УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар мэдээлэл сонсож байна. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлж байна.

Д.Дамба-Очир: -Одоо 1072 хувьцаагаа амь оруулах хэрэгтэй. Хувьцаагаа олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах ажил юу болж байгаа вэ. "Эрдэнэс-Тавантолгой" компанийн удирдлагууд IPO гаргах ажлаас зугтаад байна. Дараа нь асуудалд орчихно, гурван үсэгтэй газар дуудагдана гэдгээс айгаад юм хийхгүй байж болохгүй. Хэрэв хувьцаагаа биржээр арилжаалбал төмөр замаас ч том бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах боломж гарна.

М.Билэгт: -Иргэдийн ногдол ашгийг тараах гэтэл иргэд бүртгэлээ хийлгэж баталгаажуулаагүй байна гэлээ. Өгөөд эхэлбэл иргэд бүртгэлээ хийлгээд ногдол ашгаа авна. Тиймээс энэ бол шалтгаан биш. Иргэд дансаа нээлгэхэд 5-7 мянган төгрөгийн зарлага гарна. Тиймээс иргэд дансаа нээлгэхгүй байхыг үгүйсгэхгүй. Нэг гэр бүл дунджаар 4 данс нээлгэх шаардлагатай болно. Тэр данс нээлгэх мөнгийг нь ногдол ашгаас нь суутгаж болно.