“Гэгээнтэн”-ий сураг

Эдүгээгээс нэлээд хэдэн жилийн өмнө хэсэг япон жуулчин Богд хааны ордон музейг үзэж явтал гэнэт газар хүчтэй доргижээ. Байнга газар хөдлөлтийн аюул, эрсдэлийг мэдэрч байдаг япончуудын хувьд биеэ хамгаалах үйлдэл нь бэлэн байв. Тэд хана чичирч, шал дайвалзангуут музейн үнэт үзмэрийн нэг Богд хааны хэрэглэж байсан хүрэн зандан ширээний доор ороод суучихжээ. Тэнд цуг байсан монголчууд бол “газар хөдлөлт”-ийг юман чинээ ч бодсонгүй. Харин музейн тайлбарлагч, хөтөч нар сандран гадагшаа гүйн гарсан байна. “Гэгээнтэн”-ий сураг ийн гэнэт иржээ.

Зарлигтай ой

Монгол Улсын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиолоо. Энэхүү ойг соёл, шинжлэх ухаан, урлаг, шашин, түүхийн салбарынхан голлон зохион байгуулж, өргөн олноороо даган баясч, жилийн турш тэмдэглэж байна.

Эрдэм шинжилгээний хурлууд болж, хэд хэдэн үзэсгэлэн дэлгэгдэж, ном товхимол ч хэвлэгдэв. Богд хааны ордон музейгээс л гэхэд “Богд хаан 150: Ном бүтээлийн өв”, “Хааны хачин”, “Оройн дээдийн адислал”, “Богд хааны зэргэцлийн чимэг”, “Монголын найман Богдын уламжлалт өвөөс” зэрэг үзэсгэлэнг нийслэл Улаанбаатар болон Эрдэнэт хотод дэлгэн толилуулжээ.

Эгэл олон түмэн ийнхүү Богд хааны ном бүтээл, эдэлж хэрэглэж байсан хосгүй нандин эд өлгийн зүйлс тэргүүтнийг харан мэлмий баясгаж, мэдлэг тэлэхийн зэрэгцээ эрдэмтэн мэргэд эзэн Чингисийн алтан ураг Түшээт хан Гомбодоржийн хүү анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазараас хойш залгамжлан тодорсон Богд Жавзандамба хутагтууд, тэр дундаа 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг оройлон манлайлсан VIII Богд Жавзандамба хутагтын намтар, түүхэнд гүйцэтгэсэн үүргийг тал бүрээс нарийвчлан судалж, бүтээл туурвилын охийг дээжилсэн аж.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн XX зууны эхэн үеийн Монголын сэргэн мандалтын хөтөч, монголчуудын оюун санааны удирдагч байсан энэ их хүмүүний мэндэлсний 150 жилийн ой шинэ зууны монголчуудын оюуны ертөнцийн онцлох үйл явдал болж байна.

Захирамжтай луйвар

Ой тэмдэглээд өнгөрөх нь цаг хугацааны асуудал. Он жилүүдийг давуулан тээж тэнчээлэх богцондоо бид юутай үлдэх вэ гэдэг л хамгийн том асуултын тэмдэг. Азаар VIII Богд Жавзандамба хутагт монголчууд бидэнд түүх, соёлын арвин баялаг бөгөөд хосгүй үнэт өвүүдийг үлдээжээ. Биет болон биет бус өв, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө аль алийг нь. Жавзандамба хутагт XIX зууны эцэс, XX зууны эхэн үеийн Монголын хамгийн нөлөөтэй хүн байсан тул монголчууд 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсныхаа дараа хаандаа хамаг өөдтэй өнгөтэй бүхнээ өргөн барьж байжээ. Чингис хааны байгуулсан төр улсын гал голомт сэргэн бадарч, эргэн мандсан учир арга ч үгүй биз.

Тэр бүхнийг 100 жилийн дараахь хойч үеийнхэн нь хэрхэн хадгалж, хамгаалж, арчилж, хямгадаж байна вэ гэвэл таагүй голдуу мэдээлэл бий. Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт болон үнэт өвийн 70 орчим хувь нь хадгалагдаж буй Богд хааны ордон музей тал талаасаа орчин үеийн барилга, байгууламжид шахагдан, эзэмшил газрынх нь тэн хагас хувийн компаниудын мэдэлд шилжжээ.

