
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.
Энэ талаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням "2026 оны тавдугаар сарын 27-нд хүүхэд нүхэнд осолдсноос хойш 45:50 минут өнгөрсөн байна. Аврах ажиллагаанд 90 хүн 22 машитайгаар ажиллаж байна. Цагдаа, онцгой байдлын аварчгид, уул уурхайн компанийн ажилтнууд хамтран ажиллаж байна. ОБЕГ-ын уул уурхайн аврах анги бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Үүссэн нөхцөл байдал дээр бүрэлдэхүүн очоод, 30-50 метр гүний цооногт унасан хүүхдийг гаргахаар ажилласан. Амаргүй байсан тул олон улсад ашигладаг аргаар ажиллаж байна.
70 метр урттай, 45 метр өргөн талбайг гурван үе шаттайгаар, техникийн хүчээр ухсан. Өчигдөр орой 22:00 цагийн орчимд хамгийн доод цэгт аваачсан. Түүнээс хойш хөндлөн малталтын ажлыг эхлүүлээд байна. Одоогоор 5 орчим метр ухсан. Осолдогчийн талаас хөдөлгөөн, шуум байхгүй байна. Хөрсний нөхцөл байдал хүнд байна. Зарим газраа хайргатай байна. Тэгэхээр хөрс нурах аюултай. Тиймээс аюулгүй байдлаа хангахаар ажиллаж байна. Хүүхэд амьд эсэхийг тодорхойлох боломжгүй байна" гэв