Манай сонин гуравдугаар сарын 14-ний өдрийн дугаартаа ХӨСҮТ-ээс хийсэн сурвалжлагад улаанбурхан өвчнөөр найман хүүхэд эндсэн тухай мэдээлж байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо 10 гарчихжээ. Тээж төрүүлсэн үрээ алдана гэдэг тэсч, тэвчиж барахгүй зовлон байх нь гарцаагүй. Харамсалтай нь цаашид ч хэчнээн ээж, аавын элгийг эмтэлж энгэр нь эзгүйрэхийг хэлж мэдэхээргүй нөхцөл байдалтай байна. Тиймээс нэмж хүүхэд эндэх вий гэсэн айдас, өвчний тархалт буурах хандлага байгаа болов уу гэдэг горьдлого тээсээр ХӨСҮТ-ийг дахин зорилоо. Хэвлэлээр улаанбурханы тархалтыг хяналтаасаа алдсан гэж мэдээлж байгаа. Харин үүнийг тус эмнэлгийн удирдлага хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ өдөрт тус төвд улаанбурханы шинж тэмдэг бүхий 350-400 хүн хандаж, 50-60 нь хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн. Энэ тоо улаанбурханы  тархалт хэр байгааг илтгэх  баримт биз ээ. Түүнчлэн Монгол Улсад бусад халдварт өвчин устаад, ганцхан улаанбурханаар хүмүүс өвчлөөд байна уу гэмээр нөхцөлд ХӨСҮТ ажиллаж байна. Эмнэлгийн хашааны үүдэнд байрлах нэг байрны ар, баруун талын хаалгуудыг бүгдийг нь зөвхөн улаанбурханыг оношлоход зориулжээ. Менингит, гахайн хавдар, салхинцэцэг, вируст хепатит гэсэн бичигтэй хаалганд ч улаанбурхантай өвчтнүүдийг хүлээн авч байв. Эмнэлгийн цонхон дээр өвчний тархалт их байгаа учраас олуулаа бөөгнөрч зогсохгүй байх, мөн амны хаалт зүүхийг анхааруулсан бичиг наажээ. Хүмүүс олноор бөөгнөрөхөөс сэргийлж байгаа бололтой, нөгөө талаас дугаарлан зогсох олон хүнийг зохицуулахаар эмнэлгийн ажилтан гадаа ажиллаж, тэднийг нааш цааш нь хуваарилж байв. Халдварт өвчний тархалтын  үед өвчтнийг үзэх өрөө тасалгаа нь гаднаас шууд ороод буцаж гарах зохион байгуулалттай байдаг. Тиймээс бусад клиник шиг шууд хүлээн авахаар орж үйлчлүүлэх боломжгүй гэдгийг тайлбарлаж байлаа. Эмчид үзүүлэхээр дугаарлах хүмүүсийн дунд нялх нярайгаас эхлээд сургуулийн сурагч, оюутан, насанд хүрэгсэд гээд бүх насныхан байлаа. Олзуурхууштай нь өндөр настан харагдсангүй. Хөл дээрээ зогсч чадахгүй шахам эрийг түшсээр эмчийн өрөөнд оруулаад буцаж гарч ирсэн бүсгүйтэй хэсэг ярилцав. Түүний нөхөр нь 33 настай, долоо хоног маш өндөр халуурсан учраас явж чадахаа байсан гэж байв. Энэ хугацаанд гурван удаа түргэн тусламж дуудаж үзүүлжээ. Дуудлагаар очсон эмч, “Тууралт бага байна, гайгүй” гээд  тоохгүй, эм бичиж өгөөд явсан гэнэ. Эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлмээр байна гэхэд ийм бага тууралттай хүнийг авахгүй гээд хавьтуулаагүй аж.  Мөн "Хөвсгөл аймагт байдаг 25 настай хамаатныг маань Цагаан сарын өмнөхөн яг ингэж буцаасаар байтал хүндэрч нас барсан. Улаанбурхан хүндрэхээр бүх бие нь хөх няц болчихдог юм байна лээ.  Нөхрөө тийм болчих вий гэж айж байна" гэж нулимс цийлэгнүүлэн ярив. Түүнчлэн дугаарлан зогсох хүмүүс “100, 450-491 дугааруудад залгахаар ерөөсөө утсаа авдаггүй. Утас авсан хүний харилцаа муу, элдэв үгээр дайрч доромжилж байсан” гэх зэргээр гомдоллож байв. Мөн улаанбурханаас сэргийлэх ажлыг компаничилсан байдлаар зохион байгуулж, вакцинаа яаралтай хийх хэрэгтэй. Халдвараас өөрийгөө сэргийлэх, гэр бүлийн гишүүд нь өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах зэрэг мэдээлэл дутмаг байна. Миний охин 33 дугаар сургуульд сурдаг. Ангийнх нь зургаан хүүхэд улаанбурханаар өвчилсөн. Нэмж хүүхэд халдварлахгүй гэсэн баталгаа байхгүй. Тэгэхээр тархалт их байгаа ийм үед сургууль, цэцэрлэгийг түр хааж болохгүй юү  гэх зэргээр үг дайж байлаа.