Найдан сүм, Махранзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй долоон сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдсэн цогцолбор бүхий энэхүү ордон музей он цагийн уртад элж хорогдоогүй ч орон зайн хувьд хавчигдан түрэгдэж байгаа нь эмгэнэл.

VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг БСШУСЯ, ШУА, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын үндэсний номын сан, Богд хааны ордон музей зэрэг холбогдох байгууллагын удирдлагуудад гардуулах үеэрээ Ерөнхийлөгчийн шашны бодлогын зөвлөх Ц.Хулан,

- Зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхийн ариун дагшин газар, Монгол төрийн эзэн хааныхаа ордны эзэмшил газрын зарим маргаантай асуудалд Засгийн газар анхаарал хандуулж шийдвэрлэнэ гэж найдаж байна хэмээн онцлон дурдсан юм.

Богд хааны түмэн өлзий гийсний ойг тэмдэглэх зарлигийг гардуулахдаа Ерөнхийлөгчийн зөвлөхийн “хавчуулсан” энэ үг цаагуураа учиг зангилаа, гүн углуургатай. Жил хагасын өмнө буюу 2018 оны тавдугаар сарын 13-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Богд хааны ордон музей болон музей орчмын газартай биечлэн танилцсан юм. Олон нийт болон эрдэмтэд, судлаачдын удаа дараа тавьсан санал, хүсэлт, өргөдөл гомдлын мөрөөр Монгол төрийн тэргүүн сүүлчийн хааныхаа ордон музейг эргэсэн нь энэ.

Мэдээж түүнийг 1990-ээд оны үеийнх шиг эргэн тойрон нь барилгажаагүй, Зайсангийн автобуснаас өөр машин тэрэг бараг явдаггүй зэлүүд шахуу газар угтаагүй. Ядаж 2000-аад оных шиг эргэн тойрондоо тав, зургаан га эзэмшил газартай, харьцангуй зай талбай сайтай ордон сүм ч угтсангүй. Засгийн газар тогтоолоор 2001 онд тогтоосон 5.7 га хамгаалалтын бүсийнхээ тэн хагасыг алдчихсан, шуудхан хэлэхэд нарны гэрэл тусахгүй шахам шигүү барилгуудын дунд шоовдорлогдож хоцорсон ордон сүмийн цогцолборт Ерөнхийлөгч очсон юм.

Богд хааны ордон музейн газраас нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15993 ам метр газрыг “Вантрейд” ХХК-д, 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 ам метр газрыг “Номуун гэрэл” төвд, 2011 оны 539 дугаар захирамжаар 1319 м2 газрыг “Интернэйшнл медикал центр” ХХК-д, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м2 газрыг тус тус олгосон юм байна.

Богдын музейн хамгаалалтын бүсийн тал хагас нь ийнхүү хувийн компаниудад очсон нь Засаг даргын захирамжтай ч гэлээ түүх, соёлын өв рүүгээ эрээ цээргүй довтолсон түрэмгийлэл юм. Богд хааны ордон музейн газрын маргааны эхийг тавьсан хүн нь нэрт эрдэмтэн, академич Д.Цэрэнсодном. Тэрээр анх Богдын музейн хамгаалалтын бүсэд монгол уншлагатай сүм барина гэж газар аваад түүнийгээ хэд хэдэн аж ахуйн нэгжид хуваан зарсан гэдэг. Тухайлбал, түүнээс худалдаж авсан газар дээрээ “Эм Си Эс”-ийнхэн “Интермэд” эмнэлэг, АПУ- гийнхан пивоны үйлдвэр барьжээ.

Түүнчлэн музейн хойт талд “Ван трейд” компанид 16 мянган ам метр газрыг олгосон байна. Энэ жил 150 жилийнх нь ойн хүрээнд Богд Жавзандамбын хөшөөт цогцолбор цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулан, тохижуулахаар төлөвлөсөн газрынх нь 57 хувь өнөөх “Ван трейд”- ийн мэдлийнх байжээ. Ингээд Богд хааны ордон музейнхэн өөрсдийнхөө эзэмшил, хамгаалалтын бүсдээ цэцэрлэгт хүрээлэн, хөшөөт цогцолбор барьж байгуулахын тулд хувийн компанийг царайчлахаас өөр аргагүй болж, газрын маргаан нь эцэстээ шүүхэд очжээ.

