Та урьд нь хэт холын уулын жимийн гүйлт гэж сонсож байсан уу. Харьцангуй залуу спортын төрөл ч сүүлийн жилүүдэд олон улсад ихэд дэлгэрээд буй хэт холын уулын жимийн гүйлтээр хичээллэх монгол залуус багагүй болжээ. Тус сонирхолтой спортын талаар Монголын хэт холын зайн уулын жимийн гүйлтийн холбоо (Mongolian Ultra Trail Runners' Association) тэргүүн, олон улсын хэмжээний мастер Д.Ганбаттай ярилцлаа. Тэрбээр багш мэргэжилтэй ч долоон жилийн өмнө тэтгэвэртээ гарч, гүйлтээр тасралтгүй хичээллэж эхэлсэн юм. Урьд нь бусад залуусийн л адил дулааны улиралд алдаг оног гүйдэг байсан тэрбээр эрчимтэй гүйж эхлэхээс хойш 20 гаруй кг илүүдэл жингээ хаяж, амьдралдаа олон эерэг өөрчлөлтийг гаргасан байна.
-“Хэт холын зайн уулын жимийн гүйлт” гэхээр их сонирхолтой санагдаж байна л даа. Тус спортын тухай дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Хэт холын уулын жимийн гүйлтийн спорт, тэр дундаа “ууланд гүйх” гэдэг нь манайханд харьцангуй шинэ ойлголт. Монголчуудад их содон сонсогддог байх. Ууланд хүн алхдаг болохоос яахаараа гүйдэг юм гэж их асуудаг. Ууланд гүйнэ гэхээр зарим хүмүүсийн ой тойнд ч буухгүй тохиолдол байдаг. Хэт холын уулын жимийн гүйлтийн спорт анх баруун европын Франц, Итали, Испани зэрэг орнууд болон АНУ-д 1990-ээд оны дунд үеэс үүссэн. Одоо бол эд идэвхтэй үе дээрээ яваа спортын төрөл. Манайхаас бусад орнуудад олон улсын тэмцээнүүд тогтмол болдог.
-Хэт холын зайн уулын жимийн гүйлт нь бусад гүйлтийн төрлүүдээс юугаараа ялгаатай юм бэ?
-Гүйлтийг дотор нь ойрын болон дундын зайн, марафон, хэт холын зайн гүйлт гэж ангилдаг. Бүтэн марафон гүйлтийн албан ёсны зай 42 км, 195 метр байдаг. Хагас марафон гүйлт 21 км. Бүтэн марафон гүйлтээс илүү зайнд гүйхийг л хэт холын зайд гүйх гэж нэрлээд байгаа юм. Хэт холын зайн гүйлтэд доод тал нь 50 км-аас 160 км хүртэл өсдөг. Хэт холын зайн гүйлтийг дотор нь хоёр янзаар ангилдаг. Зайн болон хугацааны. Хугацааны төрөлд 12, 24, 48, 72, 144 цаг гүйх гэх зэргээр орно. 144 цаг гэдэг нь зургаан өдрийн гүйлт гэсэн үг юм. 240 цагийн буюу 10 өдрийн гүйлт ч гэж бий. Манай холбооны хувьд аль алийг нь барьж явдаг. Манайд 12, 24 цагийн хэт холын зайн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн гэж жил бүр болдог. Улсын аваргын рекорд эзэмшдэг, өндөр амжилт үзүүлсэн тамирчид манай холбоонд бий. Цаашдаа 12, 24 цагийн гүйлтийг өргөжүүлж 48, 72 цагийн гүйлтийн тэмцээн явуулахаар төлөвлөгөөнд тусгачихсан байна.
-Танай холбоо хэзээ үүсгэн байгуулагдсан бэ?
