Хүний амьдралын утга учир, аз жаргал бол хүүхэд. Өхөөрдөм бяцхан үрээ харах бүрийд хайр хүрч, орчлонгийн хамаг зовлон гунигийг мартах шиг болдог гэж олон хүн ярьдаг. Хүүхэд гэр бүлд халуун дулаан уур амьсгал төрүүлж асар том орон зайг эзэлж, баяр баясгалан, гэрэл гэгээ авчирч амьдралд өнгө будаг нэмдэг. Тиймээс ч хүүхэд бол бурхны бэлэг гэж тодорхойлдог. Гэтэл бурхнаас бидэнд өгдөг энэ гайхамшигтай бэлгийг авч чаддаггүй хүмүүс бий.
Өнөөгийн нийгэмд олон шалтгааны улмаас үргүйдэл бий болсоор байна. Хүсээд ч хүүхэд заяадаггүй, эсвэл эхнэр нөхөр хоёрын аль нэг нь үр тогтоох боломжгүй гэх мэтчилэн олон асуудлаас болж үрийн зулай үнэрлээгүй гэр бүл цөөнгүй. Тэд гэр бүлээ хадгалж үлдэхийн тулд ямар нэгэн арга замыг эрж хайдаг. Үүнтэй холбоотойгоор залуу хосууд эдийн засгийн боломждоо тулгуурлан үр хүүхэдтэй болох хэд хэдэн аргыг хэрэглэж байна. Үүний нэг нь тээгч эх хөлслөх. Тээгч эх хөлсөлж үрийн зулай үнэрлэх хүсэлтэй гэр бүлийн хүслийг биелүүлэх замаар тээгч эх болж мөнгө олох хүсэлтэй хүмүүс ч бий. Тээгч эх нь хосуудын эр, эм эсийг биедээ суулгаж, биологийн эх болох үйлчилгээ юм.
Саяхан интернэтээс нэгэн зар олж уншлаа. “Тээгч хайж байна” хэмээн утасны дугаар байршуулжээ. Энэ дугаарт утас цохилоо.
- Зарын дагуу ярьж байна. Тээгч эх бүртгэж авна гэсэн үү?
- Тийм ээ. Өөрөө хэдэн настай вэ.Хүүхэд төрүүлж байсан уу. Өөрөөрөө хүндрэлгүй төрсөн үү?
- Нэг хүүхэдтэй. Өөрөөрөө хүндрэлгүй төрсөн.
- Болж байна. Биеийн өндөр, жин хэд вэ?
- 160 см, 50 кг жинтэй. - Яг сайхан боломжийн юм байна. Манайх Европ, Өвөр монгол руу тээгч эх зуучилдаг. Европод тээгч эх болоход 100-120 сая, Өвөр монгол руу тээгч эх болбол 20-30 сая төгрөг байдаг. Өөрөө аль улс руу тээгч эх болох сонирхолтой байгаа вэ?
- Монголдоо байж болохгүй юм уу?
- Өө, Монголд тээгч эхийн үнэ уначихсан. 10-15 сая төгрөг л гэдэг. Гэхдээ асуудал ихтэй. Харин гадаад руу үнэлгээ нь өндөр дажгүй шүү дээ. Тэгээд ч тэндээ байрлаад төрчихөөд ирдэг болохоор амар. Гол нь манайх татлаа, түтлээгүй л хүн бүртгэдэг. Тэгэхгүй бол хэцүү байдаг юм. Манайд одоо Германаас их санал ирж байгаа. Германд тээгч эх болоход 100 сая төгрөг.
- Би герман хэл огт мэдэхгүй. Очоод хүндрэл гарах болов уу?
- Зүгээр ээ, эхний ээлжид орчуулагчтай эмнэлгээр хамтдаа явна.
- Танайх зуучлалын хөлсөнд хэдэн хувийг нь авах вэ?
- 30 хувийг нь зуучлалын хөлсөнд авдаг.
- Германд тээгч эх болохоор 100 сая төгрөгөөр тохирлоо гэхэд 30 саяыг нь өөрт чинь өгөх нь ээ?
- Үгүй ээ, 100 сая төгрөгөөр чамтай тохироод чамаас 15 хувь тухайн гэр бүлээс 15 хувийг авдаг. Аль ч улсад тээгч эх болсон ийм зарчмаар мөнгөө тохирно.
- Танайд бүртгүүлээд тээгч эхээр гадагшаа яваад эргэж ирсэн хүмүүс олон байгаа юу?
- Байгаа. Одоо ч бүртгэлтэй цөөнгүй хүн байна.
- Бүртгүүлээд сонгогдох магадлал хэр байдаг бол?
-Үнэ ханшаа яаж бичихээс болно. Хэтэрхий өндөр үнэ бичвэл сонгох магадлал бага. Бид сонирхож байгаа улс руу чинь бүх мэдээлэл, анкетыг чинь орчуулаад явуулдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг өдөр, цагаа товлоод уулзаад ярилцъя.
