Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг Covid-19 өвчлөлийн дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиуд сургалтын цахим хэлбэрт шилжсэнээр олон мянган багш, эрдэмтэд лекц, семинарын материалаа цахим болгон суралцагчдад илгээх, даалгавраа эргүүлэн авах зарчмаар ажиллаж байна.

Хорио цээрийг 3 дугаар сарын 30 хүртэл сунгаад байгаа бол орон нутагт дахь суралцагчдын интернетийн бололцооноос хамааран ихэвчлэн гар утаснаас цахим сургалтад оролцож байгаа нь санхүүгийн хүндрэл учруулж, хичээлдээ хамрагдах боломжийг хязгаарлах нөхцөл болоод байна.

Иймд Монгол Улсын Их сургуулиас хорио цээрийг сунгасан энэ үед суралцагчдад сурах боломжийг олгохын тулд их сургуулиудын удирдлагын систем (МУИС-ийн хувьд http://sisi.num.edu.mn) болон хичээлийн видео байршуулсан серверт 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хандахад үүрэн холбооны дата хэрэглээг үнэ төлбөргүй болгох уриалга гаргажээ.

Үүрэн холбооны компаниуд улс орны өмнө тулгарсан онцгой нөхцөл байдлын үед нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын Их Сургуулиас гаргасан уриалгыг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн БСШУСЯ-наас мэдээлжээ.