Монгол Ардын намын 31 дүгээр их хурал “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриан дор үргэлжилж байна. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр, “Иргэдийн итгэл, гишүүдийнхээ амлалтыг яаж хадгалж биелүүлэх вэ гэдэгт анхаарсан, намын дотоод асуудлаа цэгцэлсэн Их Хурал болно. Мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн тулд Г.Занданшатарын Засгийн газар тогтвортой ажиллах учиртай. МАН-ын 31 дүгээр Их хурал хууль дүрмийн хүрээнд үргэлжилж байна. Нийт 2255 төлөөлөгч өнөөдөр МАН-ын шинэ даргыг сонгоно. Их хурлын өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар намын дүрэмд заасны дагуу шинэ даргын сонгууль болно. Араас нь намынхаа үндсэн дүрэм, мөрийн хөтөлбөр, хичээн эрмэлзэх зүйлдээ томоохон өөрчлөлт оруулна. Намын төлөөллийн төв байгууллага болох Бага хурал, Хяналтын байгууллагаа намын Их хурлаараа сонгоно. Энэ хоёр өдөр хуралдаж шийдвэрлэнэ. Үүний дараа өдөр тутмын үйл ажиллагааг удирдах МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгоно. Намынхаа үндсэн дүрэмд томоохон өөрчлөлт хийж байна. Үндсэн дүрмийн 40-өөд хувьд нь өөрчлөлт хийнэ” гэлээ.

