Ирэх мягмар гарагаас эхлэн "Богдхан уул-Төв номын сан” чиглэлд автобус явахаар боллоо. Өнөөдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Богд хан ууланд аялагчдад зориулан өдөр бүр нийтийн тээврээр үйлчлэх шинэ чиглэл нээх асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна.
Улаанбаатар хот тэлж буйтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн XI хорооны оршин суугчид болон Богдхан ууланд алхалт хийж буй хүмүүс Ар Зайсан чиглэлд нийтийн тээврийн автобус явуулахыг хүссэн санал удаа дараа ирүүлж байжээ.Үүнтэй холбогдуулан нийслэлээс Ч:72 буюу “Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд их багтаамжийн 4 автобусыг ирэх мягмар гарагаас эхлэн өдөр бүр явуулах аж.
Тоо баримтаас харахад амралтын өдрүүдэд 600 орчим иргэд тогтмол Богд ууланд алхдаг байна. Энэ чиглэлийн автобус нь Ар зайсангийн чиглэлийн 980 өрхийн 3790 оршин суугчдад нийтийн тээврийн хүртээмжийг мөн нэмэгдүүлж өгч байгаа юм.