УИХ 2018 онд Донорын тухай хуулийг баталсан. Донорын тухай хуульд тээгч эхийн асуудлыг тусгаж хуульчилсан ч тусгай хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай гэж үзсэн юм. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Оюундарь тэргүүтэй гурван гишүүн Донорын тухай хууль батлагдсаны дараа Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл өргөн барисан юм. Энэхүү хуулийн төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Хүн амын өсөлт тогтвортой байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд гэрлэлт, төрөлтийн нас оройтож, бэлгийн замаар дамжих халдвар, халдварт өвчний гаралт, үр хөндөлт нэмэгдэж байгаа нь үргүйдлийг нэмэгдүүлэх болжээ. Үргүйдлийн үр дагавар зөвхөн гэр бүлийн асуудлаар хязгаарлагдахгүй тухайн улс орны хүн амын өсөлт, улмаар нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Тодруулбал, үргүйдэл нь стресс, сэтгэл гутрал зэрэг сэтгэлзүйн асуудлаас гадна гэр бүлийн хүчирхийлэл, салалт зэрэг нийгмийн сөрөг асуудал үүсгэх аюултай байдаг. Түүнчлэн гадаад оронд явж эмчлүүлэгчдийн шалтгааны тодорхой хувийг үргүйдэл эзэлж байгаа бөгөөд энэ талаар нарийн тооцоо судалгаа хийгдээгүй хэдий ч нилээдгүй мөнгөний урсгал гадагшаа чиглэж байна гэж үздэг ажээ. Гадаадад очиж үргүйдлээ эмчлүүлэхээс гадна тээгч эхээр хүүхдээ тээлгэж төрүүлэх явдал нэмэгдэж байгаа тухай мэдээлэл гардаг.

Үргүйдлийн асуудалтай, үр шилжүүлэн суулгах аргаар үр хүүхэдтэй болох хүсэлтэй иргэд БНСУ болон ОХУ-ын эмнэлэгт их ханддаг байна. Харин сүүлийн үед Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Си эйл даблью эйч”, “Өөжин  мед”, “Баянгол” зэрэг эмнэлэгт үр шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээг явуулах болжээ. Жилд дунджаар нэг эмнэлэгт 300-500 хос хандаж үйлчилгээ авдаг гэсэн тойм төдий судалгаа байдаг байна. Учир нь, энэ асуудал нь хувь хүний нууцтай холбоотой учраас нарийн тодорхой тоо баримт, мэдээлэл хомс аж. Иргэдийн дунд ч үргүйдлийн талаар ойлголт бага, хаалттай эмзэг сэдэв хэвээр. Тиймээс үргүйдлийн бүртгэл мэдээллийг сайжруулах, тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, үргүйдлийн оношилгоо, эмчилгээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийг нэвтрүүлэх нь шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг боловсруулжээ. Энэ асуудлыг шийдвэрлэснээр Монгол Улсын хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Одоогийн байдлаар үр шилжүүлэн суулгах, тээгч эхээр хүүхдээ тээлгэн төрүүлэх харилцаанд эрх зүйн орчин дутагдалтайгаас энэхүү харилцаанаас үүдсэн маргаан нэлээдгүй гарах болжээ. Тиймээс дараах хүрээ хязгаарт багтаан Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дагавар үүснэ гэж үзсэн байна.