-Монголд хэт холын уулын жимийн гүйлтийг хөгжүүлье гэдэг зорилгоор хоёр жилийн өмнө "Би Гүйгч Монгол" ТББ, “I Run Mongolia” клубыг байгуулж байсан. Өнгөрсөн хугацаанд клубын үйл ажиллагаа ч нэлээд идэвхжиж, 2019 оны шилдэг клубээр шалгарсан. Одоогоор 5600 гаруй дэмжигч гишүүдтэй. Мэргэжлийн түвшинд жилийн дөрвөн улирлын турш байнгын бэлтгэлтэй байдаг 20-30 гаруй тамирчин бий. Монголын хэт холын уулын жимийн гүйгчдийн холбоог байгуулах болсон олон шалтгаан бий л дээ. Тэдгээр шалтгааны нэг бол олон улсын чансаа олгодог цуврал тэмцээнүүдэд тамирчдаа оролцуулах. Монголын чансаа өндөр, ирээдүйтэй тамирчдыг олон улсын цувралд хамруулж, монголын нэрийг гаргах юм.
-Хэт холын зайн уулын жимийн гүйлтийг хүмүүс яагаад сонгодог юм бол?
-Хэт холын уулын жимийн гүйлтээр хичээллэж эхэлсэн сүүлийн хэдэн жилийн хугацаанд судалж үзэхэд Бүтэн марафон гүйлтийн 42 км-ын зай гэдэг бол хэр баргийн хүн туулчихаар тийм амархан зам биш л дээ. Харин бүтэн марафоны зайгаа олон удаа туулчихсан гүйгчийн хувьд илүү их адал явдал, бэрхшээлийг хүсэж таарна. Тиймээс ч гүйгчид дахин шинийг мэдэрч, өөрийн амжилтыг ахиулахын тулд хэт холын гүйлтийг сонирхож эхэлдэг. Тэмцэл дундаас бий болсон хүмүүс үргэлж өөрийгөө хөгжүүлж, бэрхшээлтэй тулгарах тусам түүнээсээ кайф авдаг болчихдог.

-Сүүлийн жилүүдэд иргэд ууланд алхах, авирах зэргээр эрүүл мэнддээ анхаардаг болжээ. Алхахын ач тус тун их гэдэг шүү дээ?
-Тав зургаахан жилийн өмнө цэцэрлэгт хүрээлэнд хэдхэн хүн л гүйж яваа харагддаг байлаа. Одоо харин амралтын өдрөөр багталцахгүй шахуу хүмүүс гүйдэг болж. Биднийг анх ууланд гүйж эхэлж байхад гурав дөрвөн хүн л гүйдэг байсан бол одоо тогтмол гүйдэг, сонирхох хүмүүс өдөр өдрөөр нэмэгдэж байна. Энэ нь эрүүл мэнддээ санаа тавьж эхэлж байгаагийн нэг илрэл юм. Ууланд алхах гэдэг нь их олон давуу талтай. Хамгийн наад захын жишээ нь ууланд ямар ч стресс байдаггүй. Ууланд алхахад өөрийн эрхгүй баяр хөөр төрж, аз жаргалын гормон ялгарч байдаг. Зүрх судасны үйл ажиллагаа ч эрс сайжирна. Ууланд гүйдэг тамирчдыг нэг ялгаа нь зүрхний ачаалал даах чадвар, хөлийн булчингийн хөгжил ч энгийн хүмүүсийнхээс илүү болдог. Ууланд алхаж, гүйх нь ерөөсөө л үнэгүй эм гэсэн үг л дээ.
-Гэвч ууланд алхаж байгаа хүмүүсийг ажиглаад байхад буруу хувцасласан харагддаг. Энэ талаар ямар зөвлөгөө өгөх вэ?
