АНУ-ын Нортридж дэх Калифорни мужийн их сургуулийн Физик-астрономийн тэнхимд Тооцоолон бодох физик-хими ба биологийн чиглэлээр докторын дараахь судлаачаар ажиллаж байгаа эрдэмтэн, судлаач Цэднээгийн Цогбаяртай шинжлэх ухааны судалгаа, боловсруулалтын ажлын явц, үр дүн болон өндөр хөгжилтэй орны дэвшилтэт технологийн хөгжлийн талаар ярилцлаа.

Түүний эрдэм шинжилгээний 20 гаруй өгүүллээс 16 нь гадаадын шүүмжитмэргэжлийн сэтгүүлүүдэд, тухайлбал,  “Physical Review A & E”, “Journal of Physics B”, “European Journal of Physics D”, “Advances in Quantum Chemistry”, “Chemical Physics”, “Journal of Chemical Physics”, болон “Chinese Physics B”-д тус тус хэвлэгдэжhttp://scholar.google.com бүртгэлийн 89-д хүрсэн байна.

Ц.Цогбаяр Канад Улсын Торонто дахь Йоркийн их сургуулийн Физик-астрономийн тэнхимд докторантурт суралцаж "Xүчтэй хэт улаан туяаны лазерын орон дах устөрөгчийн молекулын ионы иончлол" сэдвээр онолын физик-математикийн салбарын доктор (Ph.D)-ын зэргийг 2014 онд хамгаалсан байна. Тэрээр гадаад оюутны статустай Монголоос эрдмийн зэрэг хамгаалсан анхны физикч эрдэмтэн ажээ.

-Дэлхийн шинжлэх ухааны салбарт ажиллахад эрдэмтний хувьд та ямар шалгуураар хүлээн зөвшөөрөгдсөн гэж боддог вэ?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орны мэргэшсэн салбар өрсөлдөөн ихтэй. Судалгааны том багт тэнцэх гол үзүүлэлт ажлын туршлага, мэргэшсэн чадвар, түүнийг илтгэх хэвлүүлсэн эрдэм шинжилгээ бүтээл болов уу гэж боддог. Судлаачийн хувьд өөрийн мэргэшсэн судалгааны салбартаа шинэ, шинэлэг санаа бүхий эрдэм шинжилгээний үр дүнгээ мэргэшсэн шүүмжит буюу эксперттэй сэтгүүлд хэвлүүлнэ гэдэг нь дэлхийн шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмэр гэж ойлгодог.

-Та докторын дараах судлаачаар суралцах хугацаандаа олон улсын багт ажиллаж байжээ. Ер нь амьдралд нэвтрэх шинэ техник, технологийн суурь онолын загварчлалыг туршилтын физикээр баталдаг уу?

-Онолын судлаач бүхэн судалгааны үр дүнгээ туршилтын үр дүнтэй харьцуулах, мөн туршлагын судлаачид өөрсдийн хэмжилтээ онолын тооцоолсон үр дүнтэй харьцуулж харилцан биесээ нөхөн хөгжиж байдаг.

-Шинжлэх ухааны өндөр хөгжилд хүрсэн бусдын туршлагаас эх орондоо хуулбарлаж, нутагшуулахад нөлөөлөх хүчин зүйлийг онцлохгүй юу?

-Дэлхийн хөгжсөн улс орнуудын туршлагаас харахад шинжлэх ухааны ололт амжилтад  тулгуурлан хөгжиж ирсэн нь харагдаж байдаг. Газрын баялаг гэх зүйлгүй арлын Япон, Тайван гэх мэт орнуудын хувьд шинжлэх ухаанд үндэслэсэн үйлдвэрлэл нь тэдгээрийн хөгжлийн гол тулгуурууд. Мэдээж энэ бүхний цаана шинжлэх ухааны хөгжил, түүнээс гарах үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэлтэд анхаарч дэмжсэн төр, засгийн бодлого зохицуулалт хамгаас чухал байдаг. Техник, технологи, анагаах ухаан, хүрээлэн буй орчин, газар тариалан гэх мэт олонсалбаруудад бид бусад орны шинжлэх ухааны өндөр хөгжил, технологийг эх орондоо нутагшуулан ашигласнаар өнөөгийн энэ нөхцөлд хамтран суралцаж, хөгжих юм. Гэхдээ мэргэшсэн судлаач бүхэн “өөрийн” гэх бүтээлийг бий болгохыг зорьдог болохоор Монголдоо судалгаа шинжилгээний орчин нь орчин үеийн шаардлагад нийцэхүйц түвшинд ажиллах үед манай судлаачдаас дэлхийн бусад оронд нутагшуулах бүтээл, шинжлэх ухааны нээлт олноор төрөн гарна гэдэгт итгэдэг.

