“Түүхэн-Туульсын кино” хэмээх төрөл
Киноны төрлийн талаар түгээмэл ойлголтоор драм, инээдэм, романс, гэмт хэрэгт, түүхэн, сэтгэлзүйн драм, дайны, бараан комеди, аймшиг, сэтгэлзүйн триллер гэх мэт төрлүүдийг авч үздэг.

Түүхэн-Туульсын кино нь түүхэн киноны дэд төрөл гэж ойлгоход буруудахгүй. Өргөн цар хүрээ, цаг хугацааг хамран хийгддэг ийм төрлийн киноны уламжлал Италиас эхтэй юм. Жиованни Пастронегийн бүтээл, гурван цагийн турш үргэлжилдэг Кабириа (1914), Энрико Гуаззонигийн “Куо Вадис?” (1912), Америкийн домогт найруулагч Д.В.Гриффитийн Үндэстний үүсэл (1915), христийн шашны дэлгэрлийг харуулсан Үл тэвчил (1916) бүтээлүүд энэ төрөлдөө анхдагчид тооцогдоно. Кино шүүмжлэгч Тим Дөрксийн үзэж буйгаар түүхэн туульсын кино нь “Түүхэн болон хийсвэр үйл явдал, нууцлаг, домоглог, баатарлаг дүрүүд дээр тулгуурласан өндөр төсөв, олон төрлийн хувцас хэрэглэл, нүсэр хөгжим чимэглэл бүхий бүтээл”-ийн нэршил юм. Түүнчлэн киноны бусад жанртай хосолсон бүтээлч туурвидаг.
Жишээлбэл,
- Туульс/Түүхэн вестерн: Чонотой бүжиглэгч (1990) - Туульс/Шинжлэх ухааны уран зөгнөлт: Оддын дайн (1977) - Туульс/Түүхэн драм: Сүүлчийн хаанчлагч (1987)

Сүүлчийн хаанчлагч Найруулагч Бернардо Бертолуччийн бүтээл. Сүүлчийн хаанчлагч (1987) түүхэн туульсын кино.
- Туульс/Дайны сэдэвт: Хамгаас урт өдөр (1962) - Туульс/Зохиолчийн: Титус (1999)
Абел Гансын Наполеон (1927), Лауренс Оливерийн Тавдугаар Хенри (1944), Сергей Эйзентштэйний Догшин Иван (1945) зэрэг түүхэн хүмүүсийн тухай туульсын кино олон. Туульсын киноны нэрт мастер Дэвид Линий “Квай голын гүүр” (1957), “Арабын Лауренс” (1962), Борис Пастернакийн романаас сэдэвлэсэн “Доктор Живога” (1965) бүтээлүүд энэ чиглэлд сонгодогт тооцогддог. Зөвлөлтийн найруулагч Сергей Бондарчукийн “Дайн ба Энх” (1956), Френсис Форд Копполагийн “Загалмайлсан эцэг” гэх мэт туульсын романаас сэдэвлэсэн дэлгэцийн туульс ч бий. Стивен Спилбергийн “Шиндлерийн бүртгэл” (1993), Энтони Мингеллагийн “Англи өвчтөн” зэрэг туульсын шинжтэй нүсэр бүтээлүүд орчин үед ихээр хийгдэх боджээ.

Харин Монголын кино урлагт Түүхэн-Туульсын киног анх бүтээсэн найруулагч бол Дэжидийн Жигжид юм. Монгол орны орчин цагийн түүхийг туульсын хэлбэрээр илэрхийлсэн хоёр туульсын цуврал нь түүний найруулагчийн замнал дахь хамгийн даацтай бүтээлүүд билээ.
Сэхээтний хэв шинжит дүр
Техник, тоног тохөөрөмж, тэдгээрийг ажиллуулах боловсон хүчин кино урлагт чухал. Жараад оны дунд үед Монгол кино үйлдвэр энэ талаар багагүй боломжтой болж ирсэн юм. Харин хэрхэн монгол агуулгатай бүтээл хийх вэ гэдэг асуулт уран бүтээлчдийн өмнө урган гарч ирэв. Одоогийн монгол контент гэлцэж буйгаас ч өргөн далайцтай суурь зорилт.
Нэгэнт эртний их түүхээ сөхөн бичих нь үзэл суртлын хувьд харш болсон тул ойрх цагийн түүхийг кино хэлээр амилуулан, үндэсний онцлогтой кино урлагийг бий болгох ачаа Д.Жигжид, Л.Ванган, Р.Доржпалам зэрэг эрхмүүдийн нуруун дээр иржээ. Үүний дотроос Д.Жигжид, Л.Ванган, нарын удирдсан “Түмний нэг”, “Хүний мөр” төслүүд онцгой ялгарна.

