УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн гаргасан Элчин сайдыг эгүүлэн, томилох тухай саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, саналаа хэлж, нэр дэвшигчид болон ажлын хэсэг хариулав.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хүмүүсийг дэмжиж байна. Ер нь УИХ-ын гишүүд дэмжээд явуулдаг. Гэвч Элчин сайдууд томилогдсоныхоо дараа хэл ам таталдаг. Тиймээс онцгой анхааралтай ажиллаарай. Дипломат алба бол Монгол төрийн төлөөлөл шүү. Эгүүлэн татах гэж байгаа хүмүүсээ өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ гэдгийг нь бас дүгнэж, ярилцаж баймаар байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат

Нэр дэвшиж байгаа сайдуудыг дэмжиж байна. Гэхдээ асуудал байгаа. Польшт хоёр жилийн өмнө очсон. Тэнд 1000 орчим монгол байна. Тиймээс нэр дэвшигч Б.Доржоос асууя. Тэнд байгаа иргэдийн саналыг хэрхэн авч ажиллах вэ. Хоёр иргэншлийн асуудал яригдаад байгаа. Үүнийг яах вэ. Өөрийнхөө бодлыг хэлнэ үү?

Польшт суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Дорж

Польшт 920 гаруй монгол хүн амьдарч байгаа. Польшийн нэг онцлог бол тэнд манай уламжлалт анагаах ухааны эмч нар ажилладаг. Энэ нь  манай улсын хувьд чухал ач холбогдолтой зүйл. Тийм учраас эмч нарыг урамшуулж, дэмжиж явах ёстой гэж боддог. Мөн давхар иргэншлийн хувьд судалж байгаа.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

Батлан хамгаалахын салбарт гадаад харилцаа хамгийн идэвхтэй хөгжсөн. Тэр ч утгаараа Д.Даваа генералын нэрийг оруулж байгаа. Эрэмбэ яриад байна. Энэ хүн салбартаа олон жил ажиллаж, генерал хүртэл явсан. Бүх шатандаа ажиллаж үзсэн. Мөн цэргийн хамтын ажиллагаа бол ОХУ-тай хамгийн их хамаатай байдаг. Тиймээс салбартаа олон жил ажилласан хүн шаардлага хангана. ОХУ-тай хамгийн сайн ойлголцоно.