-Алхаж, гүйж байгаа хүний биеийн дотор темпратур өсөөд ирэх үед хөлс их ялгардаг. Тиймээс ууланд алхаж, гүйж байгаа бол хувцасаа маш сайн тохируулах хэрэгтэй юм. Зориулалтын, амьсгалдаг, алхалт, гүйлтийн хувцас өмсөх хэрэгтэй. Пүүз, гүйлтийн өмд, цамц, салхины куртик гэх мэт. Хувцасаа тохируулж өмсөөгүйгээс болж эрүүл мэндийн асуудалтай ч болж болно. No cotton in sports гэх хэллэг бий. Спортын ямар нэгэн төрлөөр хичээллэж байгаа бол хөвөн даавуун материалаас заавал зайлсхийх шаардлагатай. Манайхан цэвэр даавуу гэж их буруу яриад сурчихсан юм. Спортод бол нийлэг, синтетик, полистер материалтай, спортын зориулалтай хувцас өмсөх хэрэгтэй. Хөвөн даавуу ус сайн шингээдэг шүү дээ. Тиймээс хөвөн даавуун хувцас хөлсийг сайн шингээж авах ч эргээд амьсгалдаггүй учир хатаадаггүй. Уулын орой дээр гараад жаахан даарахад эргээд хайрдаг. Энэ нь хатгалгаа авах, ханиад хүрэх үндэс болж байгаа юм. Алхаж байхдаа сөдөн куртик гэх мэт зузаан хувцаснууд өмсөх нь хамгийн буруу. Аль болох хөнгөн шингэн, хөлс гаргахгүй явах нь л чухал. Ууланд алхаж, гүйж, аялаж байгаа тохиолдолд олон давхар нимгэн хувцас өмсөх нь зүгээр. Халууцаад байвал тайлчихна. Даарвал буцаагаад өмсчихнө. Муу цаг агаар гэж байдаггүй. Муу хувцас л гэж байдаг гэж үг бий шүү дээ.
-“I Run Mongolia” клубын үйл ажиллагаанд сонирхсон хүн бүр хамрагдаж болох уу?
- Манай “I Run Mongolia” олон улсын клубын зарчмаар үйл ажиллагаа явуулахыг зорьдог. Гишүүддээ үйлчилдэг, гишүүнчлэлээрээ санхүүждэг, олон улсын уралдаан тэмцээнд оролцдог, нийгмийн хариуцлагийн хүрээнд нийтийн эрүүл мэндэд анхаардаг, иргэдийн эрүүл мэндийн дээшлүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх хүрээнд үйл ажиллагаа тогтмол явуулдаг. 7 хоногт дөрвөн удаа гүйдэг. Амралтын хоёр өдрөөр нийтийн гүйлт хийдэг. Хагассайнд цэцэрлэгт хүрээлэнд, бүтэнсайнд ууланд. Хагассайн өдрийн нийтийн гүйлтэнд ирсэн хүн бүрийг манай дасгалжуулагч багш нар зааж, зөвлөөд дагаж гүйдэг болохоор манай клубд хандаж ирэх нь их байдаг санагдсан. Манай клубт хүссэн хүн бүр элсэх боломжтой. Бид эхлэн гүйгч, тамирчид гэж хоёр ангилдаг. Хүмүүс болохгүй, чадахгүй гэх бодлоо л дийлж чадахгүй, хойш суугаад байдаг юм шиг санагддаг. Харин гүйгээд эхлэхээрээ маш ихээр татагддаг. Илүүдэл жинтэй ч юмуу, гүйхийг хүсдэг хүмүүс гүйлт хамгийн их калори шатаадаг, хамгийн сайн тураадаг гэдгийг мэддэг ч яаж, хэзээ гүйж эхлэхээ мэддэггүй, эхэлж чаддаггүй. Эхлэнэ гэдэг чинь л амжилт гаргахын үндэс. Гүйгээд эхэлсэн байхад мэдрэгдэх бодит ач тус маш их. Гүйлт олон сая хүний амьдралыг өөрчилсөн. Минийхийг ч мөн адил. Гүйж сурах нь хурдан, удаандаа биш л дээ. Ерөөсөө л өөртэйгөө тэмцэж буй үйл хэрэг юм. Марафонд нэг удаа гүйчихсэн байхад амьралдаа дурсамжтай том үйл хийчихлээ л гэсэн үг. Гүйдэг хүмүүсийн зуршил амьдралд нь эерэгээр нөлөөлж эхэлдэг нь нүдэн дээр л ил байдаг. Стресстэй, илүүдэл жинтэй, амьдралын зовлон зүдгүүртэй байсан хүн гүйхээд ирэхээр тайван, нуруутай, асуудалд бууж өгдөггүй дайчин шинж чанаруудтай болчихдог. Нэг үгээр манай клубт аөрийгөө өөрчилье, хөгжүүлье гэсэн хүсэлтэй хэн ч хандаж болно.
-Одоо өвлийн улирал тохиож байна. Тамирчдын хувьд өвөл гүйх хэцүү байдаг уу. Бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?