Бүгдийн мэдэхгүй Богдын музей

Соёлын өвийг хамгаалах төсөл хөтөлбөрийн шугамаар манай улсад ирсэн гадаадын мэргэжилтэн Богд хааны ордон музейг үзээд “Монголчууд өөрсдөө үзэж танилцаж чадсан болов уу гэж бодогдсон шүү” хэмээн сэтгэгдэлээ хуваалцсан байдаг. Энэ бол биднийг тун гярхай ажигласан хүний л үг. Үнэхээр Богд хааныхаа ордон музейг үзээгүй олон хүн бий байх. Үзсэн ч бүх үзмэрийг нь үзэх боломжгүй. Сайндаа 30 орчим хувийг нь л үзнэ. Учир нь Монгол Улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий энэ музейн 8600 гаруй үзмэрийн 2000- ыг нь л ил гарган дэлгэдэг. Тодорхой хугацаанд үзмэрээ сэлгэн шинэчилдэг боловч тэр бүрийд нь уг музейг ирж үздэг хүн цөөн бизээ. Тэгэхээр хааныхаа музейг монголчууд өөрсдөө үзэж танилцсан болов уу гэх эргэлзээ ортой.

Богд хааны ордон музей 1975 он хүртэл 50 жил хаалттай байв. Түүнээс хойш олон нийтэд нээлтэй үзүүлэх болжээ. 1925 онд Богдын Ногоон ордныг хааны музей болгон улсын мэдэлд авснаар нураагдаж сүйдэхээс аврагдаж үлдсэн гэдэг. Тухайн үед Хүрээ 30 аймгийн шүтээнийг Богдын музейд авчирч хадгалснаар өнөөг хүртэл бүрэн бүтэн хадгалагдаж иржээ.

Австрийн Вена хотын Хэрэглээний урлагийн их сургуулийн Хадгалалт, хамгаалалтын хүрээлэнгийн захирал Габриала Крист

Богд хааны ордон музей гаднаас нь харахад жижигхэн мэт боловч байрнаасаа ахадсан ховор нандин үзмэртэй юм. Музейд үзмэр цөөднө гэж байдаггүй. Ганц ховор үзмэр байхад л дэлхийн бүх хүнийг цуглуулж чаддаг юм шүү дээ. Тэгэхээр Богдын музей ховрын тоонд орно. Харин сан хөмрөгт нь хадгалагдаж байгаа эд зүйлсээ дэлгэж эргэлтэд оруулж байх хэрэгтэй юм байна гэж бодсон. Музейг байнгын хүнтэй байлгахад үзмэрээ сэлгэх нь чухал. Хамгийн гол нь сурталчилгаа. Зөвхөн хадгалснаа үзүүлэх биш музейд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж хүмүүсийг татах хэрэгтэй. Хааны ордон музей гайхмаар музей байна лээ шүү.

Богд хааны ордон музейн хосгүй үнэт үзмэрүүдийг тэр бүр тоочих аргагүй. Зөвхөн Бурхан багшийн шүд буюу их эрдэнийн шүтээн уг музейд хадгалагдаж байгааг дурдахад л хангалттай. Засгийн газраас түүх, соёлын хосгүй үнэт дурсгалд бүртгэсэн энэхүү шүд эрдэнэд зориулан тусгай сүм бариулж, олон нийтэд үзүүлэхэд л дэлхийн бүх буддистууд ирж үзнэ гэдэг санааг Үндэсний номын сангийн судлаач Г.Ням-Очир хэлдэг. Тэрээр энэ санаагаа салбарын сайддаа танилцуулж байжээ. Мөн Г.Ням-Очир судлаач олон улсын жишгийг баримтлан тооцоолж, Богд хааны ордон музей үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, үзмэрүүдийнхээ хамт найман тэрбум орчим еврогийн үнэтэй гэж үнэлгээ гаргасан юм билээ. Ийнхүү түүх, соёлын өв, дурсгал үнэ цэнтэй байж л хамгаалагдана. Гэтэл Засгийн газар сүүлчийн хааныхаа ордон музейг албан ёсоор үнэлэхийг хүсдэггүй нь хачирхалтай.

