Тодруулбал, ХӨСҮТ-д 571 хүн өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагийн 340 нь улаанбурхны улмаас хэвтэн эмчлүүлж байгаа аж. Улмаар хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг ачааллаа дийлэхгүй болж, нэг орон дээр хоёр хүүхэд хэвтэж, хүчилтөрөгчийн аппаратаа хуваан хэрэглэж байна. Үүгээр ч зогсохгүй зөвхөн улаанбурхан өвчний улмаас бага насны 15 хүүхэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа гэж ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Уртнасан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Мөн энэ онд улаанбурхнаар өвчлөгсдийн 60 хувь нь 15-28 насныхан, 30 орчим хувь 0-8 сартай хүүхэд байна гэсэн тоо баримт бий. Гэвч өдийг хүртэл уг өвчний тархалтыг зогсоох тууштай арга хэмжээ авахгүй байгаа нь харамсалтай. Мөн энд дахин сэтгэл эзэглүүлэм тоо баримтыг дурдахад, 2016 он гарсаар хоёрхон сарын дотор 6100 гаруй иргэн улаанбурхнаар өвчилсөн бөгөөд өдөрт 300 хүртэлх тохиолдол бүртгэгдэж байгаа гэх.

-Хүүхдийг найман сар, хоёр настайд нь товлолт вакцинд хамруулах ёстой-

Хүүхдийн төлөө байгууллагын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Д.Авирмэд өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Монгол улс улаанбурхан, нүдний ханиад, салхин цэцэг, томуу болон томуу төст өвчнийг хяналтаасаа алдчихсан” гэх сэтгэл эмзэглүүлэм мэдээг дуулгасан. Мөн эдгээр өвчний, тэр дундаа улаанбурхны тархалтыг зогсоох, тууштай арга хэмжээ авахгүй байна хэмээн салбар яамыг буруутгасан юм. Бид энэ мэтчилэн хэдий хүртэл ниргэсэн хойно нь хашгирч, хэн нэгэнд бурууг тохон төр засгаас алдаагаа хайх вэ. Биднийг ийн хэн буруутайг тогтоох, хэн нэгэнд алдаа тохохоор цэц булаалдаж байхад ахин хэдэн хүүхэд энэхүү өвчний халдварыг авч байгаа бол.

-Нярай хүүхдүүдийн дархлаа маш сул байна-

Нөгөөтэйгээр хамгийн гол буруутан бол эцэг, эхчүүд байж болох юм. Учир нь улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн хийгээд найдвартай арга бол хүүхдээ товлолт вакцинжуулалтад бүрэн хамруулах явдал гэдэг. Манайд уг вакциныг хүүхдэд анх есөн сартайд нь, дараа нь хоёр настайд нь давтан хийдэг байна.

Хэрвээ хүүхэд эхээс төрөхдөө эрүүл, дархлаа сайтай төрсөн бол 0-8 сар хүртлээ буюу уг өвчний вакцинд хамрагдах хүртлээ халдвар авах магадлал тун бага байдаг аж. Гэтэл сүүлийн үед ХӨСҮТ-д улаанбурхны халдвар авсан иргэдийн багагүй хувийг 0-8 сартай хүүхдүүд эзэлж буй. Үүнийг эмч мэргэжилтнүүд хүүхдийн дархлаа муудсантай холбон тайлбарлаж байна. Учир нь, сүүлийн үед залуу ээжүүд хүүхдээ хөхөөрөө хооллох нь багасч, үүний улмаас хүүхэд дархлаа султай өвчлөмтгий болжээ. Түүнчлэн улаанбурхнаар өвчилж буй хүүхдүүдийн ихэнх нь эхийн сүүгээр хооллодоггүй, хоолны хомсдолд орсон хүүхдүүд байдаг гэдгийг онцлон хэлжээ. Тиймээс бид алдаагаа хэн нэгэнд тохож, бурууг хэн нэгэн  албан тушаалтан болон салбар яамнаас хайх хэрэггүй юм шиг.

-Улаанбурхан буюу корь гэж юу вэ-

Улаанбурхан бол амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халууралт болон хордлогоор эхэлж, амьсгалын дээд замаар болон нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрх толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэрдэг өвчин юм. Ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог вирусын гаралтай цочмог халдварт өвчин бөгөөд вакцинд хамрагдаагүй бүх насныхан өвчлөх эрсдэлтэй.

Корь ихэнхдээ 2-3 үе шатаар даамжирдаг байна. Эхний үед ямар нэг шинж тэмдэг илрэхгүй ч хөнгөн хэлбэрийн ханиад хүрсэн мэт байдаг. Тэр үед нь анхаарч биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах эмчилгээ, сувилгаа хийж чадваас эдгэрэх нь бий. Ингэж чадаагүй бол хоёрдугаар үед шилжинэ. Нарийн зааглагдах боломжгүй, дараагийн үедээ үргэлжлэн шилждэг. Энэ үед дээр дурдсан тууралт гарч онош тодорно гэсэн үг. Мөн үе, үе сөөнгөтөн ханиах ба халуун нэмэгдэнэ.  Тууралт амны салстаар тархах нь бий.  Нүд нь улайж гэрлээс дальдчина. Улмаар хоолой боогдох хүртлээ даамжирдаг.

-Улаанбурхны үед илрэх шинж тэмдэг-

Мөн бусад эрхтэнд дараах шинж тэмдгүүд илрэх нь бий

-Эрүүн доорх хүзүүний тунгалагийн булчирхайнууд томорч, эмзэглэлтэй болно

-Ховор тохиолдолд элэг дэлүү томроно

-Судасны цохилт олширно, зүрхний авиа бүдгэрнэ, артерийн даралт ялимгүй ихэснэ

-Цаашилбал зүрхний үйл ажиллагаанд өөрчлөлт орно

-Үрэвсэл гуурсан хоолой, мөгөөрсөн хоолойг хамарсан бол амьсгалын эрхтэн тогтолцоонд өөрчлөлт илэрнэ

-Хоол боловсруулах тогтолцооны зүгээс хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэл өнгөртөх, шүлс их ялгарах,  хэвлий зөөлөн, дүүрэнг, эмзэглэлтэй болно.

-Хүндрээгүй үед ямар эмчилгээ хийх вэ-

-Урьдчилан сэргийлэх-

Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах. Хэрвээ дээрх шинж тэмдгүүд илэрвэл харьяа өрхийн эмчдээ хандаж үзүүлэх. Есөн сар болон  хоёр нас хүрсэн хүүхдийг улаан бурхны товлолын вакцинд хамруулах. А аминдэм болон бусад аминдэмийг хэрэглэх. Түүнчлэн улаанбурхан нь 10-14 хоног үргэлжлээд аажим эдгэрэх боловч бүрэн илаарших хүртэл нэгээс хоёр сар халамж, анхаарлаа багасгахгүй байх хэрэгтэй. Учир нь, энэ хугацаанд тууралт хатаж, ховхрон гуужиж дуусдаг байна. Гарч буй хүндрэлээс хамааран хаана эмчлэхийг эмч шийдвэрлэдэг.