Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нээлттэй ажлын байранд зуучлах, ажил олгогч эзэд, аж ахуйн нэгж байгууллагын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг эергээр өөрчлөх, хүртээмжтэй орчин, тохируулгат ажлын байрыг бий болгоход нөлөөлөх зорилготой “Хүртээмжтэй ирээдүй-2019” өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол улсад Европын холбооны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх “SECiM”төсөл, Жайка ОУ-ын байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих төсөл”, ХБИБ-ууд хамтран зохион байгуулж оролцлоо.
ХБХХЕГ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт зуучлах “Career Expo” арга хэмжээг 2018 онд анх удаа зохион байгуулсан.
“Career expo” арга хэмжээг зохион байгуулснаас хойш бидэнд 200 гаруй аж ахуйн нэгж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулья гэж хандсан
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэгтэй ярилцлаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал ямар байна?
-Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг НҮБ-аас Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Үүнийг улс орон даяар 1981 оноос хойш тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд НҮБ-аас уг өдрийг Хүртээмжтэй ирээдүй уриатай зохион байгуулж байгаа. Бидний гол тулгамдсан асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт. Өнөөдөр 105.5 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний 30 хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэж Үндэсний статистикийн 2018 оны тоон үзүүлэлт байдаг. Үүний 60 хувь нь эмэгтэйчүүд. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт өнөөдрийн байдлаар аваад үзвэл гэрийн аж ахуй эрхэлдэг буюу өрхийн үйлдвэрлэл эрхлэх, гэр бүлдээ туслах, аж ахуйн нэгжид тогтвортой бус байдлаар ажилладаг дүр зураг харагдаад байгаа.
Өнөөдрийн “Career expo” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжлэгтэй хөтөлбөрийг явуулж байгаа зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрийнх нь бэрхшээлийн төрөл онцлогт таарсан ажлыг аж ахуйн нэгжүүдээс санал болгох юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг таарсан ажилд нь зуучлах юм.
-Өнгөрсөн жил “Career expo” арга хэмжээг анх удаа зохион байгуулсан. Энэ ажил хүр үр дүнгээ өгсөн бэ. Хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажилд зуучлагдаад байгаа бол?
-Өнгөрсөн жил бид арванхоёрдугаар сарын 3-нд “Career expo” арга хэмжээг зохион байгуулсан. Үүнээс хойш бидэнд 200 гаруй аж ахуйн нэгж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулья, бэлтгэгдсэн хүн байна уу гээд хандсан. Бид нэгдүгээрт хүмүүсээ бүртгэх, хоёрдугаарт бэлтгэх тал дээр анхаарал тавьж ажиллаж байгаа. Тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байр болон хамт олондоо дасах, тухайн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ зориулсан хүртээмжтэй орчныг бий болгох ажил хийх нөхцөлийг нь хангах зэргээр харилцан хамтран ажиллаж байж жилийн хугацаанд 100 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд зуучлаад байна. Одоо бид тэдгээр иргэдээ хэр тогтвортой ажиллаж байна гэдгийг явж үзэн тулгамдсан асуудал юу байна, түүнийг хамтран шийдвэрлэхийн тулд ажиллаж байна.
Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр нь 100 гаруй ажилчинтай. Тус үйлдвэрт энэ жил улсаас 250 сая төгрөгийг цаасан уут, даавуун тор, ариун цэврийн цаас хийхэд тусгайлан дэмжлэг үзүүлсэн аж. Тэд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох “Мазаалай” эко ариун цэврийг цаасыг үйлдвэрлэн худалдаанд гаргаад байгаа. Нэг ширхэг “Мазаалай” ариун цэврийн цаасны борлуулалт тутмаас нэг төгрөгийг Мазаалай санд өгдгөөрөө эх орныхоо ховордсон ан амьтныг хамгаалах үйлсэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч өөрийн хувь нэмрээ оруулж байгаа сайн жишээг эндээс харж болно. Түүнчлэн даавуун тор, гэр ахуйн хэрэглээнд зориулан шалны мод, шүүр, ажлын бээлий зэргийг үйлдвэрлэдэг юм байна. Тус үйлдвэрийн нийт ажилчдын 80 хувь нь харааны бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй залуусыг сурган дадлагажуулан ажлын байраар хангахын зэрэгцээ 20-30 жил ажиллаж байгаа туршлагатай хамт олонтойг ч тэд онцоллоо.













