
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш ес дэх сонгуулиа зохион байгуулж, парламентаа бүрдүүлээд байна.
Сонгууль бүрээр л нам, эвсэл, нэр дэвшигчид тус бүрдээ элдэв уриа дэвшүүлдэгт бид дасжээ. Тэд бусдаасаа ялгарах, онцгой харагдуулах, бас намыг нь, хувь улстөрчийг нь илэрхийлэх урианы эрэлд хатдаг. Мөн ялсан нам, эвсэл ч хэрэгжүүлэх бодлогодоо заавал нэг “супер” нэр оноох гэж яддаг. Эдүгээ УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье”, Ерөнхий сайд Г.Занданшатар “Цэгцрэх хөдөлгөөн” өрнүүлж байна. Хаа явсан газраа эдгээр хөтөлбөрөө тэд сурталчилж буй.
Есөн сонгуулийн ард гарсан иргэд ч уриа, нэршлийн талаар арвин мэдлэгтэй болж, энэ тухайд хэлэлцүүлэг өрнүүлдэг. Гэвч өнөөх гоё уриа, нэршилтэй бодлого, мөрийн хөтөлбөр нь бодит болж, ард иргэд өгөөжийг нь хүртсэн үү гэвэл тун тааруу “дэнс” гарна. Сонгогчид ч үр дүнг нь ажил хэрэгчээр шүүмжилж, дүгнэдэггүй нь харамсалтай. Агуулга бус хэлбэрт анхаарал өгдөг ард түмэнтэй, уриа лоозонгоор тэдний анхаарлыг татдаг улстөрчидтэй улс болчхоод байна.
Уриа, нэршлээр дамжуулан сонгогчдын анхаарлыг татах маркетингийн шинжтэй ажиллагаа 2000 оноос хөгжиж эхэлсэн гэж үзэж болох нь. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн үеийн МАХН-аас Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхдээ өнөөдөр ч бидний санаанд хэвээр байгаа “Төрөө хямралаас гаргаж, түмнээ ядуурлаас аваръя” хэмээх уриаг дэвшүүлсэн. Түүний гол өрсөлдөгч болох АН-ын М.Энхсайхан “Авлигачдыг цээрлүүлье” хэмээх уриа сонгосон. Гэвч иргэд Н.Энхбаярыг сонгосон байдаг. Хожим Х.Баттулга “Монгол ялна” уриа дэвшүүлж, сонгуульд өрсөлдөөд Ерөнхийлөгч болсон.
2010 оноос хойш уриа, гоё нэршлийн хөгжил “оргил” үедээ хүрсэн гэж болно. Сүүлийн гурван сонгуулиар намуудын дэвшүүлсэн уриаг сонирхов. АН-ынхан 2016 онд “Ахиулан хийх ажил их”, 2020 онд “Монгол ялна”, сүүлийн өрсөлдөөнд “Бүтэн Монгол бүрэн ардчилал” гэсэн байна. МАНынхан “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө”, “Хөгжлийн төлөө хамтдаа”, 2024 онд “Ард түмний ялалт” хэмээн тунхагласан байх юм. “Монгол ялна” уриа нь олон нийтэд ихэд таалагдаж, Х.Баттулгыг Ерөнхийлөгч болгосон тул АН-ынхан “амтшиж”, 2020 оны сонгуулиар ахин хэрэглэсэн ч үр дүнд хүрсэнгүй. Харин энэ агуулгын Монгол гэснийг ард түмэн болгож өөрчлөөд МАНынхан хэрэглэчихсэн нь сонин.
2024 оны сонгуулиар Үндэсний эвсэл “Үндэстнээрээ баяжъя” гэжээ. ИЗНН-ынхан “Зоригтой бай”, Монголын социал демократ нам “Тэвчээрт хязгаар бий, одоо л шийд, биднийг зоригтой сонго” хэмээн “загнасан”. Иргэний хөдөлгөөний намынхан “Ялагдал үгүй мөнх орших ирээдүйн төлөө”, ХҮН намынхан “Өөрчилнө. Цаг нь болсон” хэмээжээ.
УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй хувь улстөрчдийн уриа бол бүр сонирхол татна, зарим нь элэг хатаана. 2016 оны сонгуульд тухайн үеийн МАХН-аас нэр дэвшсэн З.Баянсэлэнгэ “Би таны гэр бүлийн гишүүн” гэсэн дотно уриа дэвшүүлсэн нь өнөөдөр ч дурсагддаг. Ялангуяа цагаан сар дөхсөн эл өдрүүдэд “Манай гэр бүлийн гишүүн ирж буузаа хийхгүй юм болов уу” хэмээн сурагласан хүн цөөнгүй. Хэдийгээр эл бүсгүй дахин сонгогдож чадаагүй ч нээрээ л “дотно” уриа сонгожээ. Мөн онд УИХ-ын 52 дугаар тойрогт нэр дэвшсэн МАН-ын Б.Батзориг “Өрх бүрд хүндэтгэл үзүүлж, хөшөө босгоно. Өөдрөг амьдралын төлөө би зүтгэе” гэсэн байх юм. Тойргийн сонгогчдоо бүгдийг нь “цаазлаад”, хөшөө барьж өгөх гэсэн ч юм уу. 2008 оны сонгуулиар АН-ын Д.Нямхүү “Хайр. Дайн биш” хэмээх өвөрмөц уриатай нэр дэвшиж байлаа. Улс төрд хайр, дайн хоёр бас хамаатай байсан бололтой. Гэхдээ иймэрхүү уриа сонгогчдод нэг их хүрээгүй юм. Хэдийгээр сайн уриа сонгох нь санал авахын баталгаа биш ч анхаарал татах, сэтгэлд хоногшуулах “шидтэй” ажээ.

Сонгуулиар ийнхүү “алаан” болсоор ялсан нам Засгийн газраа байгуулна. Мөрийн хөтөлбөр, гол бодлогоо батална. Үүнд анхаарал татахуйц, гоё, тодорхой нэршил хэрэгтэй. Одоо бол нэр өгөх нь бараг үзэгдэл, жишиг болчихлоо. МАН-ынхан үнэмлэхүй олонхоор засаг барьж байхдаа буюу 2020 онд “Алсын хараа-2050” хөтөлбөр баталсан. Улс орны хөгжлийг урт хугацаанд төлөвлөнө гэлээ. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөр баталсан. 2024 онд хамтарсан Засгийн газар байгуулахдаа мөрийн хөтөлбөртөө “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэдэг гоё нэр өгсөн юм. Мөн 14 мега төсөл гэдэг үгийг бараг хэлд орж буй хүүхэд хүртэл цээжилтэл давтсан.
Түүний халааг авсан Ерөнхий сайд Г.Занданшатар 2026-2030 онд Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталж, үүндээ “Шинэ итгэл-эрс шинэтгэл” нэр хайрлаад байна. Мөн тэрээр дээр дурдсанаар, “Цэгцрэх хөдөлгөөн” өрнүүлж буй. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан “Гурван төгөлдөршил” хэмээх сонсголонтой нэршилтэй зорилтоо тунхаглаж байлаа. Парламентын спикер Н.Учрал “Чөлөөлье” санаачилгаа сурталчилж явна. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард МАНын даргаар сонгогдохдоо “Ардын нам ард түмэндээ эргэн ирлээ” гэсэн. Арван жил эрх барьж, амьдралаас тасарсан учраас бодит амьдралаас хэтэрхий холдсоноо ийнхүү ухаарсан бололтой юм.
МАН-ынхан сэргэлт, шинэчлэл, ирээдүй, хөгжил, эх орон гэх мэт сайхан үг сонгон хэрэглэх дуртай. Хамтдаа зүтгэнэ, хөгжинө гэсэн эдгээр өөдрөг, гэгээтэй үгс нь амжилт дагуулаад буйг сүүлийн арван жил олонхоор засаглаж байгаагаас нь харж болно.
Монголчууд өөдрөг, сайхан зүйлс рүү “тэмүүлдэг” ард түмэн болохоор чих баясгасан хүн, намд саналаа өгч орхидог байх нь. Татвар нэмэхгүй, харин хасна, хамтдаа хөгжинө, сэргэнэ, бадарна гээд байхаар амны билгээс ашдын билэг гэж бодох нь аргагүй.
