“Чингис хаан” музей байгуулах Засгийн газрын шийдвэр гарч, ирэх онд ашиглалтад оруулахаар болсон. Музейг одоогийн Байгалийн түүхийн музейн барилгын суурин дахин шинэчлэн барина. Тиймээс ирэх оны төсөвт музейн барилга барихаар 53 тэрбум төгрөг тусгасан. Мөн музейн үзмэрүүдийг сэргээн засварлах, сан хөмрөгүүдийг нэмэгдүүлэхэд хоёр тэрбум төгрөг төсөвлөөд буй. Ийнхүү музейг ирэх оны сүүлчээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа учир үзмэрүүдийг сэргээн засварлах, гадаад улс орнуудад хадгалагдаж буй дахин давтагдашгүй, түүхийн хосгүй үнэт олдворуудын эх хуулбарыг хийх, хувь цуглуулагчдаасаа дэмжлэг авах талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн юм.
Уг музей нь гурван хэсэг 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулах гэнэ. Энд Чингис хаантай холбоотой бүхий л судалгаа, шинжилгээ, эрдэм шинжилгээ болон аялал жуулчлалын төв байхаар төлөвлөжээ. Түүнээс гадна монголын 37 хааны үзмэрийн танхимууд байрлана. Товчхондоо, Монгол Улсад төрт ёс бий болсон цагийн үзмэрээс эхлэн үзмэрүүдийг байрлуулахаар төлөвлөж байгаа.
Ийнхүү Чингис хааны музей байгуулахтай зэрэгцэн “Үндэсний түүхийн музей үзмэргүй үлдэх үү” гэдэг асуудал сонирхол татаж байгаа юм. Учир нь, Чингис хааны музей байгуулах тусгай үзмэр, шинэ олдвор байхгүй. Үндэсний түүхийн музей дэх үзмэрийг л тус музейд дэлгэх юм. Чингис хааны түүх бол бүх Монгол Улсын түүх. Түүнчлэн монголын 37 хааны үзмэрийн танхим байрлуулна гэж байгаа. Тэгэхээр Үндэсний түүхийн музейн эртний монголын түүх, эртний улсуудын түүх, эзэнт гүрний түүхийг харуулсан үзмэрүүд бүгд Чингис хааны музейд шилжинэ. Үүнийгээ дагаад уламжлалт хувцас гоёл чимэглэлийн үзмэрүүд ч шилжиж таарна. Хэдийгээр сүүлийн үеийн музейн барилгын жишгээр буюу үзмэр нь тодорхой хувийг эзэлж, техник, технологи ашигласан аудио, видео үзмэрийн танхимууд нэлээд хувийг эзэлнэ гэж байгаа ч дээрх танхимуудад яах аргагүй Үндэсний түүхийн музейн үзмэрүүд очно.