“Америкийн кино өдөрлөг 2019” ирэх сард болох гэж байна. Энэхүү кино өдөрлөгийн хүрээнд 10 кино бүтээлийг iCinema кино театрт арванхоёрдугаар сарын 13-16-ны өдрүүдэд үнэ төлбөргүй үзүүлэх ажээ. "Америкийн кино өдөрлөг 2019"-ийн хүрээнд “Ахлах тогооч Флинн” киноны найруулагч Камерон Ейтс манай улсад айлчилж, өөрийн уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй ярилцлага хийх юм байна. Мөн түүнтэй хамт Америкийн кино найруулагч, кино зохиолч Жефф Стокуэлл ирэх бөгөөд тэрээр арванхоёрдугаар сарын 12,13,16,17-нд Монголын кино уран бүтээлчдэд кино зохиол бичих 4 өдрийн төвлөрсөн мэргэжлийн сургалт явуулахаар болжээ.
"Америкийн кино өдөрлөг" хөтөлбөрийг Өмнөд Калифорнийн Их сургуулийн Кино урлагийн дээд сургууль болон Америкийн Засгийн газар хамтран хэрэгжүүлдэг бөгөөд нийгэмд тулгарч байгаа асуудлын тухай кино урлагаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьдог байна.