Францын хууль сахиулах байгууллагууд Луврын музейгээс хулгайлагдсан Наполеоны үеийн үнэт эдлэлийн хэрэгтэй холбоотойгоор дахин таван сэжигтнийг баривчилжээ. Ингэснээр музейн хулгайн хэргээр баривчлагдсан хүний тоо долоо боллоо. 

Парисын хотын прокурор Лор Бекко радио RTL-д өгсөн ярилцлагадаа баривчлагдсан хүмүүсийн дунд ДНХ-ээрээ гэмт хэрэгтэй холбогдсон нэг сэжигтэн байгааг онцолж, “Тэр хүн мөрдөн байцаагчдын анхаарлын төвд байсаар ирсэн. Бид түүнийг нэлээд хугацаанд ажиглаж байсан” хэмээн мэдэгджээ.

Мөрдөн байцаах, баривчлах ажиллагаа өнгөрөгч лхагва гаргийн орой Парис болон дагуул хотуудад, тэр дундаа Сэн-Сэн-Дени дүүрэгт зэрэг явагджээ.

Одоогоор сэжигтнүүдийн нэр болон дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд зарлаагүй байгаа ч тэдэнд 10-15 жилийн хорих ял оноох хуулийн заалттай тухай прокурорын газар мэдээлэв. Мөн хоёр сэжигтэн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тухай хэвлэлийн бага хурлын үеэр зарласан байна.

Луврын музейн захирал уг хэрэг гарсны дараахан Францын Соёлын сайдад огцрох өргөдлөө өгсөн ч сайд хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. 

Одоогийн байдлаар алдагдсан найман ширхэг үнэт эдлэлээс нэгийг ч эргүүлэн олж чадаагүй байна. Албан эх сурвалжуудын мэдээлснээр анхандаа хулгайн хэрэгт дөрвөн хүн оролцсон байж болзошгүй гэж үзэж байсан ч мөрдөлтийн явцад сэжигтнүүдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна. 

Луврын үнэт эдлэлийн хулгай нь дэлхий дахины урлаг, соёлын хүрээнд хүчтэй цочрол өгсөн бөгөөд Францын хууль сахиулагчид энэ зууны хамгийн том урлагийн хулгай хэмээн тодорхойлж байна.

Б.Оюунхорол