
WaterAid-ийн шинэ тайланд дурдсанаар Африкт эхийн цусан халдвар буюу сепсисээр өвчилсөн эмэгтэйчүүд Европ, Их Британи болон Хойд Америктай харьцуулахад бараг 150 дахин илүү нас барах эрсдэлтэй байна. Эрүүл ахуйн наад захын нөхцөл хангагдаагүйгээс өдөр бүр 36 хүн нас барж байгаа ажээ.
Тайланд дурдсанаар жирэмслэлт болон төрөлтийн хамгийн аюултай хүндрэлүүдийн нэг болох цусан халдвар нь Африкийн зарим бүс нутагт хэт өндөр нас баралттай байгаа бөгөөд олон төрөх тасаг цэвэр ус, ариун цэврийн байгууламж, наад захын эрүүл ахуйн нөхцөлгүй байдаг нь үүнд нөлөөлж байна. Мөн АНУ, Их Британи зэрэг орнуудын гадаад тусламж буурснаар энэ байдал улам дорджээ.
Сахарын өмнөд Африкт жил бүр ойролцоогоор 4.7 сая эмэгтэй эхийн цусан халдвараар өвчилдөг бөгөөд энэ нь ойролцоогоор есөн төрөлт тутмын нэгтэй тэнцэнэ. Энэ өвчин нь ихэвчлэн төрөлтийн үеэр эсвэл дараа бактери цусанд орсноор үүсдэг, амь насанд аюултай халдварын хариу урвал юм.
Дэлхий даяар эхийн цусан халдварын 1100 тохиолдол тутмын нэг нь нас баралтаар төгсдөг бол Африкт энэ үзүүлэлт 350 тохиолдол тутмын нэг болж бусад улстай харьцуулахад эрс өндөр байгаа аж. Харин Баруун Европ болон Хойд Америкт энэ эрсдэл хавьгүй бага байдаг.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлснээр энэ ялгаа нь төрөх тасгуудад аюулгүй төрөлтөд шаардлагатай хамгийн энгийн нөхцөл хүртэл дутагдаж байгааг харуулж байна. Судалгаагаар Африкт эрүүл мэндийн байгууллагад явагдаж буй дөрвөн төрөлтийн гурав нь хангалттай ус, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлгүй орчинд болж байгаа нь эх, нярайн халдвар авах эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг байна.
“Born Without Water: the crisis in our delivery rooms” нэртэй уг тайланд Африк болон Азийн 16 орны (Нигери, Малави, Танзани, Бангладеш зэрэг) төрөх үйлчилгээний нөхцөлийг судалжээ. Үр дүнгээс харахад олон эмнэлэгт аюулгүй төрөлтөд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц дутагдалтай байна.
Судалгаанд хамрагдсан Африкийн төрөх тасгуудын:
Эдгээр үр дүн нь тус байгууллагаас Вестминстер хотод эхлүүлж буй “Time to Deliver” олон улсын кампанит ажлын үеэр танилцуулагдсан байна. Энэхүү кампанит ажил нь эрүүл мэндийн байгууллагуудад ус, ариун цэвэр, эрүүл ахуйн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриалж байгаа бөгөөд энэ оны сүүлээр болох НҮБ-ын Усны бага хурлын өмнө дэлхийн удирдагчдад хандсан уриалга юм.
Кампанит ажлыг дэмжигчдийн дунд жүжигчин Марк Райланс, Майлин Класс, Стивен Фрай, Беверли Найт нар багтжээ.
WaterAid-ийн олон улсын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Амака Годфри хэлэхдээ, “Ямар ч эмэгтэй зөвхөн эмнэлэгт ариун цэврийн наад захын нөхцөл байхгүйгээс болж амь насаа алдах ёсгүй” гэжээ.
Тэрээр мөн Их Британид эхийн цусан халдвар нь жирэмслэлт, төрөлтийн хамгийн аймшигтай хүндрэлүүдийн нэг хэвээр байгаа ч дэлхийн олон сая эмэгтэйчүүд цэвэр ус, ариун цэвэр, савангүй орчинд төрөхөөс өөр аргагүй байдалд байгааг онцолсон байна.
Түүний хэлснээр төрөх тасгуудын эрүүл ахуйг сайжруулснаар халдвар болон нас баралтыг эрс бууруулах боломжтой. Тайланд дурдсанаар эрүүл мэндийн байгууллагуудад ус, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлснээр жил бүр дэлхий даяар 10 сая эхийн цусан халдварийн тохиолдол, 8580 нас баралтаас урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд нэг хүнд ногдох зардал нь 1 ам.доллараас бага байгаа аж.
Их Британийн засгийн газрын ус, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрт зарцуулдаг төсөв 2018 онд 206.5 сая фунт байсан бол 2024 онд 80 сая фунт болж буурсан бөгөөд цаашид ч багасах төлөвтэй байна.
WaterAid-ийн үзэж байгаагаар хөрөнгө оруулалтыг сэргээж, төрөх тасгуудын дэд бүтцийг сайжруулснаар жил бүр мянга мянган хүний амийг аварч болох бөгөөд энэ нь дэлхийн хамгийн ядуу орнуудад нэг хүнд ойролцоогоор 75 пенсийн зардал шаардана.