Есөн сар хүртэлх хүүхэд нийт өвчлөгсдийн 11 хувийг, харин 18-30 насныхан  62 хувийг эзэлж байна

Д.Нямхүү: Вакцин хийлгээгүй л бол халдвар авна

Одоо яах вэ. Энэ асуултыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд тавилаа. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард ажлаас нь халсан юм. Гэвч шүүхээс үндэслэлгүй халсан гэж үзэн хуучин ажилд нь буцаан томилох шийдвэр гаргасны дагуу тэрээр өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт ажлаа хүлээн авсан байна. Түүний яриаг хүргэе. -Би ажлаа хүлээн авмагцаа Эрүүл мэндийн яаманд очиж уулзалт хийсэн. Энэ уулзалтаар яаралтай вакцин захиалж 18-30 насныхныг хамруулах нь нэн тэргүүний ажил байх ёстой гэдэгт санал нэгдсэн. Тиймээс Засгийн газарт нөхцөл байдлаа танилцуулж 948 сая төгрөг олгох тогтоол батлуулж авлаа. -Энэ мөнгөөр юу хийх вэ? -Дэлхий нийтээр улаанбурхан өвчнийг вакцинаар л хамгаалж, тогтоон барьж байгаа. Тиймээс энэ мөнгийг 18-30 насны иргэдийг вакцинжуулахад зориулах юм. -Яагаад зөвхөн 18-30 насныхныг вакцинд хамруулж байгаа вэ? -Шинэ төрсөн хүүхдэд есөн сар, хоёр настайд нь улаанбурханы вакцин хийдэг. Тиймээс одоогийн байдлаар вакцины насанд хүрээгүй есөн сар хүртэлх нярай, мөн өмнө нь дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй дунд насныхан илүү өвчилж байгаа юм. Бидний судалсанаар, есөн сар хүртэлх хүүхэд нийт өвчлөгсдийн 11 хувийг, харин 18-30 насныхан  62 хувийг эзэлж байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 70 гаруй хувь нь энэ хоёр насныхан байгаа биз. Тиймээс эхний ээлжид 18-30 насныхныг дархлаажуулалтад хамруулъя гэсэн.  -Цаашид өвчний тархалтыг бууруулахын тулд яах ёстой вэ? -Дархлаажуулалтад л хамруулж байж өвчлөл буурна. Шинээр төрсөн хүүхдээ вакцинд хамруулдаггүй, хайнга эцэг эх олон байна. Уг нь тэд иргэний үүргээ биелүүлээд бүрэн хамруулчихсан бол 18-30 насныхан ингэж олноор халдварлахгүй. Ер нь вакцин хийлгэсэн байдлыг харахад 90-95 хувийн хамрагдалттай байна. 1995 оноос хойш жил бүр вакцинд хамрагдаагүй таван хувьд багтах хүмүүс цугларсаар байгаад дархлаажуулалтгүй хүний бүлэг үүсчихэж байгаа юм. Одоо бол тэд л халдвар аваад байна. Вирусийн довтлох, халдварлах чадвар нь маш өндөр. Халдвартай хүн чиний дэргэд суугаад босоход л вирус халдварлана. Бас вирус маш “ухаантай”. Вакцин хийлгээгүй л бол хэн ч түүнийг найрч, аргалж, зугтаж бултах боломжгүй. Тэгэхээр вакциндаа л сайн хамрагд. Вакцин хийлгээгүй байсны уршиг өнөөдөр биш гэхэд дараа жил, таван жилийн дараа гарч байгааг  ухаарах хэрэгтэй. Одоо ирэх вакцинд 18-30 насныхан өөрсдөө гүйж очоод хамрагдах хэрэгтэй. ХӨСҮТ хүнээ олж, араас нь хөөцөлдөж хамруулна гэвэл нэмээд л бөөн зардал мөнгөөс эхлээд асуудалтай.  -Нэгэнт өвчилсөн, эмнэлэгт хэвтэхээс аргагүй байдалд байгаа өвчтөнд үзүүлэх эмийн хүрэлцээ, төсөв мөнгө байгаа юу?  -2016 он талдаа ч ороогүй байгаа болохоор одоогоор төсөвлөсөн мөнгө  байна. Харин жилийн эцсээр л төсөвгүй болох магадлалтай гэв.