Ногоон ордон Шамбалын орон

Туул болон Дунд голын хоорондох газрыг хааны эзэмшил өндгөн сүргийн нутаг хэмээн нэрийддэг бөгөөд энд VIII Богд Жавзандамба хутагтын дөрвөн өнгийн ордноос цагаан, ногоон, улаан ордон нь байжээ. Ордон бүхэн өөр өөрийн хот мандалтай бөгөөд Ногоон ордон буюу Шаравпэлжээлин сүм нь Дүйнхорын хот мандалтай байжээ. Тиймээс уг сүмийн үүдэн дээр энэ бол Шамбалын орон, орны эзэн Жавзандамба хутагт бол Шамбалын хаан мөн гэсэн үсэг бичээс байв. Түүнчлэн Ногоон ордны нэг бүрдэл хэсэг болох Эрдэм итгэмжит сүмийг 1902 онд барьж дуусахад Манжийн Ци Ши хатан Богдын Жан Шамбал буюу Умард Шамбалын орны эзэн хэмээн хүлээн зөвшөөрсөн өргөмж бичиг олгосон аж. Ийнхүү тухайн үед монголчуудын оюун сэтгэлгээнд гүн шингэсэн Замбуутивийн таван дагшин орны нэг умар зүгт Майдар бурхан орших Шамбалын орныг Богд Жавзандамбын Ногоон ордон гэж үзэж байсан нь сонирхолтой.

Олноо өргөгдсөний ойн “бэлэг”

Богдын Ногоон ордныг зүүн тийш харуулж тавьсан үхрийн өвчүү шиг хэлбэртэй газрын өрцөн дээр барьсан. Тиймээс Богдын музей 1966 оны их үерийн үеэр усанд автаагүй бөгөөд далайн дунд хөлөг онгоц хөвж байгаа юм шиг харагдаж байсан гэж хуучцуул ярьдаг байжээ. Хэрвээ үерт автах юм бол Богдын музейн үзмэрүүдийн нүүлгэн шилжүүлэх 40 гаруй “ЗИС-5” машин бэлэн байсан аж. Ийнхүү байгалийн сүр хүчний өмнө бардам тэсч үлдэх газрын нүдийг олон барьж байгуулсан Богд хааны Ногоон ордон хүний шунал, мунхаглалын өмнө хүчгүйдсэн юм. Түүх, соёлын хосгүй үнэт өвүүд хадгалагдаж буй хааны ордноо галын машин тойрч орох зайгүйгээр хананд нь тултал хашаалж, барилгажуулж газрыг нь “эдийн засгийн эргэлтэд” оруулчихсан.

Богд хааны Ногоон ордны өмнөх ямпай хаалганаас урагш морьтой хүн ч явдаггүй байсан газар. Жавзандамба хутагт Монгол Улс үймээн самуунтай хэцүү цаг үед Түшээ гүн, Цэцээ гүний оргилыг харж,бодож бясалгаж зан үйлээ хийдэг байсан гэдэг. Харин эдүгээ энд УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Оргил” хотхон зэрэг орон сууцны олон барилга сүндэрлэжээ.

Мөн Богд хааны ордон музейн зүүн талд “Гэгээнтэн” хотхон баригдсан. Энэ хотхоны бүтээн байгуулалт Ногоон ордны барилгуудын чанарт хамгийн их нөлөөлжээ. Нөлөөлөх нөлөөлөхдөө таван баллын газар хөдлөлтийн дайтай доргилт үүсгэсэн байна. “Гэгээнтэн”-ий тухай энэ таагүй сураг чимээ найман жилийн өмнө олны сонорт хүрсэн юм. Энэ бол Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг орон даяар тэмдэглэж байсан 2011 он байв. Олноо өргөгдсөний ойн “бэлэг” ордон музейд балаг тарьсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ.

“Тавдугаар сарын 7-ны өдрийн 11 цагийн үеэс тус музейн Өвлийн ордны нэг, хоёрдугаар давхарт газар хөдөлж буй мэт чичиргээ мэдрэгдсэн хэмээн мэдээлснийдагуу бид газар дээр нь очиж тодруулав. Музейн үзмэр хянагч С.Нарантуяа “Чичиргээ нь газар хөдөлж байгаа юм шиг байсан. Яг тэр үед музей үзэж явсан япон жуулчид ихэд айж, таван баллын газар хөдлөлтөд ийм чичиргээ мэдрэгддэг гээд яаран гадагш гарцгаасан” гэж ярив.

