УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив.

Мөн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Хуулийн төсөл нь 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах агуулгатай юм. Энэхүү зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөх бөгөөд хүү нь 1.25 хувь байх юм. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Батболд “Хэрэгтэй бөгөөд ач холбогдолтой зээл байна. Зээлийн хэрэгжилтэд ямар хяналт тавьж байгаа вэ. Өмнө нь 15 сая ам.доллар, одоо 12 сая ам.доллар зээлэх юм байна. Үүний хэдэн хувь нь төсөлд тусгагдах талаар тайлбарлаж өгнө үү” гэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Дэд бүтцийн төв байгуулж, айлуудад халаагуур тарааж, 5000 айлын янданг буулгана гэж байна. Хаана, ямар айлын янданг цөөлж, айлуудад юу өгөх гэж байгаагаа тодорхой мэдээлнэ үү. Ингэхгүй бол үр дүнгүй зээл болох нь” гэдгийг хэлж байлаа. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн өмчит халаалтын зуухуудыг буулгана. Дэд бүтцийн төв, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын хэрэгслийг нэвтрүүлэх гэсэн олон ажил бий. Төслийн хүрээнд шаардагддаг ажлыг тогтсон журмын дагуу танилцуулж байгаа юм. Нэмэлт санхүүжилт шийдэгдээгүй учраас яг тэр байршил гэж шууд хэлж чадахгүй байна” гэлээ.

Хуралдааны төгсгөлд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ.