Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс орон даяар эхлүүлэхийг зарлалаа. Аяны хүрээнд хөрсний элэгдэл, эвдрэл, үржил шимийн доройтлыг сааруулах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалан хөгжүүлэх, эрсдэл даах чадамжийг дээшлүүлэх, агроэкосистемийн тогтвортой байдлыг хангаж, хүнсний хэрэгцээ, түүний аюулгүй байдлыг бүрэн шийдвэрлэх юм.

Өнгөрсөн хугацаанд манай улс атар газрыг эзэмшиж, газар тариаланг хөгжүүлэх замаар хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангахаар  атрын гурван удаагийн аян өрнүүлжээ. Атрын нэгдүгээр аяныг явуулах тогтоолыг 1959 оны гуравдугаар сард МАХН-ын Төв хорооны III бүгд хурлаас гаргасан бол хоёр дахь аяныг 1976 оноос өрнүүлжээ. Харин “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийг 2008 онд Засгийн газрын 70 дугаар тогтоолоор баталсан байна. Атрын гурав дахь аяны үндсэн зорилго нь хөрсний үржил шимийг хамгаалж, нөхөн сэргээх, үр сортын болон техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, импортыг орлох, экспортын чиг баримжаатай газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэж байв.