Хувцсан дээр толбо тогтох, цагаан хувцас хэрэглэлүүд өнгөө алдах, угаах тусам улам ширүүн болдог материалууд зэрэг угааж цэвэрлэхэд төвөгтэй, нарийн ажиллагаа шаардсан ажлууд гэрийн эзэгтэй бидний алхам тутамд тохиолддог. Заримдаа ч хэрэглээнээсээ хасч, шинийг худалдан авах үе ч гарна. Химийн гаралтай хүчтэй цайруулагч бодис ашиглахаар хурц эвгүй үнэр нь хэсэгтээ л хувцаснаас салахгүй. Учраа олохгүй байгаа тэдгээр хувцас хэрэглэлээ хэрхэн гар доорх материалаа ашиглан өнгийг нь сэргээж, хөвөн зөөлөн болгох тухай зөвлөе.
Цагаан цамц цайруулах арга
Нэг цайны халбага хүнсний содыг толботой хэсэгт түрхээд, таллаж хуваасан нимбэгээр сайтар үрнэ. Хэсэг хугацааны дараа халуун бүлээн усаар угаахад таны хувцсан дээрх толбо ор мөргүй арилсан байх болно. Энэхүү арга нь цагаан хувцсан дээр шарлаж тогтсон толбыг арилгахад илүү үр дүнтэй ба толбо арилгах явцад бий болсон толбыг ч мөн сода, нимбэгний шүүсийг ашиглан арилгах боломжтой юм.

Хувцас болон бусад эдлэлийг зөөлрүүлэх арга
Нэг литр орчим халуун усанд тал аяга цагаан цуу хийгээд толботой хувцсаа 40 минут орчим байлгана. Хэрвээ хөлөрснөөс үүдэлтэй толбоноос ангижрахаар шийдсэн бол толбо болсон хэсэгтээ цагаан цуу асгаад бага зэрэг усаар үрэхэд л болно. Цагаан цуу нь хувцас цайруулах, мөн зөөлрүүлэх давхар үйлчилгээтэй.
Бүх төрлийн хувцсыг цайруулах арга
Буцалж буй халуун усан дээр хоёр ширхэг нимбэгийг хувааж хийнэ. Цайруулах хувцсаа хийгээд 40 орчим минут дэвтээсний дараа цэвэр усаар зайлж угаана. Нимбэг нь хувцас, эд хэрэглэлийг гэмтээхгүйгээр цэвэрлэж, толбыг арилгахад түгээмэл хэрэглэгддэг шалгарсан арга юм.
Эрчимт угаалга хийх арга
Нэг литр усанд 1/4 аяга устөрөгчийн хэт исэл, 4 дусал аммиакийг хийж сайтар хутгана. Уг уусмалдаа цайруулах хувцсаа хийгээд 10 минут орчим байлгах ба дараа нь цэвэр усаар сайтар зайлна. Энэхүү арга нь ихээхэн үр дүнтэй ба хүчиллэг чанараар бусдаасаа илүү учраас үүнийг хэрэглэх явцдаа бээлий өмсөх хэрэгтэйг анхаараарай.
Дагтаршсан толбыг арилгах арга
Том хэмжээтэй саванд хоёр литр ус хийгээд буцалгах ба үүн дээр нэг халбага давс хийн сайтар хутгана. Мөн гурван ширхэг нимбэгний шүүсийг шахаж бэлтгээд бага зэрэг угаалгын нунтгийн хамт халуун усан дээрээ хийнэ. Толботой хувцсаа 40 минут орчим байлгах ба цэвэр усаар 2-3 удаа сайтар зайлаад хатаахад таны хувцсан дээрх толбо ор мөргүй арилсан байх болно.
Ор дэрний цагаан хэрэглэлээ ингэж угаа
Угаах гэж буй ор дэрний цагаан хэрэглэл дээрээ гашилж ээдсэн сүү хийгээд 1-2 цаг байлгах ба үүний дараа ердийн угаалгын нунтгаар угаана. Энэхүү арга нь цагаан хэрэглэлийн өнгийг сэргэээгээд зогсохгүй хөвөн зөөлөн, илүү тааламжтай мэдрэмжийг төрүүлнэ.
