын сөргөлдөөн нь орчин үеийн нийгмийн чухал асуудлын хамгийн гол цэгийг онож хатгасантай холбоотой байж мэднэ.
Хүний сэтгэл зүй гэдэг асар ярвигтай. Заримдаа сэтгэл судлалын онолд боловсруулсан олон жишээний аль нь ч тодорхойлж хүчрэхгүй жир бус эмзэглэлүүд бий. Яг түүнийг л Андрей Иванов хэмээх Оросын шинэ үеийн жүжгийн зохиолч олж харжээ. Харин найруулагч Екатерина Шихова дүрүүдийн сөргөлдөөнийг элдэв чамин ур, хээнцэрлэл, драмлаг уянгагүйгээр тэр чигт нь тайзнаа өрсөн байна.

Жүжиг бүхэлдээ ээж, хүү хоёрын тус тусын монологоос бүтнэ. Тэд хоорондоо хэзээ ч харилцан ярьж үзээгүй, эцсийн мөчид хэдхэн хором цөөн үг солихоос хэтрэхгүй. Гэхдээ тэрхүү үл ойлголцлын хязгаарыг орлуулж болох зүйл бий. Энэ нь цахим. Хүүтэйгээ ойлголцож чадахгүй болсон Татьяна цахим орчноор дамжуулан харилцаа тогтоож, өсвөр насны хүүгийнхээ үзэл бодолд нэвтрэх гэж оролддог. Түүний өөр хүн болж тоглосон шалтгаан энэ. Тэр ярилцахыг хүссэн. Харин өөр хүн болж тоглосноос үүдэж л хурц зөрчил үүснэ.
В.Волькенштейний зөрчлийг шинжлэх зүй зохист арга хэмээх бүтээлд нэгэн оновчтой томьёолол бий. Түүнийхээр “...жүжгийн баатар зөвхөн түүнийг хүрээлэн буй орчинтой төдийгүй, өөрөө өөртэйгөө зөрчил тэмцэлд орж, үйл амьдралынхаа замд тохиолдох эргэлзээ тээнэгэлзлийг даван туулах нь бий” гэжээ. “Түүний буруу” жүжгийн хоёр дүрийн аль аль нь ийм шинжийг агуулна. Харин тэдгээрийн харилцааны цөм нь хэн, хэнийхээ үйлдэл, үг, хөдөлгөөнийг үзэн ядах сэтгэл зүйн тогтворгүй шинжээр илэрдэг. Үүнээс үүдэж харилцаа улам хөндийрөх агаад үзэгдэл бүр дэх “би” хэмээх үзлийн үрээс үүдэх дотоод зөрчлийн тэмцэл нь дүрийн утга санааг гүнзгийрүүлж байна. Мэдээж театр учраас эл цөмийг амьд хөгжим, шувууны тор, Татьянагийн гудас доороос олдох хиймэл бэлэг эрхтэн хүртэл бүрдүүлнэ. Ерөөс хүү, эх хоёрын харилцааны зөрчлөөс тайз дээрх аяга таваг, цахим сүлжээний хэрэгсэл, эцгийн хүрэм гээд алийг нь ч тусад нь авч үзэх боломжгүй. Бүгд нэгэн цогц болон хувирснаар оюун сэтгэхүйн зэрэгцээ шугамд хөдөлгөөн хийх бололцоог найруулагчид олгоно. Тэдгээр нь цахим орчин дахь дүр буюу Хэрээ, Тоффи хоёр.

Харилцах цэг нь цахим орчин. Харин урлаг гэдэг бидний мэддэг дэлхий дээрх амьдралаас онхи ондоо, ухамсар дахь цоо шинэ ертөнцийг бүтээж болдог газар. Тэрхүү үл ойлгогдом атал эсрэгээрээ туйлын ойлгомжтой байж мэдэх ертөнцөд Хэрээ, Тоффи хоёр биеждэг. Тэдгээр дүрүүд дэлгэцийн цаадах эзнийхээ дотоод сэтгэлийн хэл болно. Ээж нь хүүдээ хэлэхийг зорьсон бүхнээ ил гаргаж чадахгүй ч чухам юу хүсэж байгааг нь Тоффи сайн мэднэ. Заримдаа өөрийг нь бүтээсэн ухамсарт хандаж зөвлөгөө хүртэл өгдөг шүү дээ. Цаг үе бүхэнд өөрийн гэсэн хувирмал чанар, бэлгэ тэмдэг, аж төрөхүйн түмэн янзын боломж, тэвчээрийн утсыг үл таслах өчүүхэн найдварыг хадгалах хүч, бусадтай зөвхөн тэр л оноогдсон цаг хугацаанд ойлголцож болох өөрийн гэсэн “хэл” байдаг. Үүнийг ойлгохгүй, хүлээж авахгүй аваас Татьянад учирсан цөхрөлтэй нүүр тулна. Азаар Татьяна өнгөрүүлсэн бүхнээ дурсамжид цоожлоод цаг үеийнхээ хэлийг сурсан. Тэр Тоффиг бүтээж чадсан.
