УИХ-аас баталсан аливаа хууль, тогтоол нь олон нийтийн хүсэл сонирхолд нийцсэн байх ёстой. Гэвч Зөрчлийн тухай хууль батлагдсан цагаас асуудал дагуулж байна. Нийгмийн зөрчлийг зохицуулах, арилгах үүрэгтэй энэ хууль өөрөө зөрчил үүсгээд удлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Зөрчлийн тухай хуультай холбоотой итгэмээргүй статистикийг танилцуулав. Тэрээр “Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш давхардсан тоогоор сая гаруй хүн торгуулсан” гэлээ.
Засгийн газар оройтсон ч гэсэн Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж эхлээд байна. Гэвч хэлэлцүүлгийн уур амьсгалаас харахад энэ хуулийн төсөлд ч зөрчил их байгаа ажээ. Зөрчлийн тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч зөрчил буурахгүй, энэ хуулийг тойрсон шүүмжлэл зогсохгүй байх магадлал байна. Үүнтэй холбогдуулан дараах гишүүдийн байр суурийг хүргэе.
М.Билэгт: -Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оруулж ирэхдээ олон асуудлыг орхигдуулсан санагдаж байна. Өөрчлөх шаардлагатай, иргэдэд маш их чирэгдэл учруулж байгаа заалтууд байгаа ш дээ. Тухайлбал, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчсөн бол ТҮЦ ч байсан, том сүлжээ дэлгүүр байсан ч ялгаагүй барааг нь хурааж авна. Мөн нэмээд яг адилхан 10 саяар торгоно. ТҮЦ ажиллуулж байгаа хүнийг 10 саяар торгочихвол яах билээ. Найман бод, 24 богоос доош тооны мал хулгайлсан бол гэмт хэрэг бус зөрчил гэж үзэж байгаа. Засгийн газар үүнийг өөрчлөөд дөрвөн бод, 12 богоос доош тооны мал хулгайлсан бол зөрчил, түүнээс дээш бол гэмт хэрэг болгохоор оруулж ирсэн. УИХ-ын гишүүд бас төсөл өргөн бариад өнчин ишиг хулгайлсан ч гэмт хэрэг үйлдсэн тооцогдог болгохоор болсон. Тиймээс гишүүдийн өргөн барьсан төслийг хамт хэлэлцмээр байна. Үүнийг ингэж өөрчлөхгүй бол малын хулгай гаарч байна. Энэ нэм ноцтой зөрчлүүд байсаар байтал оруулж ирэхгүй хоёрын хооронд өөрчлөлт оруулах гээд байх юм.
Н.Оюундарь: -Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд нийтийн хэрэгцээнд зориулан мал төхөөрсөн бол энэ зөрчлийг арилгуулж 200 мянган төгрөгөөр торгох заалт оруулж ирсэн. Бодит амьдралтай энэ заалт яагаад ч нийцэхгүй. Аймгуудад мал төхөөрөх газар байлаа гэж гэтэл сумдад халуун, хүйтэн устай мал төхөөрөх барилга байгууламж, тоног төхөөрөмж, байхгүй ш дээ. Амьдрал дээр хэрэгжихгүй ийм хууль батлаад яах юм бэ.