Эрх чөлөө, эх түүхийн бүхий л цаг мөч, хором бүхэнд эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн баатарлаг эрс бол “Монгол цэрэг”. Тэд Монгол төрийн тусгаар тогтнол, сүр хүч, өнгө үзэмж, цог жавхааг бүхий л цаг мөчид илэрхийлсээр ирсэн түүхтэй.
Яг л үүнийг илэрхийлэх мэт хүндэт харуулын мөрлөсөн буу газарт бууж, цэргийн хөгжмийн золбоолог аялгуу эгшиглэн, цасан ширхэг хаялахтай зэрэгцэн нарны хурц гэрэл тусаж, цугласан олны сэтгэлийг огшоов. Тэр дундаа энэхүү парадад өнгө, сүр, хүчийг хамгийн ихээр нэмж байсан эрс бол хүндэт харуулууд гэдгийг энд онцлох нь зүйтэй болов уу.

Ирээдүйд эх орноо хамгаалах бяцхан сонсогчид, ижил хувцсаар жигдэрсэн хүндэт харуулууд, эр хүний сүр хүчийг илэрхийлэх цэрэг эрсийн дундаас нэгэн бүсгүй анхаарлыг минь өөрийн эрхгүй татлаа. Тэр бол хүндэт харуулуудыг Чингисийн талбайд номхон команд дор байраа эзлэн зогсохтой зэрэгцэн, жагсаалын эхнээс дуустал нь нэг ч харуул үлдэээлгүй хувцсыг нь цэгцэлж, янзлах бүсгүй юм. Өнгөц харахад түүнийг хэн нэгэн харуулын ээж эсвэл эгч нь юм уу гэж бодмоор. Гэтэл тэр хормын төдийд л жагсаалд зогсож байгаа бүх хүндэт харуулын хувцсыг “цэгцлээд, цэмбийлгэхчилээ”. Ингээд бид түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Танд “Монгол цэрэг”-ийн өдрийн мэндийг хүргэе.
-Баярлалаа. Зэвсэгт хүчинд хүчин зүтгэж байгаа бүх хүмүүстээ баярын мэнд хүргэе.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг С.Наранжаргал гэдэг. Би Зэвсэгт хүчний 032 дугаар Хүндэт харуулын ангийн хувцасны нярав, гоо засалчаар ажилладаг юм. Төрийн бүхий л үйл ажиллагаанд оролцдог хүндэт харуулуудын гадаад үзэмжинд нь анхаарч, хувцсыг нь бэлтгэж, зүс царайг нь янзлах ажлыг хийдэг гэж ойлгож болно. Ер нь эднийгээ ёслолд оролцоход нь сайхан харагдах бүхий л ажлыг хийдэг дээ.
-Төрийн бүх хүндэтгэлийн арга хэмжээ, ёслолд улсынхаа нүүр царай болж байдаг хүндэт харуулуудыг та “хөөрхөн” харагдуулдаг байх нь ээ? -Тиймээ /инээв/. Хүндэтгэлийн арга хэмжээ ёслолд оролцож байгаа бүх хүндэт харуул, офецер, генералуудынхаа гадаад үзэмж сайхан харагдах бүх ажлыг хариуцдаг даа.
-Эднийхээ ээж шиг нь, эгч шиг нь болж дээ-

-Их сайхан, бахархмаар ажил юм аа. Та энэ ажлыг хэдэн жил хийж байна вэ?
-Наймдахь жилдээ хийж байна. Төрийн бүх хүндэтгэл, ёслолын үйл ажиллагаанд хүндэт харуулуудаа дагаад явах сайхан шүү.
-Монгол цэргийн сор болсон эрэлхэг залуустай ажиллахад сайхан байдаг байхдаа?
-Би тангараг өргөж, мөрдөс зүүгээгүй хэдий ч одоо бүүр цэргийн хүн шиг болжээ. Хийморлог, ханагар сайхан эрчүүдтэй ажиллахад ажил үйлс бүтэмжтэй сайхан байдаг. Одоо бүр хүндэт харуулуудтайгаа ээнэгшиж дасаад ээж шиг нь, эгч шиг нь болж дээ.

-Нэг ёслолд ойролцоогоор хэд орчим хүндэт харуултай тулж ажилладаг вэ?
-Янз, янз. Уул усны тахилгад тугийн салаа гээд 21 хүний бүрэлдэхүүнтэй оролцдог. Улс, орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хүндэтгэл үзүүлэх ёслолуудад 100 гаруй хүндэт харуул оролцдог.
-Хүндэт харуулууд энэ хувцсыг хэр удаан өмсөж байна вэ. Ер нь хүндэт харуулын хувцасны загварыг хаанаас гаргадаг юм бэ?
-Энэ хувцсыг 2006 оноос хойш өмсөж байна. Хүндэт харуулын хувцсыг Ерөнхийлөгчийн зарлигаар тендер зарлаж сонгодог. Тэгээд сонгогдсон загварын дагуу хийгддэг.
-Ярилцсанд баярлалаа
-Баярлалаа.
Гэрэл зургийг Г.Даша






