УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцов. Тэрбээр хурлын үеэр “2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөгийн хандив авахгүй. Харин намын гишүүдийн ёс зүй, нэр хүндийг үндэслэн намаас нэр дэвших мандат өгнө” гэдгийг мэдэгдсэн байна. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.
-МАН-ын дарга нэр дэвшигчдээс сонгуулийн хандив авахгүй гэдгээ мэдэгдлээ. Сонгуулийн зардлаа хэрхэн бүрдүүлэхээр тооцож байгаа вэ?
-Бүлгийн хурлын үеэр 2020 оны сонгуулийн нэр дэвшилттэй холбоотой суурь судалгаа хийх асуудлыг ярилцсан. Улс даяар судалгаа хийнэ. МАН ямар зарчим барьж, нэр дэвшүүлэх вэ гэдгийг хэлсэн. Нэр дэвшигчдэд бусад улс төрийн намтай адил санхүүгийн шалгуур тавихгүй. Намууд сонгуулийн хандивт тодорхой босго тавьж, хандиваа өгсөн хүмүүсийг нэр дэвшүүлдэг. Манай нам энэ удаа ийм бодлого барихгүй. Аль болох улс төрийн намын санхүүжилт ил тод байх зарчмаар ажиллана.
Хоёрдугаарт, томсгосон тойргоор сонгууль явуулах гэж байгаа нь сонгуулийг мөнгөний хүчин зүйлээс хол байлгах бодлого юм. Нэр дэвшигчдэд хуулийн хүрээнд хандив тусламжаа босгож ажиллана гэдгийг анхааруулж байгаа. Сонгуулийн дараа ямар нэгэн байдлаар, тэр дундаа ажил, албан тушаалд томилгооны тохироогоор хандив босгохыг таслан зогсоох ёстой. Нам ч бас сонгуулийн хуульд заасны дагуу хандив босгох ажил зохион байгуулна. Аймаг, орон нутгийн түвшинд нэр дэвшигчид мөнгөө босгож, тухайн орон нутгийн намын байгууллагууд нь сонгуулийг зохион байгуулах өндөр хариуцлагатай болж байгаа юм. Төв намд мөнгө төвлөрүүлж, эндээс нэгдсэн зохион байгуулалт хийх үүрэг эрс багасна. Мэдээж хуулийн хүрээнд хандив цуглана. Цугласан хандивын хэмжээгээр сонгуулиа зохион байгуулна. Ийм л чиглэлтэй байна.
-Хандивын үйл ажиллагаанд төв нам оролцохгүй гэхээр далд хандив ихэсч, албан тушаалын тохироо их хийх юм биш үү?
-Намын даргын зүгээс гишүүдэд өгсөн чиглэл нь энэ байгаа юм. Ямар нэгэн байдлаар хууль бус хандив авч, хууль бус асуудалд оролцохгүй. 2020 оны сонгуульд нэр дэвшигчид тавигдах үндсэн шаардлага нь ёс зүйн өндөр хэм хэмжээтэй, хариуцлагатай, нээлттэй ил тод байх зарчим юм. Иргэд ч үүнийг хүсч байна. Тиймээс энэ асуудалд илүү төвлөрч ажиллана.
-Хэчнээн төгрөгийн хандив цуглах нь тодорхойгүй шүү дээ. Тэгэхээр МАН сонгууль зохион байгуулах хөрөнгөө босгосон гэсэн үг үү?
-Хөрөнгө босгосон зүйл байхгүй. Нэр дэвшигчид тодорно. Үүнтэй холбогдуулаад намын гишүүд, дэмжигчид хандив өгнө. Төвлөрсөн хандивын хэмжээгээр сонгууль зохион байгуулна.
-Сонгууль зохион байгуулах хангалттай хөрөнгө цуглахгүй бол яах вэ?
-Цугласан хэмжээнд л сонгууль зохион байгуулна. Сонгуулийн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэр дэвшигчид хандиваа цуглуулна.
-Нэгдсэн зохион байгуулалт хийхгүй болохоор өрсөлдөөний хүч сулрах юм биш үү?
-Манай улс гурав дахь удаагаа томсгосон тойргоор сонгууль зохион байгуулах гэж байна. Өмнөх алдаануудыг ярьдаг. Тухайлбал, 2008 онд сонгуулийн хуулийн зохицуулалтуудыг хангалттай хийгээгүй. Нэр дэвшигчдийг хамтдаа эв нэгдэлтэй байх боломжийг хуулиар бүрдүүлээгүй. Тус тусдаа зардал гаргаж, штаб байгуулдаг байсныг энэ удаа нэгтгэж байгаа юм. Ингэхээр сонгуулийн зардал хэмнэнэ.
-Бүлгийн хурлаар тойрог, мандатын хуваарилалтыг ярилцсан уу?
-Тойрог, мандатын хуваарилалтыг яриагүй. Одоогийн төсөөллөөр 26 том тойрогтой байхаар ярилцаж байна. Тиймээс ийм байдлаар МАН үндсэн суурь судалгаа хийнэ. Судалгаагаар тухайн орон нутгийн ард иргэд хэнийг нь нэр дэвшүүлэхийг хүсч байгаа нь тодорхой болох юм.
-Нэр дэвшигчдийг урьдчилсан байдлаар тодруулсан уу. Тухайлбал, УИХ-ын дарга асан М.Энхболдын фракцаас 25 хүн нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл байна?
-Тийм зүйл огт яриагүй. Үүнийг намын удирдлагын түвшинд ярьж шийдвэрлэх асуудал биш. Тойргийн ард иргэд шийдвэрлэнэ.
-М.Энхболдыг нэр дэвшүүлэх үү?
-Хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг суурь судалгааны үндсэн дээр шийднэ.
-Суурь судалгаагаа хэрхэн хийх вэ?
-Улс даяар судалгаа явуулна.
-Зарим төрийн албан хаагч шинэ оноос өмнө ажлаа өглөө. Энэ хүмүүсийг МАН-аас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. Эдгээр хүнийг нэр дэвшүүлэх тойрог хуваарилах талаар ярьсан юм уу?
-Ярьсан зүйл алга. Нэр дэвших сонирхолтой хүмүүс хуулиараа нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгсөн байх ёстой. Энэ хүрээнд зарим хүн ажлаа өгсөн. Намын төвшинд нэр дэвшүүлэх талаар тохирсон зүйл байхгүй.
-Та Говь-Алтай аймагт нэр дэвших үү?
-Одоогоор ярьсан зүйл алга. Нэр дэвшигч гуравдугаар сарын сүүлчээр тодорно. Судалгаа хийнэ.
-Нэр дэвшигчдийн ёс зүйг харгалзана гэсэн. Тэгэхээр ЖДҮ-д холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэсэн үг үү?
-Бүх асуудлыг ярина. Намын нэрийн өмнөөс өрсөлдөх хүмүүсийн шалгуур нь өндөр байх ёстой.
-Намынхаа Засгийн газрыг унагаасан хүмүүсийг яах вэ?
-Бүгдийнх нь асуудлыг ярина. Өнгөрсөн хийгээд ирээдүйг ч ярина. Гол төлөв ирээдүйг нь ярих болов уу гэж бодож байна.
-Өнгөрсөн асуудлуудыг ярихгүй гэсэн үг үү?
-Мэдээж ярина. Гэхдээ цаашдаа улстөрчдийн ёс зүй байх вэ, ард иргэдийн хүсч байгаа улстөрч нь ямар хүн байна вэ гэдгийг илүүтэй ярина.