Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Хүний амины төлөөстэй баавгайн ан
Баавгай суурьшлын бүсэд орж ирсэн, айлын гэр бараа эвдэн сүйтгэж, мал барьсан тухай дуудлага тасрахгүй хоёр сар өнгөрөхөд дорвитой арга хэмжээ аваагүй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хөвчийн зочин хүний аминд хүрсэний дараа л сэхээ оров.
Лхагва гаргийн шөнө нийслэлийн БЗД-ийн 35-р хороо, Бурхантын ам хэмээх газар баавгай айлын гэр лүү халдаж, нэг хүний аминд хүрэн өөр нэгнийг хүнд гэмтээсэн юм. Хүний аминд хүрсэн хүрэн баавгайг 10-р дугаар сарын 08-ны шөнө 22:15 цагт олж, аюулгүй болгожээ.
Хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор эрсдэлтэй орон нутгуудад шаардлагатай тохиолдолд баавгайн тоо толгойг зохицуулах зөвшөөрөл олгосон. Баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийн тендэр ярьж суусаар байдал хүний амь нас эрсдэн, төрийн байгууллагын хариу арга хэмжээ хэтэрхий удаан болхи байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Он гарсаар баавгай үзэгдсэн, хүн рүү дайрсан гэх 597 тохиолдол бүртгэгдсэн бол өчигдрийн байдлаар есөн баавгайг устгаад байна. Баавгай орж ирэх эрсдэлтэй байршуулуудад цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг 24 цагаар ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Хил, мал нэг ухны мөрөнд бүдэрсэн нь
Ойрын өдрүүдэд олны анхаарлыг татаж буй сэдэв бол ямааны годрон өвчин. "Чемодантай ямаа" гэх нэршил ч бий болгоод амжлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын хийсэн мэдээллээр “Саятан сүрэг” дэлгүүрээс малчид худалдан авсан "Арвас” үүлдрийн ухнаас ухнаас годрон өвчин тархсан байж болзошгүй байгаа юм. Тэгвэл тухай тус дэлгүүрийн захирал Э.Энххөлөг “Би чемоданд хийгээд ямаа оруулж ирээгүй, хүнээс худалдаж авсан. Үзэж хараад, өсгөж үржүүлэхэд сайхан мал байна гээд худалдаж аваад үржүүлсэн. Шинжилгээний хариуг манайд ирүүлээгүй байж салбарын сайд ийм зүйл яриад байгааг гайхаж байна. Хэрвээ манайд зарагдсан ухна, ямаанаас годрон илэрсэн бол би хамгийн түрүүнд мал эмнэлэг дуудаж, манай дэлгүүрт бүртгэгдэх ёстой” гэсэн тайлбарыг хийсэн юм.
Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Алтанбулаг суманд ямааны годрон өвчин батлагдсан. Улмаар 16 өрхийн 6,296 ямааг устгалд оруулжээ. Мөн арван аймгийн 13 байршилд хээлтүүлэгч мал нийлүүлсэн нь тогтоогдсон байна. Годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэхэд 1.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Энэ бүхнээс харахад “Чемодонтой ямаа”-ны цаана ганц ямаа, ганц ухнаас илүү өргөн хүрээний асуудал яригдаж байна. Үржлийн малын бүртгэл, импортын хяналт, мал эмнэлгийн тандалт, орон нутагт өгсөн мэргэжлийн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлсэн эсэх, өвчний голомт хаанаас эхэлсэн зэрэг олон асуулт хариулт нэхэж байна.
Хугацаа тулгаж хэвлэгдсэн сурах бичгийн алдаа
Бүтэн сар сурах бичгээ хүлээсэн нэгдүгээр ангийнханд алдаа ихтэй, хиймэл оюунаар зурсан өгүүлэмжтэй ном түгээгдсэн нь нийгэмд шүүмжлэл дагууллаа. Сурах бичгийн зарим зургууд бүгд адилхан, ихэр мэт, бүр гурван хөлтэй охин ч дүрслэгдсэн тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан юм. Үүнтэй зэрэгцэн хэвлэлийн газрууд ЕБС-ын сурах бичгийг зөвхөн сайд, дарга нарт хамааралтай компаниар хийлгэх болсон асуудлыг дэлгэсэн. Мөн сурах бичгийн тендерийн явц удааширсан нь ашиг сонирхлын зөрчил үүссэн байж магадгүй гэдгээ ч илэрхийлсэн юм.
Тэгвэл Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир дараах тайлбарыг өгч байна. Тэрээр "Зургаадугаар сарын 11-нээс нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх багц тендерийг нээлттэй зарласан. 7 дугаар сарын 27-ны өдөр тендер нээхэд шаардлага хангасан компани гараагүй. Тиймээс дахин тендер зарлаж, есдүгээр сарын 9-ны өдөр сонгон шалгаруулалт явуулахад хоёр компани шалгарсан. Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг. Мэргэжлийн байгууллагууд ажиллаж, хэвлэлийн газарт агуулгын болон техникийн редактор ажилладаг. Одоо будаг бариад суудаг зураач байхгүй. Ихэнх нь техник, зургийн бусад программ ашигладаг. Бид агуулга дээр нь шаардлага хангасан учраас сурах бичгийг хэрэглээнд оруулсан. Сурах бичиг дээр цахимаар тараад байгаа шиг буруу энгэртэй дээл, гурван хөлтэй хүүхэд зэргийн зураг байхгүй" гэв.
Зээлжих зэрэглэл тогтвортой
Эс энд Пи /S&P/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас Монгол Улсын 2026 оны зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсан тухайгаа /2026.10.08/ мэдэгдлээ.
Үүнд Оюу Толгойн хоёрдугаар үе шатны зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, БНХАУ-руу хийх нүүрсний экспорт тогтвортой үргэлжлэхийн зэрэгцээ уул уурхайн экспортын өсөлт нь эдийн засгийн өсөлтийг голлон дэмжих хүлээлттэй байна гэж дүгнэжээ. Энэ хүрээнд, гадаад цэвэр өрийг урсгал дансны орлогод харьцуулсан харьцаа буурах хандлагатай байна. Уг харьцаа 2020 онд 184 хувьтай байсан бол 2026 онд 58 хувьд хүрнэ гэж үзсэн байна.
Монгол Улсын Засгийн газар 2026 онд олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч гурван агентлагийн үнэлгээнүүд дараах байдлаар гарлаа. Фитч (Fitch Ratings) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг наймдугаар сарын 19-нд “B+, Тогтвортой” бол, Мүүдис (Moody’s Investors Service) агентлаг аравдугаар сарын 05-ны өдөр “B1, Тогтвортой” төлөвт тус тус хадгалсан байна.