
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Засгийн газар эмхлэн зохион байгуулагдаж ажлынхаа гурав дах өдөр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн даваа гаригт ээлжит бус хурал хийсэн бөгөөд тус хурлаар ААН-үүдэд учраад байгаа хүндрэл бэрхшээлийг шийдэх үүднээс татварын өрөнд орж дансаа хаалгасан 12 мянган компани, НДШ-ийн өрөнд орсон 3800 орчим компанийн дансыг нээх шийдвэр гаргасан.
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 23 асуудал хэлэлцсэн. Ерөнхий сайдын албан даалгавар болгож нийт 49 үүрэг чиглэлийг холбогдох сайдад өгсөн. Миний ажил үүргийн хүрээнд хэд хэдэн шийдвэр гаргалаа. Улсын онцгой комиссын нөөцөөс нийтдээ 5.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг зохих хэрэгцээ шаардлагатай газруудад нь хуваарилах шийдвэр гаргалаа.
Ерөнхий сайдаас би нийтдээ найман албан даалгавар хүлээж авсан. Ойрхи Дорнодод үүсч байгаа зөрчилдөөнтэй холбоотойгоор Монголын нийгэм, эдийн засагт шууд болон шууд бус нөлөөллүүд их байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр маш тодорхой танилцуулга хийж, болзошгүй эрсдлийн талаар мэдээлэл өгсөн. Үүнтэй уялдуулаад Засгийн газар тодорхой шийдвэрүүдийг авч, хохирол багатай даван туулах зорилготой байна. Хувийн хэвшлээ дэмжих үүднээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн зүгээс шат дараатай авдаг олон шалгалтуудыг цуцалж, хувийн хэвшилд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж олгох шийдвэр гарсан.
Ерөнхий сайд Н.Учрал төрийн албыг тасалдуулахгүй, ямар нэгэн халаа солио хийхгүй байх шийдвэрийг бүх сайдад албан үүрэг болгосон. Засгийн газрын анхны хуралдааны шийдвэр бүгд хэмнэлтийн горимтойгоор ажиллах шаардлагатай талаар байсан. ЗГХЭГ-ын даргад төрийн албаны дахин инженерчлэлийг түргэн шуурхай оновчтой болгох үүрэг өгсөн. Энэ үүднээс давхцал гаргахгүй байхыг үүрэг болгосон. Төрийн албаны ажилтнуудыг таван өдрийн дөрвөн өдөр нь ажиллуулах боломж байж болно. Эдийн засагт ч хэмнэлттэй. Нөхцөл байдалтайгаа уялдуулж шийдвэр гаргах боломжтой" гэв.