
Ерөнхий сайд Санаэ Такаичигийн зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх зорилгын хүрээнд Японы Засгийн газар болон эрх баригч эвсэл ирэх таван жилд батлан хамгаалахын зардлыг бараг хоёр дахин нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа эх сурвалж мэдээлжээ.
Хэрэв уг төлөвлөгөөг баталбал 2027 оны дөрөвдүгээр сараас эхлэх таван жилийн хугацаанд батлан хамгаалах салбарын чадавхыг нэмэгдүүлэхэд 70–80 их наяд иен буюу 457–508 тэрбум ам.доллар зарцуулах аж. Энэ нь 2023 оны санхүүгийн жилээс эхэлсэн одоогийн таван жилийн төлөвлөгөөнд тусгасан ойролцоогоор 43 их наяд иенээс 1.8 дахин их хэмжээ юм.
Гэхдээ Засгийн газар оны эцэс гэхэд төсвөө боловсруулж, аюулгүй байдалтай холбоотой гурван үндсэн баримт бичигтээ шинэчлэл хийх явцад уг дүн өөрчлөгдөх боломжтой.
Шинэ зардлын тодорхой хэсгийг олон тооны нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) худалдан авахад зарцуулах төлөвтэй байгааг эх сурвалжуудын нэг мэдээлсэн байна. Мөн иений ханш суларсан нь батлан хамгаалах зориулалттай тоног төхөөрөмж худалдан авах зардлыг нэмэгдүүлж байгааг дурджээ.
Хоёр дахь эх сурвалжийн мэдээлснээр, эцсийн дүн 70 орчим их наяд иенээр тогтох магадлалтай байна. Гэвч Зүүн Азийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл ийм хэмжээний хөрөнгө хангалттай эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн эцсийн дүнг Засгийн газар болон эвслийн түншүүдийн хооронд хэлэлцэх шаардлагатай хэвээр байгаа юм.
Япон улс 2022 оны эцэст боловсруулсан одоогийн батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн зардлаа анх 27.5 их наяд иен байхаар тогтоосноо эрс нэмэгдүүлсэн юм. Уг хөтөлбөрт голлон сөрөг цохилт өгөх чадавх бүрдүүлэх зориулалттай алсын тусгалын пуужин худалдан авахын зэрэгцээ цэргийн зориулалттай техник, тоног төхөөрөмжийн сум, галт хэрэглэл болон сэлбэг хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд анхаарчээ.