
Цаг уурын урьдчилсан мэдээгээр энэ сарын 18-27-ны өдрүүдэд нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орж, салхи зарим үед ширүүсэх төлөвтэй байна.
Тодруулбал, энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. 19, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.
Мөн 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр бороо, нойтон цас орно. 24-нд баруун, төвийн аймгуудын зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж болзошгүй.
26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн ихэнх хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метрийн хурдтай байна. 19-21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-23-нд баруун болон говийн аймгуудын нутгаар, 24-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй.
Агаарын температур: 19-21-нд өдөртөө бага зэрэг дулаарна. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0...-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус байна. Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.