Ажиллуулдаг худгийнхаа ханан дээр томъё, монгол бичгийн цагаан толгой бичиж олонд танигдсан Сүхбаатар дүүргийн 15-р хорооны иргэн Б.Баярсайхан хуучин автобусыг хүүхдийн номын сан болгон тохижуулжээ. Гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдэд тоглох газар хомс учраас номын сан, чөлөөт цаг өнгөрүүлэх газар байгуулсан гэж ярьжээ.
Өдгөө 66 настай тэрээр хуучин автобусыг тохижуулж, цагаан толгой, хуучны мөнгөн тэмдэгтээр ханыг нь тохижуулж, шатар даам тоглох ширээ хүртэл бэлджээ. Иргэдээс ирсэн хандивын номуудаар бяцхан номын сангаа дүүргэжээ.
Гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдэд тоглох газар хомс байна
Сүхбаатар дүүргийн 15-р хорооны иргэн Б.Баярсайхан “Манай энэ хавийн хүүхдүүдэд тоглох тоглоом, тоглоомын талбай алга. Зун очоод харахад хүүхдүүд Сэлбийн голын шилбээр татсан усанд хоёр гараараа тулан элгээрээ усанд хэвтээд байж байна. Ийм байхад энэ хүүхдүүдэд тоглох тоглоом, хичээлээ давтах орон зай хэрэгтэй. Энэ хуучин автобусыг тохижуулахад Ар Хустайн миний найз нөхөд, хөгшчүүд их тусалсан. Номын сангаа баяжуулахад энэ хавийн хүмүүс ном хандивлаж байгаа. Өнөөдөр 40-өөд төрлийн сурах бичиг, 30-аад уран зохиолын ном, танин мэдэхүйн олон номуудтай. Мөн хүүхэд багачуудын мэдлэгт нэмэр болохоор 1925, 1955, 1960, 2001 оноос хойш гарсан мөнгөн дэвсгэртүүдийг дэлгэн тэдэнд зааж өгч байгаа” гэлээ.

Гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдэд тохиотой тоглох талбай байдаггүй, өндөр настанууд салхилж суух газар хомс байдаг нь түүний энэ бүх зүйлийг хийх сэдэл болжээ. Одоогоор тэрээр худгаа монгол бичгээр ханыг нь дүүргэсэн, хүүхдийн бяцхан сагсны талбай, тоглоомын талбай байгуулсан, автобусыг номын сан болгож тохижуулаад байна. Цаашдаа бяцхан гэр хороолол дунд цэцэрлэгт хүрээлэн барих хүсэлтэй гэнэ.

Энэ мэтчилэн иргэн хүн санаачлаад өөрийн чадлаараа, бусдын дэмжлэгээр хороондоо хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх алхам хийж болж байна. Энэ нь нэг угтаа төрийн хийх ажлыг иргэн хийж байгаа нь иргэний оролцоо биш бөгөөд төр ажлаа хийхгүй байгааг нэг талаараа илэрхийлж байна. Учир нь тоглоомын талбай хомс учраас хаалттай байсан сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглом байгаад хөндлөвч төмөрт бяцхан хүү даруулж, нас барсан гунигт түүх бий. Иргэн Б.Баярсайханы хийж байгаа иргэн хүний сэтгэл, зүтгэл зөв ч үүний хажуугаар гэр хороололд хүүхдэд ээлтэй орчин нөхцөл үгүйлэгдэж байгааг мартах учиргүй.