Жүжгийн төгсгөлийг бодох бүр шимшрэл төрнө. Учир нь хэзээд илчлэгдэж байж дуусах нөхцөл боломж үйл явдал хийгээд дүрүүдийн аль алинд өгөгдчихсөн. Тэдний харилцаж байгаа цэг хэзээ мөдгүй бутран унахдаа асар их шаналал дагуулна гэх тээртэй бодлыг үүтгэнэ. Гэвч төсөөлөхөд халширмаар төгсгөл рүү хөтлөх хэрнээ юуг ч үл тайлбарлаж, үзэгдэл бүр дээрх зөрчлийг хялбарчилж, үгүй аваас хүндрүүлэх алхам хийлгүй орхисноороо л энэ жүжиг онцгой.
Хамгийн гол нь ээж нь хүүтэйгээ, хүү нь ээжтэйгээ харилцаж эхлэх энэ цэг. Жүжгийн жийрхэм өрнөл рүү хөтлөх үйл явдлууд хэчнээн эмзэг агаад үнэн, нандин мөчүүд болоход үзэгч шимтэх тусам мөнөөх төгсгөлийн тухай бодолд үл сатаарна. Татьяна хүүдээ шувуу авчирч өгсөн ч уурандаа өөрөө үгүй хийчихдэг. Харин хоосон торонд хүү нь ээжийнхээ гудас завсраас олсон бэлэг эрхтнийг хийж орхино. Үзэл бодлын сөргөлдөөнөөс үүдэж бий болсон эл зөрчил үнэндээ тэдний жинхэнэ эх үрийн холбоосыг далд егөөгөөр илтгэх нь хүртэл нэн орчин цагийнх гэж тодотгомоор. Хамгийн гол нь тэд нэг гэрт суугаа боловч хажуу өрөөн дэх хүүтэйгээ харилцаа тогтоож болох тэр л цэг нь цахимаас өөр газар бус болон хувирсан нь бодит амьдралын хоржоон билээ.

Нийгэмд хандсан цоо шинэ үзэл баримтлалуудын тэргүүнд Гоголийн бүтээлүүдийг нэрлэдэг. Түүний егөөдөл, хурц оюун ухаан нь заримдаа уран зохиолын ертөнцийг үл хүчрэм болгож орхидог шидтэй байв. Гэвч уран сайхны аргаас ч хэтийдсэн зохиомол хийсвэрлэлийг Гоголоос хойш хөөгсөд урлагийн үнэнийг илчлэх үзэл санааг ичгүүргүйгээр үгүй хийж орхижээ. Тиймээс хүн төрөлхтөн өөрсдийн туулж буй эрин үеийнхээ нийгмийн үнэн төрхийг цэх шулуухан буулгаж, чигч зоримогоор дүрслэн үзүүлэх болсон нь неореализмын тунхаг байв.
“Түүний буруу” жүжиг бол үүний тод жишээ. Мэдээж цахим ертөнц дэх дүрүүдийг биежүүлэн урлаж, бодит болгон үзүүллээ гээд театрын найруулагч болгоныг уран зөгнөлийн ордонд залаад байж болохгүй биз дээ. Чухам тиймээс эл жүжиг нийгмийн бодит байдлыг илчлэн харуулахад гол зорилго нь чиглэсэн учраас неореализм төрөлд хамаатах нь гарцаагүй. Харин туйлын үнэн бол театр өөрөө суртал ухуулгын зорилгоор ашиглаж болох газар биш. Гэхдээ соён гэгээрүүлэх үүрэгтэй. Үүний ялгаа заагийг чинад барьж байж л неореализмын үрслэлийг ойлгоно. Тийм чадвар харин эл жүжгийг бүтээсэн хүмүүст бий.
Дүрүүд хоорондоо харилцах алхам хийж, Костягийн ганцаар очдог харанхуй балгас руу гүйх Татьянагийн оролдлогууд ч тэр үнэнээс огт зөрөөгүй ичгүүрээр далдалсан үйл хэрэг. Хамгийн гол нь тайз дээрх дүрийн эл ичгүүр уран бүтээлийнхээ хувьд бусдыг ичгүүрээс нь аварсан юм. Өөрийн үнэнтэй нүүр тулж, хүлээн зөвшөөрч, магадгүй шалдаа бууна гэдэг ичгүүртэй явдал бус хэзээд зоригтой үйлдэл байдаг. Үнэнтэй тулах тийм зориг харин хэн бүгдэд үгүй. Жүжигчин Э.Буд-Эрдэнийг энэ алхамд онцлох хэрэгтэй. Тэр үйл хөдлөл бүрдээ дүрийнхээ хувирлыг гарамгай үзүүлсэн. Түүний дүр амьсгал авах бололцоог тайз дээр олгодоггүй. Мөнхөд оролцоотой, жүжгийн үзэгдэл бүрд хамгийн хүнд ачааг үүрэхээр бүтээгдсэн дүр. Учир нь жүжгийн зөрчлийн хамгийн хурц үзэгдлүүд дээрх жин уг дүрд ирдэг.

