Олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байхыг сануулав
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт сүүлийн 15 хоногийн хугацаанд 600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Өчигдөр 12.35 минутын байдлаар энэ тасагт 240 хүүхэд хэвтэн эмчлүүлж байлаа. Хамгийн бага нь 28хан долоо хоногтой. Ханиалгахдаа зовуурилах ой хүрээгүй 100 гаруй хүүхэд хэвтэж байна.
Эмнэлгийн ачаалал буурсан гэж эмч нар хэлж байгаа ч 230 ортой тасагт 240 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 10 хүүхдийн илүү тэдэнд ачаалалд тооцогддоггүй гэж тэд хэллээ. Учир нь хичээл амраагүй үед үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол халуурсан, ханиалгасан гээд зовуурь дүүрэн бяцхан хүүхдүүд ихээр ирж энэ сарын эхний хоёр долоо хоногт хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо хоёр удаа 300-д хүрчээ.
Бага насны хүүхдэд дур мэдэн антибиотик, халуун бууруулах эм уулгахгүй байхыг эмч зөвлөлөө

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Ө.Туул “Иргэд антибиотик ихээр хэрэглэн ирж байна. Тэр бүү хэл долоо хоногт 2-3 төрлийн антибиотик хэрэглээд ирж байгаа эмчилгээний үр дүнд суугаар нөлөөлж байгаа. Дээрээс нь халуун бууруулах эмийг эцэг эхүүд эмчийн зааваргүйгээр дур мэдэн өгдөг нь аюултай алхам юм. 38.5 хэмээс дээш халууныг өндөр халуун гээд буулгах ёстой. 38.5-аас доош халууныг физик аргаар гэртээ хувцсыг нь нимгэлэн амаар шингэн сайн уулгах, хүүхдээ хөлрүүлэх аргаар бууруулдаггүй. Эцэг эхчүүд хүүхэд халуурахад шууд л халуун буулгах эм өгөн шулуун гэдсээр лаа хийн бусад төрлийн эмүүдийг олноор өгдөг нь хүүхдийн элгэнд нөлөөлдөг” гэлээ.

Гэр бүлээрээ хэвтэж байгаа хүмүүс ч олон байна. 2-3 хүүхэд нь том жижиггүй ханиад хүрч, ээж нь дангаараа сахиж хүчрэхгүй тул аав нь хүртэл хамт хэвтжээ. Энэ бол ханиад, томуу хэр их хэмжээнд дэгдэж байгааг батлан харуулна. Нэг талдаа хүүхдүүдийн дархлаа сул ханиаданд өртөмтгий байж болох ч нөгөө талдаа эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдал нөлөөлж байгааг эмч нар хэлж байна. Ер нь хүүхэд ханиад хүрсэн л бол заавал эмчид хандаж байхыг эмч нар зөвлөлөө. Мөн амны хаалт тогтмол зүүлгэж хэвшихийг санууллаа.