Ийнхүү тээгч эх зуучлагч бид хоёрын яриа өндөрлөсөн юм. Энэ бол бодит байдал. Өнөөдөр тээгч эх болох гэсэн олон хүн энэ мэт зарын дагуу утас цохиж бүртгүүлсээр байна. Саяхан л тээгч эх гэдэг ойлголтын талаар мэдээлэл хомс байсан бол өдгөө зуучлагчтай болтлоо хөгжжээ.
Амьдралын буруу хэвшил, халдварт, үрэвсэлт өвчин, дотоод шүүрлийн өөрчлөлт, стресс, эрчүүдийн хувьд гэмтэл, бэртэл зэрэг олон шалтгааны улмаас үргүйдлийн тохиолдол улам нэмэгдсээр байна. Эмчлэх боломжгүй, найдвар тасарсан хосуудад туслах олон арга шинжлэх ухаанд бий. Тэдний нэг нь тээгч эхээр хүүхдээ төрүүлэх. Хосууд тээгч эхээр дамжуулан өөрсдийн генийг өвлөсөн хүүхэдтэй болох боломж 1980- аад онд бий болжээ. Үүнээс хойш олон мянган хүүхэд тээгч эхээс биологийн эцэг, эхийнхээ гар дээр очжээ.
Монголд 2011 оны арваннэгдүгээр сард анхны үр шилжүүлэн суулгах төв үйл ажиллагаа явуулж, байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 1600-гаад гэр бүл үр шилжүүлэн суулгах хөтөлбөрт хамрагдаж 800 гаруй хүүхэд энэ аргаар төрсөн байна. Гэхдээ эдгээр хүүхдүүд бүгд тээгч эхээр төрөөгүй. Цөөн тооны тохиолдол бий. Монголчууд харьцангуй ах дүүсэг, бие биедээ элгэмсэг улсууд болохоор хамаатан садан дотроо тээж төрүүлэх асуудлаа ихэвчлэн шийддэг аж.
Олон улсад энэ үйлчилгээг авахад хууль эрх зүй хувьд ямар ч саадгүй, ердийн үйлчилгээ болжээ. Тухайлбал, www.babycenter.com сайтад үргүйдлийн үйлчилгээний хөлсийг үе шат бүрээр жагсаан бичсэн байх юм. Тээгч эх зуучилдаг байгууллага ч гэж байна. Зуучлах байгууллагын хөлснөөс гадна тээгч эхийн хөлс, хүүхэд төрөх хүртэл 150 мянган ам.доллар. Америкт тус үйлчилгээний 60 орчим хувийг зуучлах, эмчилгээ хийх зардалд зарцуулдаг байна. Тээгч эх зуучилдаг байгууллага нь тээгч эхийн нас, эрүүл мэндийн байдлыг нарийн тооцоолж, эрүүл хүүхэдтэй болох магадлалыг гаргадаг байна. Эх аль болох залуу байх тусам эрсдэл бага, тээх, төрүүлэх процесс хэвийн буюу жамаараа явагдана гэж үздэг ажээ.Энэтхэг улсад тээгч эх 8000 ам.долларын өртөгтэй байдаг бөгөөд нийт төлбөрийн 15-20 хувь нь тээгч эхэд очдог байна.
Тээгч эх болохыг зарим оронд нээлттэй хүлээж авдаг бол зарим нь маш өндөр шалгуур тавьдаг. Ийм орнуудын нэг хэсэг нь бүр мөсөн хориглодог бол үлдсэн хэсэгт нь ямар ч зохицуулалт байдаггүй. Тухайлбал, Хятад, Герман, Итали, Япон, Франц, Турк зэрэг оронд үүнийг хуулиар хоригложээ. Харин Украин, АНУ, ОХУ, Энэтхэг, Тайланд, Бельги, Канад зэрэг олон оронд ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрдөг байна. Хүүхэд тээх гэж буй эмэгтэй гэрлэсэн байхыг зарим оронд шаарддаг бол цөөн хэд нь ганц бие эмэгтэйн тээгч эх болох эрхийг нээжээ. Гэхдээ ихэнхдээ арилжааны бус хүмүүнлэгийн зорилготойгоор хуульчилж хүлээн зөвшөөрчээ.
Харин манай улсад энэ тухай зохицуулалт ямар байна вэ. Интернэтээс шүүж үзвэл өмнө нь ярилцсан тээгч эх зуучлагчаас эхлээд энэ үйлчилгээтэй холбоотой албан бус мэдээлэл, тээгч эх болох хүсэлтэй эмэгтэйчүүдийн сэтгэгдэл, зар олон таарна. 20-30 сая төгрөгөөр хүүхэд тээх тухай зар ч байна. Тиймээс тээгч эхийн асуудлыг тусгайлан хуульчлах цаг хэдийнэ болжээ. УИХ 2018 онд Донорын тухай хуулийг баталсан. Донорын тухай хуульд тээгч эхийн асуудлыг тусгаж, Засгийн газар журам баталсан ч тусгай хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай гэж үзсэн юм. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Оюундарь тэргүүтэй гурван гишүүн Донорын тухай хууль батлагдсаны дараа Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн төсөлд тээгч эх болохыг хүлээн зөвшөөрөх тухай заалт багтсан юм.