“Түмний нэг”, “Хүний мөр” киноны гол дүр Чимэд бол монгол кино төдийгүй Монголын уран зохиолын түүхэнд гарсан цөөхөн туульсын дүрийн нэг юм. Тэр жирийн зарцаас зарлага, багш, орон нутгийн хөрөнгөтөн, уурхайн мастер, фронтын комиссар, улс төрийн хэрэгтэн, сул иргэн гээд 30 гаруй жилийн дотор амьдралын асар олон нөхцөлийг туулах Чимэдийн дүрийг XX зууны эхэн хагасын үеийн монгол сэхээтний хэв шинжит дүр гэж хэлж болно.
“Түмний нэг”, “Хүний мөр” киноны дүрүүд тухай бүртээ тодорхой урьдач нөхцөл, билэгдэлтэй: Чинбат бол хавчилга дарамт болон хий хөөргөдсөнөөс болж замаа алдаж байсан тухайн цагийн сэхээтнүүдийн хэв шинжит дүр. Магсар дарга цагийг нь олж туслаагүй бол Чинбатыг Д.Нацагдоржийн л хувь тавилан хүлээж байлаа. Нөгөөтэйгүүр Л.Ванган Чинбатын дүрд тухайн үеийн залуусын бүх талын дүр төрхийг багтаасан. Хөдөөний залуу хүү, тэмүүлэл дүүрэн яваа оюутан, мэргэжил мэдлэгтэй сэхээтэн, нисэх хүчин, холын тээвэрчид, архичин гээд нэгэн биед багтамгүй олон хувь тавиланг нэгэн дүрд багтаасан байдаг. Магсар даргын дүр бол тухайн үеийн төрийн тулхтай зүтгэлтнүүдийн ерөнхий хэв төрх юм. Магсарын дүрийн үйлдэл олон талаараа Монголын цогт эх оронч, Ерөнхий сайд асан А.Амарыг санагдуулдаг нь санамсаргүй хэрэг бус. А.Амар сайдын хэлмэгдүүлэлтийг чадах чинээгээр хойшлуулж, арга мухардаж баригдах хүртлээ ард түмнээ түмэн зүйлээр өмгөөлж байсан тэр үйл хэргийн арай багасгасан хувилбарыг Л.Ванган Магсарт шингээчихсэн хэрэг.
Хэв шинжит дүрийг боловсруулахад зохиолч Л.Ванган, Ч.Чимэд нарын харилцан ярианы ур чадвар өндөр үүрэг гүйцэтгэжээ.
Манай орчин үеийн кинонуудад байдаг нэг том алдаа нь заримдаа дүрүүд нь хэт уран зохиолын хэлээр, зарим дүрүүд нь дан ярианы хэлээр яриад байдагт буй юм. Л.Ванган хэл хэрэглэх энэ хоёр хүрээг ухаалагаар хослуулж чаддаг байжээ. “Түмний нэг”, “Хүний мөр” киноны дүрүүд Л.Ванганы дүрүүд бэлгэдэлээр ярьдаг. Киноны уран бүтээлчид үзэл суртлын шалгуур, өөнтөгч түшмэлүүдийн хамар доогуур олон арван бэлгэдэлт дүрийг нууж гарсан нь өдгөө бидний дунд амьд хэвээр, зохиогчийнхоо хэлэхийг хүссэн санааг хүүрнэсээр л байна.