-Физикийн суурь судалгаагаар дэлхийн түвшинд яваа таны хувьд Физик-технологийн хүрээлэнгээс эрдмийн ажлаа эхлүүлсэн. Иймд Монголд туршилтын физик буюу хэрэглээний шинжлэх ухааныг хөгжүүлэхэд илүү анхаарах, хөгжүүлэх зүйл  байна вэ?

-Өнгөрсөн зууны дунд үеэс атом, цөмийн физик, хими-физик, физик-химийн онол, туршилтын судалгааг Монгол оронд хөгжүүлэхэд Дубна хот дах ЦШНИ нь чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Орчин үеийн физикийн туршилт, технологийг өөрийн орны хөрсөнд бойжуулж, өөрсдийн хэрэглээнд ашиглахад зайлшгүй эдийн засгийн том хөшүүрэг үүнийг дэмжсэн төр, засгийн оролцоо, бодлогын тухай ярих хэрэгтэй болно. Гэсэн хэдий ч өнөөдөр ШУА-ийн хүрээлэнгүүдийн лабораториуд, их сургуулиудын туршилт судалгааны төвүүд, мөн сүүлд МУИС-д байгуулагдсан орчин үеийн лазерын лаборатори зэрэг нь дараа, дараачийн судалгааны хөгжлийн үйл явцуудад чухал хөрс, суурь болох юм.

-Таны онолын физикийн судалгааг хөгжүүлснээр туршилтын физик, улмаар физикийн шинжлэх ухаанд оруулах хувь нэмрийг практик талаас тодруулахад эдийн засгийн болоод шинжлэх ухааны дэвшилд хүрэх оргил нь юу вэ?

-Аливаа судлаач хүний судалгаа шинжилгээ, шинэ мэдлэг бий болгох процесс нь эдийн засгийн ашиг сонирхлоос үл хамааран оршдог зүйл юм. Физикийн мэдлэгт суурилсан  олон технологи, тухайлбал, атом/цөмийн болон лазерын технологи мөн хагас, хэт дамжуулагч төхөөрөмжүүд зэрэг нь  хэрэглээнд өргөнөөр нэвтэрч байна. Үүнтэй холбоотойгоор,тухайлбал өнгөрсөн зууны эхээр физикийн салбарт жилдээ 2,000-3,000 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдэж байсан бол физик, физик суурилсан хавсарга судалгааны салбарт өнөөдөр нэг өдөрт 200,000 орчим өгүүлэл хэвлэгдэж байна.

Ер нь физикийн шинжлэх ухааны мөнгөөр хэмжигдэж буйг сонирхуулахад, АНУ-ын Физикийн нийгэмлэгийн 2019 оны тайланд физик-суурьтай үйлдвэрлэл нь 2016 онд дангаараа тус улсын ДНБ-ний 12.5 хувийг бүрдүүлж, улмаар 1.1 триллион ам. долларын бараа экспортолсон тухай бичсэн байсан. 2016 оны байдлаар энэ салбарт нь 11,5 сая хүн ажиллаж нийт ажиллагсдын 6 хувьд хүрсний зэрэгцээ 2013-2016 оны хооронд физикийн салбарын төгсөгчдийн 58 хувь буюу 70 мянга нь физикч мэргэжлээр ажиллаж байна. Шинжлэх ухааны хүрэх дэвшлийн оргил, хязгаарын тухайд өндөр хурдацтай хөгжлийн өнөөдрийн өнцгөөс харахад хүрэх оргил гэж тодорхойлон хэлмээргүй санагдаж байна. Учир нь хүний сэтгэхүй хязгааргүй.

-Сонирхолтой тоо баримт байна. Таны дэвшүүлсэн физикийн загварчлалаас дэлхийн орнуудад нэвтэрсэн бүтээл бий юү?

