“Элэгний В, С вирусний шинжилгээ хийдэг 13 лаборатори шалгалтад бүдэрсэн, 90 мянга орчим хүний олонхынх нь шинжилгээний хариу буруу гарсан” гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан билээ. Тэгвэл энэхүү мэдээллийг Эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ташаа мэдээлэл гэж үзсэн байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Бүх сум, өрхийн эмнэлэгт В, С вирусний илрүүлэг шинжилгээ хийж байгаа. Баталгаажуулах шинжилгээг аймаг, дүүргийн эмнэлгүүд хийж байгаа. Вирус тоолох шинжилгээг хувийн хэвшилтэй хамтарч хийж байна. ДЭМБ Монгол Улсын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг жишиг хөтөлбөр гэж дэлхий нийтэд зарласан. Хамгийн сайн хэрэгжиж байгаа хөтөлбөр. Бид 2.7 сая хүнээ энэ шинжилгээнд хамруулах ёстой. 2.5 жилийн хугацаанд 1.3 сая хүн шинжилгээнд хамрагдсан байна. Нийт хамрагдсан хүмүүсийн 10 хувь орчимд С вирус, найм хувь орчимд В вирусний халдвар илэрсэн.

Хөтөлбөрийн талаар худал мэдээлэл гарч байна гэж бодож байна. 90 мянган хүний шинжилгээ худлаа гарсан гэдгийг Эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрөхгүй. Судалгаа, шинжилгээний ажилд алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ 90 мянган хүний шинжилгээний хариу буруу гарсан гэсэн нь худлаа. ДЭМБ Монголд ийм судалгаа хийгээгүй. ДЭМБ-ын 12 эксперт ЭМЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээний багтай хамтран “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээ хийсэн. Үнэлгээгээр дэлхийн аль ч оронд хийж чадаагүй, олон хүн хамруулж чадаагүй ажил хийсэн байна гэсэн. Бид 90 мянган хүний шинжилгээний хариу буруу гарсан гэсэн хүмүүстэй уулзсан. Ийм асуудал байхгүй гэдгээ хэлсэн. Хэрвээ алдаа гарсан байх юм бол давтан шинжилгээ хийх боломж бий. 2017 оноос тоног төхөөрөмж сайтай 21 лабораторийг ЭМДЕГ-аас сонгон шалгаруулж, шинжилгээ хийлгэж байгаа. ЭМДЕГ-аас лабораториудад хяналт хийсэн гэж ярьж байна. Үүнийг яамтай зөвшилцөөгүй. Ямар дүн гарсныг тухайн байгууллага өөрсдөө тайлагнана. Гэхдээ тэр лабораториуд шинжилгээ хийж, 90 мянган хүний шинжилгээний хариу буруу гарсныг хүлээн зөвшөөрөхгүй ” гэв.