2019 онд гадаадын 10 гаруй иргэнд идлэг шонхор шувуу барих зөвшөөрөл олгожээ
Засгийн газраас Шонхор шувууг Монголын үндэсний бахархалт шувуугаар 2012 онд зарлаж байлаа. Үүний дараа 2013 онд идлэг шонхор шувууг арилжааны зорилгоор гадаадад гаргахыг хориглосон засгийн газрын тогтоол хүртэл гарсан байдаг. Гэсэн ч эрх баригчид улс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нэрийн дор засгийн газрын нууц тогтоол жил бүр гаргаж булангийн орнуудын соёлын болон бэлгэдлийн журмаар идлэг шонхор шувуу барих зөвшөөрлийг олгосоор байна. Ингэхдээ жилд хэчнээн шонхрыг хил давуулж байгаа нь нууц байгаа юм.
2015 он. Хууль бусаар 31 толгой идлэг шонхор шувуу барьсан албан тушаалтнуудад 992 сая төгрөгийн торгууль ногдуулав.

2018 он. Араб улсын иргэд зөвшөөрөлгүй шонхор шувуу барьжээ. 2019 оны есдүгээр сарын 05. 16 толгой идлэг шонхор шувуу тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэв.

2019 он хууль бусаар барьсан 3 идлэг шонхор шувууг байгальд нь буцаан тавив.

Энэ бол бидний үндэсний бахархалт шувууг хууль бусаар барьсан хэргүүдийн олон нийтэд ил болсон баримтуудын нэгээхэн хэсэг.
НМХГ-ын улсын байцаагч Д.Сонин-Эрдэнэ “Шонхор шувуутай холбоотой асуудалд авсан арга хэмжээний хувьд тухайн шувууд байгальдаа буцаад амьдрах боломжтой гэж үзэж байгальд нь тавьсан. Мөн Зөрчлийн тухай хульд заасан арга хэмжээг холбогдогч хоёр этгээдэд оногдуулж ажилласан. Зөвхөн тухайн идлэг шонхор шувууг тусгай хамгаалалттай газраас агнасан барьсан тохиолдолд Эрүүгийн хуулиар шалгах боломжтой. Үүнийг тогтоож чадаагүй тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авагдана” гэлээ

2011 оныг хүртэл идлэг шонхор шувууг арилжааны шугамаар гаднын орон руу гаргадаг байсан. Энэ үед буюу 2000-2010 онд 2700 гаруй идлэг шонхор шувууг гадагшаа гаргасан гэх тоо баримт бий. Түүнчлэн 2015 онд 200, 2016 онд 270, 2017 онд 295, харин 2019 онд 10 гаруй гадаадын иргэнд идлэг шонхор шувуу барих зөвшөөрөл олгосон гэх мэдээлэл ч байна. 2013 оноос хойш хил гаргасан дээрх тоо баримт засгийн газрын нууц тогтоолын хүрээнд БОАЖЯ-наас зөвшөөрөл олгож бариулсан гэсэн үг.
Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд Н.Цэрэнбат “2018 онд Монгол Улсад нийт 13 мянга орчим шонхор шувуу тоологдсон. Конвенцийн дагуу 400 хүртэлх зөвшөөрлийг олгох боломжтой гээд Засгийн газрын хурлаар орж шийдэгддэг байгаа” гэв.
1994 оноос эхлэн Араб руу идлэг шонхор шувууг гаргах болсон. Энэ нь тоо баримттайгаа ил байдаг байсан бол одоо нууц. Нууц нууцдаа төрийн нууц болж хувирчээ. Түүнчлэн 2017 оныг хүртэл шонхор шувууг хууль бусаар агнавал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан. Харин 2017 оноос хойш гэмт хэрэг биш гэж үзэн зөрчлийн тухай хуулиар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ч хүрэхгүй төгрөгөөр буюу 150-300 мянган төгрөгийн торгууль ногдуулах болжээ.
Улсын их хурлын гишүүн Я.Содбаатар шонхор шувууны зөвшөөрлийн талаар “Шонхор шувуу агнахыг бид хориглон төрийн бахархалт шувуу болгож байгаагүй билүү. Шонхор шувуу барих зөвшөөрөл нь гэхээр 5-6 аймаг дамжуулаад бичиг өгдөг. Шонхор барихаасаа илүү машин тэрэг нь маш их давхидаг асуудал байна” хэмээн ярьж байсан юм.

Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг 2005-2016 оны зэрлэг амьтны хууль бус худалдааны талаарх судалгааг хийсэн байна. Тус судалгаагаар идлэг шонхор шувуу хууль бус нийт худалдааны 97 хувийг эзэлжээ.
Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн ажилтан Ш.Мягмарсүрэн “Дэлхийд жилд 23 тэрбум ам.доллар зэрлэг амьтдын хууль бус худалдаанд эргэлддэг гэсэн тоо баримт бий. Монгол улсын хувьд нарийвчлан гаргасан тоо баримт байхгүй ч гэсэн өнөөдөр ЦЕГ-ын тоон мэдээнээс харахад зэрлэг амьтны хууль бус худалдааг буюу энэ төрлийн гэмт хэргийг илрүүлсэн тоо баримт маш цөөн байна” гэлээ.

Сүүлийн 10 гаруй жилд 80 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Араб улсад 13 мянга гаруй идлэг шонхроороо найр тавихаас аргагүйд хүрсэн үү. Аль эсвэл албан тушаалтнуудад ашиг сонирхол зөрчил байна уу. Энэ бүх асуултыг идлэг шонхор шувууг арабын зочид төлөөлөгчдөд бариулах зорилготой засгийн газрын нууц тогтоол халхавчилж байна. Нэг шонхор барихад 6.4 сая төгрөгийг тухайн орон нутгийн санд төвлөрүүлэх ёстой. Шонхорыг нууц тогтоолоор барьж байгаа учраас хэчнээн төгрөгийг улсад төвлөрүүлэн нь ч мөн адил нууц байна.