Суурь өвчтэй, зүрхний гажиг, дауны өөрчлөлттэй, вакцин хийж болохгүй эсрэг заалт бүхий төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд халдварт өртөж нас барах нь элбэг байна

Хүүхдийн нас баралтын шалтгааныг суурь өвчин рүү чихсээр байх уу

Улаанбурханаар 12 хүүхэд нас барсан нь үнэн үү гэхэд Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг “Улаанбурханаар хүүхэд нас барж байгаа нь үнэн. Гэхдээ тоо хэлэх боломжгүй. Ямар шалтгаанаар нас барсан нь шинжилгээний хариу гарсны дараа тодорхой болно. Ер нь суурь өвчтэй, зүрхний гажиг, дауны өөрчлөлттэй, вакцин хийж болохгүй эсрэг заалт бүхий төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд халдварт өртөж нас барах нь элбэг байна” гэдэг хариулт өгөв. Хүүхдийн нас баралтыг суурь өвчин рүү “чихэж” өөрсдөөсөө зайлуулж байгаа нь илт. Гэлээ гээд  эмнэлгийнхэнд буруу өгөх аргагүй. Эрүүл мэндийн салбар нь эзэнгүй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй, урсгал дагаж хөвж байхад өвчний голомтод ажиллаж байгаа эмч нарыг буруутгаж зүрхлэхгүй нь. Улаанбурханы халдварыг өнгөрсөн оны гуравдугаар сард гадаадад сурдаг оюутан амралтаараа ирэхдээ тараасан гэдэг. Жил гаруй хугацаанд вакцины төсөв мөнгөө шийдээд иргэн бүрийг  дарлаажуулчих боломжтой байсан. Гэвч тэгж чадсангүй. Иргэддээ ээлгүй төрийн “буян”-аар олон хүн амиа алдсан хойно одоо л цочроо авч байх шиг. Ийм оронд амьдарч байгаа хүн эрүүл мэндээ эмнэлэг, эмчид даатгах арга ч алга. Тиймээс хувь хүн өөрөө аль болох өвчнөөс урьдчилан сэргийлж, халдвараас хамгаалах нь зүйтэй санагдсан. Тэгээд ч ХӨСҮТ-ийнхэн “Болж өгвөл ХӨСҮТ рүү бүү зүглэ” хэмээн  анхааруулж байна. Тус эмнэлэгт өдөрт 400 орчим хүн хандаж, 50-60 нь эмнэлэгт хэвтэж байгаа гэдгийг дээр хэлсэн. Магадгүй таны онош улаанбурхан биш байсан ч халдвартай хүмүүстэй хамт байснаас вирусийг нь тээгээд буцах магадлал их. Тиймээс аль болох өвчний шинж тэмдэг илэрмэгц хороо, дүүргийн эмнэлэгтээ хандаж дэглэм сайн барьж, гэртээ эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй.  Гэрээр эмчилгээгээ зөв хийчихвэл  халдвар тараахгүй, гадуур явж нэмж халдвар авахгүй гэж тэд зөвлөж байна. Бие дээр тууралт гардаг найман төрлийн халдварт өвчин байдаг. Үүнийг анхан шатны эмнэлэгийн эмч нар сайн ялгаж, оношийг тодруулалгүй тууралт гарсан болгоныг халдварт руу явахыг зөвлөж байгаа нь ХӨСҮТ-д  дараалал үүсгэж, халдварыг улам тараах үндэс болж байгааг ч хэлж байв.  ХӨСҮТ 530 ортой байтал өнөөдөр 720 орчим өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа тул аргагүй хүндэрсэн хүмүүсийг л хэвтүүлж байгаа.  Мөн халдвартын мэргэжил эзэмшсэн цөөн хэдэн эмчтэй, тэд амралтгүй ажиллаж байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд халдвартын дуудлага авдаг 100 дугаарын утсанд дуудлага өгсөн өвчтөнд очих ганцхан машинтай, халдвар их байгаа учраас дахин нэг машин нэмж явуулж байгаа.  Өмнө нь долоон эмч хонож ажилладаг байсан бол  одоо 14 эмч хонодог болсон. Хаанаас ч хамаагүй эмч авчраад ажиллуулах боломжгүй, халдвартын мэргэжил эзэмшсэн тоотой хэдхэн эмчтэй  гээд аль, аль талд бэрхшээлтэй асуудал их байгаа нь илэрхий. Манай улс улаанбурхан өвчний тархалтыг бүрэн зогсоосон гэдэг батламжийг 2014 оны зургадугаар сард гардан авсан. Бүрэн устаад байсан энэ өвчин харин одоо хяналтаас гарчээ.

М.Алтанцэцэг