Тээврийн прокурорын газраас Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай “Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд зам тээврийн осол, хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд ажил хэргийн уулзалт, зөвлөгөөн зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Сарантуяа “Хот хоорондын нийтийн тээврийн жолооч нарын холбогдсон гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, түүнийг арилгах арга зам” сэдвээр илтгэл тавьж, Тээврийн цагдаагийн албаны Орон нутгийн замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Отгонбаяр “Хот хоорондын нийтийн тээврийн жолооч нараас автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдсон байдал”, мөн албаны Техник замын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан “Хот хоорондын нийтийн тээврийн жолооч нараас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын болон Зөрчлийн тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчил гаргасан байдал”, Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос “Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд зам тээврийн осол, хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх талаар авч байгаа арга хэмжээ” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн байна.

Аймаг, сум дундын прокурорын газрын судалгааны дүнгээс үзвэл, сүүлийн 3 жилд нийт 26 аймаг, сумдад хот хоорондын тээврийн жолооч нараас үйлдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг 14, энэ төрлийн зөрчил 97 гарчээ. Ослын улмаас 8 хүн нас барж, 35 хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан байна. Энэ нь явган зорчигч осолд орсон тоог оруулахгүйгээр зөвхөн жолооч, зорчигч нартай холбоотой ослын хохирлын үзүүлэлт юм. Осол гарсан шалтгаан нөхцөлийг судлахад ихэнх нь жолооч, ажил хариуцаж байгаа ажилтны хариуцлагагүй ажиллагаанаас шалтгаалсан байна.
“Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ-аас ирүүлсэн мэдээллээс үзвэл, 63 аж ахуйн нэгж, байгууллага 1-ээс 12 чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг эрхэлж байна. Хот хоорондын нийтийн тээврийг зохион байгуулах, гүйцэтгэх байгууллагууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 онд орон нутагт 3 хүний амь нас хохирч, 7 хүний эрүүл мэндэд хүнд, 17 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ноцтой осол гарчээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний компаниудын хувьд иргэдэд аюул, осолгүй, найдвартай, тав тухтай, соёлтой үйлчилгээг үзүүлэх үндсэн үүрэгтэй. Хот хоорондын нийтийн тээвэр нь хол замд явдаг онцлогтой тул дээр дурдсан шаардлагуудаас гадна үндсэн болон ээлжийн жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг зайлшгүй анхаарах ёстой. Орон нутагт гарсан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргүүдээс үзэхэд жолооч нар ихэвчлэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй, хурд хэтрүүлсэн, холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй, зорчигчийг буулгах буюу суулгахдаа анхаараагүй, зорчигчдын тоог хэтрүүлсэн зэрэг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс осол гаргаж бусдад хохирол учруулсан байна.
ТүүнчлэнТээврийн цагдаагийн алба, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын судалгаанаас үзвэл, шөнийн цагт осол ихээр гарч байгаа тул хот хоорондын зорчигч үйлчилгээг аль болох шөний цагт явуулахаас зайлсхийх зохион байгуулалтын арга хэмжээ ч авах боломжтой. Энэ салбарт үүрэгт ажилдаа хайнга, хайхрамжгүй хандах, Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэхгүй байх, сахилга, хариуцлага алдах тохиолдолд бусдад ноцтой хохирол учрах өндөр эрсдэлтэй гэдгийг ажил хариуцаж байгаа албан тушаалтнууд, ажилтнууд, жолооч нар байнга ухамсарлан ойлгож байх шаардлагатай байгааг уулзалтад оролцогчид онцлов.
Уулзалт, зөвлөгөөний үеэр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлын талаар хэлэлцэж, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөгддөг хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг боловсронгуй болгох талаар холбогдох эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтны нэр дээр “Зөвлөмж” хүргүүлэхээр тогтсон байна.