Гэтэл АН-ынхан иймэрхүү сэргээх, сэтгэл зүйгээр тоглох тактик хэрэглэхдээ тааруу аж. Ажил хийе, ардчиллаа бүтэн болгоё гэх мэт “номхон” уриа сонгохоор яаж ч ялах билээ. Тэгвэл ялсан намаас дэвшүүлсэн гоё уриа, сайхан нэршилтэй хөтөлбөрүүдийнх нь үр дүн гарсан уу. Н.Энхбаярын тэртээ 21 жилийн өмнө дэвшүүлсэн урианы яг эсрэг нөхцөл байдалд бид өнөөдөр ирээд буй. Төр барьж буй нам нь дотроо талцаж, хоёр сарын турш улс орон, засаг төрийг хөлдөө чирлээ. Хямралаасаа тэд гарсан, эвлэрсэн гэж буй ч эрх мэдлийн төлөө дахин хагаралдахаас буцахгүй нөхцөлд байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн, бүлэглэлүүд өөрийн хүнээ дэвшүүлэхийн төлөө толхилцоно.
Засгийн газрын хоёрдугаар сарын 11-ний ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнийн гаргасан газар олгохтой холбоотой хоёр ч тогтоолыг хүчингүй болгов. Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого сэлтийг зөрчиж, өмнөх Засгийн газар сүүлийн хуралдаанаар хоёр тогтоол баталсан аж. Улмаар хилийн зурваст байрлах 10 боомт орчимд, улсын хилээс 900 метрээс 2.5 км зайд 34.2 мянган га газар олгох зөвшөөрлийг эдгээр тогтоолоор өгсөн гэлээ. Ийм шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцно хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдлээ. МАН-ын даргын сонгуулиас эхлэн тус нам дотор 1980, 1970 оны бүлэглэл үүсэж, сүрхий толхилцсондоо цэг тавьсан гэх нь худал болохыг эндээс харж болно. Тэгэхээр төрийн хямрал дуусахгүй нь. Ардчилсан тогтолцоотой болсон 36 жилийн 28 жилд нь МАН төрийн эрхийг барьж байна. Гэвч түмнээ ядуурлаас гаргасангүй. Улс орон хөгжөөд, эдийн засаг тэлээд байна л гэдэг ч бодит амьдрал өөдөлсөнгүй. Иргэд өрөөс өрийн хооронд амь зууж, олон аж ахуйн нэгж дампуурч буйг юу гэж тайлбарлах вэ. Татвар нэмэхгүй гэж амласан эрх баригчид эсрэгээрээ туйлдтал өсгөв. Хэчнээн хичээгээд ч өнөөх өндөр татварыг нь төлж барахгүй, аж ахуйн нэгжүүдийн өр хэдэн их наядаар хэмжигдэж буй.
МАН-ынхан зүтгэсэнгүй, хамтдаа ч хөгжсөнгүй. Харин эрх мэдэл, албан тушаалтай хэдэн хүн, түүний эргэн тойрныхон баяжих шиг боллоо. Олон жил хоосон гоё уриа, нэршилд хууртлаа. Улс төрийн намууд, улстөрчид сонгогчдын сэтгэл зүйгээр олон жил наадаж, шилний цаанаас чихэр долоолголоо. Тэд сонгуулийн маркетинг хийж, брэндингээ үүсгэж байна. Бидний мэдрэлээр наадсаар удлаа. Бусад улс оронд ч улстөрчид уриа, нэршил хэрэглэдэг. Гэхдээ тэдний популизм бага, агуулга нь гүн байдгаараа манайхаас ялгагдана. Манайд агуулгагүй, хоосон хэлбэр нь хэрээс хэтэрчээ. Хорь гаруй жил хэлбэрт хууртлаа. Одоо улс төрийн намуудын амлалт, мөрийн хөтөлбөр, бодлогын агуулгад анхаарч, хэрэгжилт, үр дүнд нь сэтгэлээ чилээх цаг иржээ. Поп улстөрчдийг даган баясах биш, хэрсүү байж, хяналтаа тавих “мэдрэхүйгээ” сэргээе, монголчууд аа.
С.Туул