
2027 оны Мөнгөний бодлогын Үндсэн чиглэл нь инфляцыг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжуулах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, Монголбанкны санхүүгийн бие даасан байдал, засаглал, хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц шинэчлэлийн эхлэлийг тавьж буйгаараа онцлог юм.
2012 оноос хойш Монголбанк ипотек, үнэ тогтворжуулах, цар тахлын дэмжлэг зэрэгт нийт 15.8 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон нь Төв банк жил бүр дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 1.4 хувьтай тэнцэх төсвийн шинжтэй зардлыг санхүүжүүлсэн гэсэн үг. Түүнчлэн Төв банк валютын зах зээлийн зохицуулагч биш харин хамгийн том худалдан авагч, хамгийн том нийлүүлэгч болсон өнөөгийн тогтолцоо нь мөнгөний зах дээр богино хугацаат төгрөгийн илүүдлийг байнга бий болгодог механизм бий болгожээ. Мөн урт хугацаат своп хэлцлүүд валютын улсын нөөцийг нэмэгдүүлдэг талтай ч 2013–2022 онд своп, деривативын хэлцлүүдээс Төв банк 1.6 их наяд төгрөгийн бодит алдагдал хүлээсэн байна. Мөн сүүлийн 15 жилд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаараас давсан төсвийн алдагдлын нийт дүн 12.6 их наяд төгрөг байна .
Тиймээс инфляцыг үүсгэж, тэтгэж буй мөнгөний илүүдэл нийлүүлэлтийн сувгуудыг үе шаттай хязгаарлах, Төв банкны институцийн чадавхыг бэхжүүлэх нийт 14 арга хэмжээг мөнгөний бодлогод хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Тухайлбал, Төв банкны үнэт цаасыг зохистой түвшинд хадгалж, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хязгаарлах зорилгоор Засгийн газар 2027–2030 онд жил бүр 1.0 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний үнэт цаасыг Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, гадаад өрийн удирдлагын зориулалтаар гаргана. Мөн төсвийн шинжтэй үйл ажиллагаанаас үүдэлтэй Төв банкны алдагдлыг шийдвэрлэхэд 2028–2032 онд жил бүр 1.0 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний үнэт цаас гаргаж, Монголбанканд эзэмшүүлнэ. Ингэснээр илүүдэл мөнгийг зөвхөн Төв банкны үнэт цаасаар бус, Засгийн газрын үнэт цаасаар татаж, Монголбанкны өөрийн хөрөнгө үе шаттай сэргэнэ гэж үзэж байна. Мөн Төв банк төсвийн шинжтэй аливаа үйл ажиллагааг санхүүжүүлэх, хэрэгжүүлэхийг хориглосон хуулийн төслийг боловсруулж, хууль санаачлагчид уламжлахаар тусгасан. Түүнчлэн орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх бэлтгэлийг 2027 онд хангаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэн, 2028 онд хэрэгжилтийг бүрэн шилжүүлэн өгнө.