-Ууланд гүйдэг тамирчдын нэг онцлог нь байнгын бэлтгэлтэй байх шаардлагатай. Чиний өрсөлдөгч жилийн дөрвөн улирал бэлтгэл хийж байхад чи зургаан сар бэлтгэл хийчхээд өрсөлдөнө гэж байхгүй. Хүйтний улиралд бэлтгэл хийх хэцүү нь хэцүү. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд өвлийн улиралд хүчний бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Тиймээс энэ үеүдэд гүйхээс илүү хүчний бэлтгэл хийхийг зөвлөдөг. Гүйгчдэд том булчингаас илүү чанартай, уян хатан булчин хэрэгтэй байдаг. Муу, сул булчинтай хүн гүйж болох ч өндөр амжилт гаргадаггүй. Манайхны сэтгэхүйд нэг айдас бидний сэтгэхүйд байгаа юм. Тэр айдас нь ийм хүйтэнд яаж гүйх вэ гэх бодол. Айдсаа даваад, хувцасаа тохируулчих л юм бол хүйтэнд гүйх нь тийм ч боломжгүй зүйл бол биш. Агаарын хэм -20 хэмээс доош буюу үүнээс хүйтэн үeд гадаа гүйхийг зөвлөдөггүй. Хүйтэн агаар уушги, улаан хоолой зэрэгт халтай байдаг. Өвөл гүйж байгаа тохиолдолд зайлшгүй амны хаалт зүүх хэрэгтэй.
-Таны гүйлтээс авдаг хамгийн сайхан мэдрэмж юу вэ?
-Гүйгээд дуусахад үгээр илэрхийлэхийн аргагүй тийм сайхан мэдрэмж төрдөг. Хичнээн олон цаг гүйгээд ядарчихсан, хөл, гар өвдчихсөн, өлсчихсөн хэрнээ л баяр баясал төрөөд байдаг. Зүрхний цохилт өндөрсөж, амьсгаа давхцаад, булчин зангирчихсан, яадгаа алдан гүйж байхдаа ч тархиндаа би зогсож болохгүй гэсэн команд өгчихөөд түүндээ хөтлөгдөн гүйнэ. Харин орой дээр гараад ирэхэд юун өвчин зовлон. Тэр мэдрэмж л хамгийн сайхан даа. Гүйхийн ач тус маш их боловч нэг л сул тал бий. Гүйлт хүнийг донтуулдаг. Гүйхэд авдаг тэр гоё мэдрэмжийг дахин дахин авмаар санагддаг даа.
-Танай холбооноос анх удаа уулын жимийн гүйлтийн тэмцээн зохиохоор төлөвлөөд байгаа гэсэн. Хэзээ болох вэ?
-Монголын хэт холын уулын жимийн гүйгчдийн холбооноос жилд хоёр удаа “Khadat Trail” тэмцээнийг зохион байгуулахаар болоод байна. Цаашдаа олон улсын тамирчдыг урьж ирүүлэх, 50км, 70кмын хэт холын уулын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах зорилготой. Тэмцээн хоёрдугаар сарын эхээр болох байсан ч улс даяар зарласан карентины улмаас гуравдугаар сард болохоор хойшлуулсан. Эхний тэмцээн өвөл болж буй учраас хүйтэнд олон цагаар гүйх тохиромжгүй. Тиймээс бид дунд зай буюу 10, 21 км гэсэн төрлөөр, эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр ангилалд тэмцээнээ зарлаад байна. Хаана болох тухайд гэвэл бид Бэлх зуслангийн “Khadat Villa” шинэ хотхоны орчимд бид тэмцээн болох шинэ тойрог зам гаргасан. Улаанбаатарт алхаж, гүйж болох нэг зам шинээр нээгдэж байна л гэсэн үг л дээ. Тэнд хүмүүс очиж чөлөөтэй алхаж, гүйж болно. Хүүхэд чаргаар гулгахад тохиромжтой хэд хэдэн газар бий. Гүйлтийн замаас гадна хүмүүс алхалт хийх боломжтой. Тэмдэг, тэмдэглэгээ бүхий зам гаргасан байгаа учир төөрөх зэрэг ямар нэгэн асуудал гарахгүй.