-Судлаачийн аль нэгэн бүтээл өнөөдөртөө практикт нэг их ач холбогдолгүй мэт харагдаж байж болох ч судлаач бүрийн аль ч түвшинд хэвлүүлсэн бүтээл бүхэн дараачийн ижил төстэй судалгаа хийж буй хэн нэгэнд суурь, түшиг болж өгдгөөрөө тухайн чиглэлийн судалгаанд оруулж хувь нэмэр болж байдаг гэж боддог. Миний судалгааны тухайд гэвэл, судалгааны ахлагч профессорын хамтаар статистик физикийн онолын хүрээнд нэгэн шинэ функцийг томьёолж, түүнийгээ онолын тооцоололдоо хэрэглэсний дээр бусад судлаачдын үр дүнтэй харьцуулан жишээд хэвлүүлсэн.

Энэ функц маань макро физикийн түвшинд термодинамикийн бүхий л тэгшитгэл, тэнцэтгэл биш болон физик систем нь нэг төлөв байдлаас өөр нэгэн төлөв байдал шилжихэд явагдсан механизмаас (туулсан замаас) үл хамаарах нөхцлийг хангасанаараа бусад өмнө байсан энэ төрлийн функцүүдээс ялгаатай буюу давуу талтай юм. Улмаар Амбер (amber.org) гэх молекулын динамикийн цогц программ хангамжид "цл-ийн ойролцоолол" (“цл”- гэдэг нь миний нэр болоод профессорын нэрийн эхний үсгүүд юм. tsl closure=tsednee-luchko closure, “Ts.Tsednee & T. Luchko, Phys. Rev. E 99, 032130 (2019)”) гэсэн нэрээр оруулж өгч байгаа бөгөөд, энэхүү пакет программын шинэчлэгдсэн хувилбарыг ашиглан дурын судлаач өөрсдийн загварчлал, тооцоололдоо томьёолсон функцийг ашиглах боломжтой юм. Энэ нь нэг талаар энэ чиглэлийн судалгаа, шинжилгээний салбарт оруулж буй хувь нэмэр. Өөрийн бичсэн зарим хялбар кодуудаа бусад судлаач, найз нөхөд болон сонирхогч нартаа хуваалцахаар https://github.com/Tstsog хуудаст байрлуулж байгаа, сонирхоорой.

-Судлаачдын эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажлын үр дүн эдийн засгийн өндөр үр дүнг өсгөдөг. Гаднын орны жишиг ч хөрөнгө оруулалт, санхүүжилтийг өндөр тогтоож, хуваарилдаг. Ер нь АНУ, Канад Улсын эрдэмтдийн ёс зүй, үнэлэмж, үнэ цэнэд хэр зөрүү байдаг  бол.

-Би Физик-технологийн хүрээлэндээ 3 жил ажилласан. Бас Дубнад 4, улмаар Канадад 5 жил, АНУ-д 6 дах жилдээ ажиллаж байна. Ерөнхийд нь дүгнэхэд, эрдэмтэн судлаач хүний ёс зүйн хувьд, эргэн тойромд ажиллаж физик, байгалийн ухааны судлаачид харьцангуй ёс зүй өндөртэй буюу судлаач хүний хариуцлага, үүргийг ухамсарласан, даган хэвшүүлсэн хүмүүс байдаг. Эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ёс суртахуун гээд бүхий л зүйлс нь ёс зүйн ийм байх хандлагыг суулгаж, төлөвшүүлдэг байх. Үнэлэмж гэдгийг эдийн засгийн талаас нь харвал манай улсын судлаачдын хувьд бол АНУ, Канадын их сургуулийн судлаач багш нартай харьцуулахад хэцүү. Эдгээр улсуудад судалгааны чиглэлүүдээсээ хамаараад санхүүжилт ялгаатай байдаг ч судлаач хүний бүтээл, мэдлэг оюуныг нь үнэлж, ангилах нь өөрөө харьцангуй ойлголт юм.Нөгөө талаас нь харвал, үнэ цэнэ, үнэлэмж гэдгийн утга учрыг судлаач хүн хийж буй зүйлсдээ чин сэтгэл, хүсэл сонирхлын үүднээс хандан, тууштай хөдөлмөрлөн ажилласнаар тухайн шинжлэх ухааны салбартаа өөрийн эзлэх байр суурийн олж авах гэж мөн зүйрлэн ойлгож болох юм.

