Эцэг, эх байх эрхээ хасуулсан тохиолдол он гарсаар 14 удаа гарчээ
Манай улсад эцэг эхийн үүрэг хариуцлага маш муу байна. Насанд хүрээгүй хүүхдээ дагуулан архи ууж тэнэдэг эцэг эхчүүдийн тоо олширч байгааг албаныхан хэллээ. Гэтэл ийм хүмүүст авах арга хэмжээ, хуулийн зохицуулалт байхгүй байна.

Сүүлийн нэг жишээ, өнгөрсөн 7 хоногт 8 настай, 4 настай , 4 сартай 3 хүүхдээ дагуулан архи ууж явсан эмэгтэйн бага хүүхдийг нэгэн эмэгтэй гэртээ авч орж, хонуулсан байна. 4 сартай нялх живхээ дүүртэл шээсэн, өтгөндөө холилдчихсон байсныг цэвэрлэж, хувцаслаж, угжиж хүүхдийн 108 утсанд хандан хүлээлгэн өгчээ. Үр хүүхдээ үл хайхардаг ийм тохиолдол маш их байна. Дээр дурдсан гэр бүл хотын харьяалалгүй, эцэг, эх нь архины хамааралтай, үр хүүхэд нь сургууль, цэцэрлэгт явдаггүй. Ийм гэр бүлийн хүүхдүүдийг түр хамгаалах байранд байрлуулдаг ч эцэг эх нь дахин ийм байдал гарахгүй гэж өргөдөл бичин үр хүүхдээ аваад явдаг гэнэ. Гэтэл долоо хоногийн дараа өнөөх л эцэг эх архиа уун, үр хүүхдээ өлсгөн дааруулдаг. Энэ тохиолдолд хүүхдүүдийг хамгаалах ажлыг хийдэг мэргэжилтнүүд, тодорхой ажлууд ч бий. Үүнд нь зориулсан төсөв, мөнгө бий. Харин эцэг эхэд нь зориулсан үйл ажиллагаа байхгүй. Хүүхдээ үл хайхарсан тэдэнд тооцох хариуцлага ч алга.

Архины хамааралтай, олон хүүхэдтэй эцэг эхчүүдийг харьяа хорооныхон анддаггүй. Тэр бүү хэл, араас нь хөөцөлдөж, архинаас гаргах гэж оролдож, хүүхдүүдийг нь сургууль соёл бараадуулдаг. Хорооны хамтарсан хурал зохион байгуулж, архины хамааралтай хүмүүстэй хэрхэн ажиллаж, хүүхдийг нь яах вэ гэдгийг хэлэлцэж шийддэг байна. 19 жил хорооны засаг даргаар ажиллаж, согтуу хөлчүү эцэг эх, хүүхдүүдийнх нь нөхцөл байдал ямар хэмжээнд байдгийг мэдэх Ц.Дунгармаа иргэний эцэг эх байх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж ярилаа.

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга Ц.Дунгармаа “Иргэний эцэг, эх байх үүргийг бид нэлээд өндөр түвшинд тавьж өгөх нь зүйтэй юм. Түүнээс биш бид эндээс тодорхой хэмжээнд тухайн өрх айлтай ажилласан ч тухайн иргэн хүсэж эрмэлзэхгүй байгаа тохиолдолд энэ төрлийн асуудлууд хаагдана гэж байдаггүй, давтагдсаар байдаг” гэлээ.
Эцэг эх байх үүрэг хариуцлагаа ухамсарлах нь битгий хэл хувь хүний биеэ авч явах чадвар тэг түвшинд, өөрийгөө хооллож хувцаслаж чадахгүй, олон хүүхэдтэй ийм хүмүүсийг яах вэ. 1999 онд батлагдсан гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулж, УИХ-д өргөн бариад байгаа юм. Шинэчилсэн хуулийн төсөлд эцэг эх байх хариуцлага, үүрэг, гэр бүл болсон хос руу чиглэсэн үйлчилгээ гээд цогц бодлого багтаасан гэж албаны хүн хэллээ.

ГБХЗХГ-ын гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг “Гэр бүлийн тухай хуулийг зайлшгүй шинэчлэн найруулах шаардлага өнөөдрийн нийгэмд байна. 1999 онд дөнгөж зах зээлийн нийгэм рүү шилжсэн үед батлагдсан энэ хууль өнөөдөр ямар нэгэн байдлаар процессын биш тунхгийн шинж чанартай байна. Энэ хуулиар өнөөдөр гэр бүл цуцлалт дээр нэг заалт хэрэгжиж байна. Өөрөөр гэр бүлд нөлөөлөлтэй, эцэг эхтэй хариуцлага тооцох асуудал маш бага байгаа юм”

Одоо мөрдөж байгаа хууль журмын дагуу хүүхдээ тэжээж, эрхийг нь зөрчилгүй өсгөж хүмүүжүүлэх боломжгүй эцэг эхчүүдийн эрхийг хасдаг. Гэр бүлийн тухай хуулийн 30-р зүйлд зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэг хүний эцэг эх байх эрхийг хасч болно гэж заасан байна. Эцэг эх байх эрхээ шүүхээр хасуулсан тохиолдол энэ оны гуравдугаар улирлын байдлаар 14 удаа гарчээ. Энэ мэт хэрэг явдлын эцсийн дүнд хохирч байгаа нь зөвхөн хүүхэд.

Хүүхдийн захидал: Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Ээжээ, та надад хайртай юу. Би танд маш их хайртай. Хурдан ирж аваарай ээжээ, би таныгаа маш их санаж байна. Охин нь таныгаа хэзээ ч зовоохгүй мундаг байна. Үргэлж би таныг зүүдэлдэг. Та эрүүл энх байж байгаарай. Одоо би таныг намайг хурдхан ирж аваасай гэж боддог. Хайртай шүү ээжээ. Та намайг хэчнээн... та ээж байх эрхээ сэргээсэн юм уу, утасны дугаараа өгөөрэй. Би очмоор байна. Тандаа хайртай шүү...