
АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллээр Америкийн арми Ираны эсрэг дайнд өнөөг хүртэл 47 тэрбум ам.доллароос давсан зардал гаргажээ. Энэ нь Батлан хамгаалах яамны долоодугаар сард гаргасан тооцооллоос 25 гаруй хувиар өндөр үзүүлэлт юм.
Ираны дайны зардал нэмэгдэж байгаа талаарх мэдээлэл нь Конгрессын хяналтыг ирэх хоёр жилд аль нам гартаа авахыг шийдэх сонгуулийн өмнө Бүгд найрамдах намынхны улс төрийн асуудлыг улам хүндрүүлж байна. Дайны улмаас дэлхийн эрчим хүчний үнэ өссөн нь Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийг дэмжих хандлагад сөргөөр нөлөөлж, Ерөнхийлөгч Дональд Трампын рейтингийг бууруулжээ.
Пентагоны хамгийн сүүлийн тооцоололд дайны ажиллагааг явуулахад гарсан зардлыг тусгаж, мөргөлдөөний үеэр ашигласан, нөөц нь дууссан зэвсэг хэрэгслийг нөхөн бүрдүүлэхэд 29 тэрбум ам.доллароос дээш хөрөнгө шаардлагатай гэж тооцжээ. Түүнчлэн цэргийн тоног төхөөрөмж болон зэвсэгт хүчний платформын хорогдол гэж нэрлэдэг алдагдлыг нөхөхөд зургаан тэрбум ам.доллар хэрэгтэй аж. Үүнд дайны үеэр устсан олон тооны нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэрэг агаарын хөлгийн алдагдал багтжээ.
Трамп хоёрдугаар сард Израилтай хамтран Ираны эсрэг дайн эхлүүлэхдээ мөргөлдөөн богино хугацаанд үргэлжилнэ гэж мэдэгдэж байв. Дайны эхний шатанд Трампын стратеги нь Ираны батлан хамгаалах байгууламжуудыг өндөр өртөгтэй, нарийвчлал сайтай пуужингаар эхлээд бөмбөгдөж, улмаар агаарын хөлгөөс хаядаг JDAM зэрэг харьцангуй хямд, нөөц ихтэй бөмбөг ашиглан цохилт өгөхөд чиглэж байжээ.
Гэвч дөрөвдүгээр сард байгуулсан гал зогсоох тохиролцоо Иранд газар доорх зэвсгийн агуулахуудаа ухаж гарган, өмнө нь ашиглах боломжгүй байсан зарим пуужин, нисгэгчгүй төхөөрөмж болон агаарын довтолгооноос хамгаалах системээ дахин ажиллагаанд оруулах хугацаа олгосон байна.
Үүнээс хойш Трамп Ираны газрын тосны экспортын орлогыг таслан зогсоох зорилгоор тус улсын эсрэг тэнгисийн цэргийн бүслэлт тогтоожээ. Мөн завсрын сонгуулийн дараа Ираны эсрэг цэргийн ажиллагааг дахин эхлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн.
Пентагоны хамгийн сүүлийн тооцоолол нь Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийн долоодугаар сард танилцуулсан дайны зардлын 37.5 тэрбум ам.долларын дүнтэй харьцуулахад мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм.
Шинэчилсэн тооцоонд нислэгийн ажиллагаанаас эхлээд кибер дэмжлэг хүртэлх олон төрлийн үйл ажиллагааны зардлыг багтаасан. Гэвч Ираны пуужин болон нисгэгчгүй төхөөрөмжийн довтолгоонд өртөж, эвдэрсэн АНУ-ын цэргийн баазуудыг засварлахад шаардагдах асар их зардлыг хэрхэн тооцсоныг тодорхой тусгаагүй байна.