Шинэ жилийн баяраар эцэг эхчүүд томчууд хүүхэд багачуудад чихэр болон чихэрлэг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр агуулсан ууттай бэлэг олон тоогоор өгдөг. Тэгвэл их хэмжээний чихэр, чихэрлэг бүтээгдэхүүнийг нэг дор хэрэглэх нь хүүхдэд шүдний өвчлөл, бусад халдварт бус өвчлөл үүсэх, шим тэжээлийн дутагдалд орох нөхцөл болдог байна.
Найман төрлийн чихэр болон, чихэрлэг бүтээгдэхүүн шүүс агуулсан шинэ жилийн бэлэгт хэмжилт хийж үзэхэд 215 грамм сахар буюу хүүхдийн өдөрт хэрэглэх сахрын хэмжээнээс 10 дахин их сахар агуулагдаж байсан юм. Харин эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэд их хэмжээний чихэр агуулсан бэлгийг өгөхөөс татгалздаг ч энэ нь хэвшил болсон гэдгийг хэлж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоёр хүртэлх насны хүүхдэд сахар өгөх шаардлагагүй гэж зөвлөсөн байдаг. Тухайлбал 2-6 хүртэлх насны хүүхэд өдөрт дээд тал нь 15 гр сахар хэрэглэх нь зохистой бол 7-16 хүртэлх насны хүүхэд өдөрт 25 гр сахар хэрэглэх нь зохистой гэж зөвлөдөг байна.

Мөн сахрын замбараагүй хэрэглээ нь хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, тэдний эрүүл саруул өсөж бойжих нөхцөлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Их хэмжээний чихрийг нэг дор хэрэглэснээр хүүхэд шим тэжээлийн дутагдалд ордог

Анагаах ухааны доктор М. Ундрам “Чихэрлэг ундааг фруктозын сиропоор амталдаг. Ингэснээр хүний цадах мэдрэмжийг бууруулснаар маш их хэмжээгээр их жин нэмж таргалдаг. Богино хугацаанд илрэх өөрчлөлт гэвэл хүүхэд цочромтгой болж нойрондоо муудан ууртай болдог. Хүүхдийн сахрын хэрэглээ ихэдсэнээс үүдэлтэйгээр яваандаа шүд өвдөх, цоорох, жингийн илүүдэлтэй болох зэрэг олон сөрөг үр дагавруудтай” гэв.

Гаднын орнуудад хүүхдүүддээ амттанаар дүүрэн бэлэг өгөхөөс аль болох зайлсхийдэг байна. Тэд ихэвчлэн үр хүүхдэдээ ямар зүйл хэрэгтэй байгааг урьдчилан судалчихсан байхаас гадна өвлийн өвгөнд бичсэн захианаас нь мэдчихдэг байна. Энэ нь хүүхдэдээ ч тэр эцэг, эхчүүдэд ч тэр зөв сонголт хийх хамгийн хялбар арга байж болох юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн бэлэгт амттан сонгохоос илүү сонирхол татахуйц тоглоом, ном соёлын төрөл бүрийн зүйлс бэлэглэх нь хүүхдийн эрүүл мэндийг бодсон зөв шийдэл болох юм.
