ХӨСҮТ-өөс улаанбурхан болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн Нэгжийн дарга Н.Сувдмаа"Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 30-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор 4274 тохиолдол батлагдсан. Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 551, гэрээр 938, эдгэрсэн 2793, хавьтал 44 774, нас баралт хоёр бүртгэгдээд байна. 

Улаанбурхан өвчний тохиолдол ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулийн орчимд голомтлон бүртгэгдэж байгаа. Иймд халдвараас сэргийлэхийн тулд вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

ХӨСҮТ-ийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг ачаалал өндөр байгаа. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд өвчлөл эрс нэмэгдэн өдөрт дунджаар 400 гаруй иргэн ХӨСҮТ-д хандаж байна. Иймд уг ачааллыг зохицуулахын тулд бид зохицуулагч ажилтнуудыг давхар ажиллуулж байгаа. 

Зуны амралт эхэлж, хүүхдүүд аялал, зуслан зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох нь нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан, халдвараас сэргийлэх зорилгоор улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад заавал хамрагдахыг зөвлөж байна.

Мөн халдвар авсан тохиолдолд зөвхөн ХӨСҮТ-д бус, харьяа дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хандаж тусламж авах боломжтой.

Түүнчлэн, 0-8 сартай хүүхдүүд вакцинд хамрагдах нас нь хүрээгүй тул эрсдэлт бүлэгт хамрагдаж байгаа. Иймээс гэр бүлийн гишүүд, ялангуяа ах, эгч, эцэг эх нь дархлаажуулалтад хамрагдаж, халдварыг гэр бүлдээ тараахаас сэргийлэх нь чухал" хэмээв.