-Олон улсын шинжлэх ухааны төслийн сонгон шалгаруулалт, шатлал, санхүүжилт хэр байдаг, тухайлбал та өөрийн хэрэгжүүлсэн төсөл дээр ярьж өгнө үү?

-АНУ-ын Теxас А&М их сургуульд ажиллаж байхдаа зөвхөн Теxас мужийн хүрээнд онолын физик, химийн чиглэлийн судалгааг санхүүжүүлдэг хувийн Уэлшийн сангаас санхүүжүүлсэн төсөл дээр 3 жил ажилласан. Шалгаруулалт төсөл хэрэгжих хугацаанд гарсан үр дүн тухайлбал, хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, түүний чансаа зэргээс хамаардаг. Удирдагч профессорын маань хэлснээр сонгон шалгаруулалтыг академичид, Нобелийн шагналтнууд хийдэг. Энэ төслийн явцад судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний 6 өгүүлэл хэвлүүлсэн. Харин одоо ажиллаж байгаа төсөл АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сангаас санхүүжилттэй. Бараг л бүх судлаачид өөрсдийн төслөө илгээдэг тул өрсөлдөөн өндөр. Тиймээс шалгаруулалт нь төслийн хэрэгжих үндэслэл, бусад ижил агуулга бүхий төслөөс ялгарах давуу тал, онолын болон практик ач холбогдол болон давхар эдийн засгийн үр ашиг гээд олон зүйлсээс хамаардаг болов уу.

-Та одоо ямар судалгаа, туршилтын ажлыг эхлүүлж байна вэ. Монголдоо салбарын судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг нэвтрүүлэх ирээдүйн зорилго юу вэ?

-Одоогоор би хий, шингэний статистик физикийн салбарт онолын судалгаа хийж байна. Судалгаа маань физикийн хувьд макро түвшинд хамаарна. Дээр дурдсан өөрсдийн гаргаж томьёолсон функцээ ашиглан усны молекулын бусад жижиг молекулуудтай, ялангуяа эмийн найрлагад ордог молекулуудтай харилцан үйлчлэх механизмыг судлах ажлыг судалгааны ажлыг эхлүүлсэн. Эх орондоо өөрийн олон жил дагнасан атом, молекулын физик, онолын хими-физик болон физик-химийн судалгаагаа энэ чиглэлээр ажилладаг найз нөхөд, судлаач багш нартай хамтран судалгааг өргөжүүлэн, илүү өндөр түвшинд гаргах бодолтой байдаг.

-Та Монголдоо өөрийн хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахыг яарч байна уу?

-Сэтгэлд минь үргэлжид байх эх орондоо сурч мэдсэн зүйлсээ оюутан, залуу үе, мэргэжил нэгт нөхөд, багш, судлаач нартайгаа хуваалцах  хүсэл их байна аа, товчхондоо бол яарч байгаа.

-Канадад Монголоос эрдмийн зэрэг хамгаалсан физикийн салбарын анхдагч гадаад оюутны статустай гэсэн тодотголыг та хэрхэн хүлээн авах вэ. Монгол эрдэмтний давуу талыг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан танд ажлын амжилт хүсье?

-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Анхдагч гэсэнтэй уялдуулж хэлэхэд, дунд сургуульд физик зааж, чиглүүлсэн багш маань физикийн багш нарын анхны улсын олимпиадад түрүүлж байсан Ховд аймгийн физикийн багш Д.Нарандорж гэж хүн бий. Харин бакалавр, магистрын судалгааны ажлын маань удирдагч, чиглүүлэгч академич X.Намсрай багш маань баруунд нэг сэдэвт бүтээл хэвлүүлсэн анхны монгол эрдэмтдийн нэг. Өөрийн судалгааны салбартаа “шинээр тооцоолох, томьёолох” гэдэг нь миний хувьд “анхдагч байх”-ын утга учир юм. Энэ дашрамд хоёр эрхэм багш болон надад урам өгч дэмжиж байдаг бусад мэргэжил нэгт судлаач, найз нөхөд бүхий л хүмүүст сэтгэлдээ үргэлж баярлаж явдгаа илэрхийлээд сайхан бүхнийг хүсэж байна.