“Өглөөний сонин” Р.Саруултөгс

“Гэгээнтэн” хотхоны барилгын суурь ухах, цутгах ажлаас болж үүссэн чичиргээ хэдэн өдөр үргэлжилж музейн барилгад төдийгүй үзмэрүүдэд нөлөөлжээ. Музейн ажилтнууд нөлөөллийн байдлыг шалган баримтжуулахад, Өвлийн ордны хоёрдугаар давхарт Дондогдулам хатны амралтын өрөөний толины дээд чимэг урагшаа хазайсан, унтлагын өрөөний мөнгөн ваар, цар байрнаасаа хөдөлж хазайлт үүссэн зэрэг олон өөрчлөлт гарсан байжээ.

Хааны ордон

Богд хааны ордон музей Монгол Улсын хамгийн анхны бөгөөд хамгийн баялаг үзмэртэй музей. Тэр хэрээрээ хамгийн их орлогыг төсөвт төвлөрүүлдэг. Гэвч улсын хэмжээнд буй 200 гаруй музейтэй адил статустай. Энэ нь тус музей өөрийн үнэ цэнийнхээ хэмжээнд өргөжин тэлж, үнэлэгдэж, дэмжигдэхгүй байгаагийн гол шалтгаан.

Дэлхийн жишгээр бол хааны музей нь Ерөнхийлөгчийнхөө ивээл дор байдаг улс орон олон. Богд хааны ордон музей ийм байх ёстой. Монголчууд бид хаант төрийн уламжлалтай ард түмэн. Түүний баталгаа болсон сүүлчийн хааны ордон үнэт ховор үзмэрүүдээ хадгалан оршиж байна. Тиймээс төрийн тэргүүн Богд хааны ордон музейг өөрийн шууд харьяанд авч, бодлогоор дэмжин хөгжүүлээсэй. Гадаадын төрийн өндөр албан тушаалтнууд Монголд айлчлахад Ерөнхийлөгч маань хааныхаа ордонд тэднийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, төрт ёсны түүх, уламжлал, хосгүй өвүүдээ үзүүлж байвал хэчнээн сайхан.Ийм санал, санаачилгыг олон эрдэмтэн, судлаач хэлж буй.

Үндэсний номын сангийн судлаач Г.Ням-Очир Монголын төрийн ой санамж энд бий. Үндсэндээ Богд хааны ордон музей 100 гаруй жилийн өмнө барьсан Чингис хааны музей юм. Богд хааныг хаан боллоо гээд монголчууд хамгийн сүүлд гар дээрээ хадгалж байсан хамаг л нарийн нандин зүйлээ өргөн барьсан. Тиймээс бид Чингис хааны ордон музейг шинээр барих шаардлагагүй. Богд хааны ордон музей бол Чингис хааны музей юм аа.

Богд хааны ордон музей бол Монгол Улсын Хааны музей. Чингис хааны байгуулсан төр улсын гал голомтыг сэргээн мандуулсан сүүлчийн хаан Богд Жавзандамбын ордон тул ийн хэлэх бүрэн үндэстэй. Эзэн Чингисийн хасбуутамганы дардас ч Богд хааны ордон музейн дотоод санд хадгалагдаж буй. Их шавийн баранзад хэмээх таван алд урт шар хадган дээр тус бүртээ 66-аар гурван эгнээ, нийт 198 удаа дарсан энэхүү дардас бол Чингис хаантай холбоотой хосгүй үнэт дурсгал.

“Чингис хаан” музей байгуулах Засгийн газрын шийдвэр гарч, уг музейг саяхан нураагдсан Байгалийн түүхийн музейн суурин дээр 53 тэрбум төгрөгийн өртгөөр барьж босгохоор болсон. Чингис хааны музей байгуулах тусгай үзмэр, шинэ олдвор байхгүй. Тиймээс Үндэсний түүхийн музей дэх дундад эртний үзмэрүүд л тус музейд шилжиж таарна. Гэтэл Богд хааны ордон музей тэр чигээрээ, цогцоороо монголчуудын оюун санаа, зүрх сэтгэл, харах мэлмийд цогцолсон Хааны музей билээ.