Мэдээж тоглоом дуусна. Харин хаана хүрч, ямар үед Татьяна буулт хийх нь сонирхол төрүүлнэ. Тэр мөч хүртэл найруулагч дүрүүдийнхээ үзэл санааг тайлбарлах гэсэнгүй, харин шувууны торноос үүдэлтэй үйл явдал нь Костя ээжийнхээ орон зайд халдах болсноор үргэлжилж зөрчил улам л гүнзгийрчээ. Ийнхүү сөргөлдөөн гүнзгийрсээр ахуйд эцсийн мөчид ээж зүгээр л баригдчихна. Тэр хүүдээ тайлбарлах, юуны учир ийм үйлдэл гаргаснаа уйлан хайлан учирлах, гарцаагүй цаг нь ирнэ гэдгийг гадарласан боловч өөрөө зориглон үг унагасан ч үгүй. Гагцхүү хүү нь санаандгүй олоод мэдчихэв. Үнэндээ Костя цахим ертөнцөд ээжийнхээ бүтээсэн тэрхүү хиймэл дүрд сэтгэлтэй болчихсон байлаа.
За, ингээд тайз дүүрэн хөгжилтэй атлаа гашуун үйл явдал өрнөж байна. Мэрилэн Мэнсон хөгжмөө нүргэлүүлж, Костя цамхагийн хэрээнийхээ дүрд хувираад нисэхээр оролдоно. Түүний нислэг үхлээр дуусахыг ээж нь мэднэ. Хэдэн хоромд ийм гашуун үйл тайзнаа өрнөж, ээжийн буулт хийсэн, гуйсан үгс араас нь ундарч ахуйд Мэнсон гэнэтэд хөгжим тоглохоо больчих нь тэр. Зохиолч Иванов жүжгээ гашуунаар төгсгөдөг. Учир нь ийм өгүүлэмжид амиа хорлох үйлдэл аяндаа нэхэгдэх нь зүй.
Харин найруулагч Екатерина Шихова өөр шийдэл бодож олжээ. Заримд нь энэ бол ердөө л жүжгийн төгсгөлд үзэгчид рүү шидсэн зурвас төдий үзэгдэл гэж ойлгож болохуйц харанхуйлал дотор ээж, хүү хоёр хөшиг нээсэн цагаас эхлээд анх удаа л ярилцаж байна. Магадгүй тоглоом хэн хэнийх нь ялалтаар өндөрлөсөн байж ч мэдэх. Хүү өөрчлөгдөж эхэлсэн, ээж нь ярилцаж чадсан. Үнэндээ энэ бүхнийг тайлбарлалгүй зүгээр л үзүүлээд орхичихсон нь л “Түүний буруу” жүжигт өгөх хамгийн том үнэлгээ юм.
Жүжигт үзүүлсэн дүрүүдийн харилцаа хэнийг өөрчилсөн бэ? Татьянаг уу, Костяг уу? Эсвээс бүр тэдний цахим дээр биежүүлсэн Хэрээ, үгүй аваас Тоффиг уу? Тэдгээр бол ээж, хүү хоёрын дотоод мөн чанарын гэгээнээс бүрдсэн дүр. Гэхдээ аль алинд нь бас сүүдэр бий. Гол нь жүжигт гарах эл ээдрээтэй харилцаа хэнийг ч өөрчлөх гэж оролдсонгүй. Тиймдээ ч хэн бүхэнд тунгаан бодох орон зай олгоно.
Хамгийн гол нь ээж, хүү хоёр юунаас болж зөрчилдсөнийг монологт илчилснээс бус үйлдлээр ч тодорхой харуулдаггүй. Гэвч монолог буюу өөрийн дотоод дуу хоолой, бодол гэдэг зарим талаар өрөөсгөл ойлголт. Аль аль талдаа хамгийн ойрын оршихуйг буруутгаж байсан боловч сөргөлдөөн хаанаас эхэлж, юун дээр туйлдаа хүрснийг жүжигт дутуудуулчихав уу гэмээр бодол төрснийг эцэст нь тэмдэглэе.
Найруулагч Ч.Найдандорж “Миний ертөнцөөр” номдоо “...онолын хувьд урнаар сэтгээд түүнийгээ тайзан дээр бүтээл болгоно гэдэг л хамгийн чухал” гэжээ. “Түүний буруу” жүжиг урнаар сэтгэсэн шийдэл, дүрүүд, зохиолын шинэлэг гүйцэтгэл бий. Эцэст нь найруулагч бүтээл болгож чадсаныг нийгмийнхээ үнэн төрхийг тайзны тусгалд илчихдээ хүн бүрийн цаад сэтгэл рүү дам өнгийсөнтэй холбож болно. Тэр нь хэн нэгнийг үнэхээр өөрчилж чадах уу? гэх асуулт. Магадгүй хүүхэдтэйгээ ярилцах орон зайг бүтээх гэсэн оролдлого ч зарим үзэгчдэд төрж болох юм. Тэндээс л харин чи тэгээд өөрчилсөн үү? хэмээх энгийн атлаа эмзэглэлд ивэх дараачийн асуулт урган гарна.