Энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойг тэмдэглэж байна. Нийслэлийн өдрийг баяр ёслолын байдалтай тэмдэглэх болсны 26 жилийн ой энэ жил бас тохиож буй юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 оны долдугаар сарын 5-ны өдөр батлагдсанаар Улаанбаатар хот өөрийн “Үндсэн хууль”-тай болсон билээ. Уг хуульд нийслэл нь өөрийн туг, сүлд, тэмдэг, шагнал, өргөмжлөлтэй, хэвлэл мэдээллийн байгууллагатай, түүнчлэн нийслэл хот өөрийн төсөв, татвар, сантай, жил бүр ёслон тэмдэглэдэг Нийслэлийн өдөртэй байхаар зааж өгсөн байдаг. Энэ хуулийн дагуу бид сүүлийн 26 жил Нийслэлийн өдрийг тэмдэглэж иржээ. Аравдугаар сарын 29-нийг Нийслэлийн өдөр хэмээн товлосон учир нь 1924 онд хуралдсан Монгол Улсын анхдугаар их хурлаар Нийслэл Хүрээг Улаанбаатар хот хэмээн нэрлэж улсынхаа нийслэлээр тунхаглан зарласан үйл явдалтай холбоотой. Монголчууд хүн ам хамгийн олноор суурьшсан, нийгэм, улс төр, шашин, соёлын төвөө орд, өргөө, хүрээ хэмээн нэрлэж байгаад 1924 онд анх удаа ийнхүү хот гэж нэрлэх болж, түүнийгээ хуульчилсан ажээ. Түүнээс өмнө 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж Манжийн эрхшээлээс гарсны дараа Богд хааны зарлигаар тусгаар улсынхаа нийслэлийг сэргээн Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрлэх болсон түүхтэй. Ардын хувьсгал ялсны дараа Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхаглахын хамт нийслэл хотоо Улаанбаатар хэмээн нэрийдэн зарласан нь тусгаар улсын хувьд түүхэн үйл явдал байв. 95 жилийн өмнөх уг үйл явдлын талаар Улаанбаатар хэмээх нэрийг Коминтерний төлөөлөгч Рыскулов өгсөн бөгөөд улаан хувьсгалын улаан тугийг бүрхсэн орон болтугай хэмээсэн санааг илэрхийлсэн гэх яриа, эсвэл улаан хувьсгалын гэхээсээ илүүтэй Нар хажидын орон гэдэг далд утгыг агуулсан, бүр цаашилбал Улаанбаатар хэмээх нэртэй холбоотойгоор дурсагддаг нэрт зураач, эрдэмтэн Н.Рерихийн “Улаан хөлөгт баатар” хэмээх алдарт зурагт Шамбалын хаан Рэгдэндагвыг дүрсэлсэн төдийгүй монголчуудын ирээдүйн сайн сайхан, сэргэн мандалтыг бэлгэдсэн гэдэг тайлбарыг энд дэлгэрүүлэн нурших илүүц биз.
Юутай ч тухайн үед нийслэл хотдоо ямар нэр өгөх тухай Анхдугаар их хурлын төлөөлөгчдийн дунд санал уралдуулахад Ерөнхий сайд Б.Цэрэндорж Чандмань Өргөө, Хатанбаатар С.Магсаржав Ялгуулсан, Х.Чойбалсан Хатан Туул, их зохиолч С.Буяннэмэх Монголжин, их зохиолч Д.Нацагдорж Хан Уул, Б.Эрдэнэбатхаан Мандал, Онходын С.Жамьяан гүн Энхжин, эрдэмтэн Ж.Цэвээн Мөнхжин, А.Амар Өргөө, Ц.Дамбадорж Хүрээ, Н.Жадамба Баатар, Насанбат Дарханбаатар хэмээн олон янзын нэрийг биеэр болон төлөөлөгчдөөрөө дамжуулан санал болгосон ч Н.Жадамбын Баатар хот гэсэн нэр нэлээд хүчтэй дэмжлэг аваад байтал Коминтерний төлөөлөгч Рыскулов түүн дээр нь Улаан гэдэг тодотголыг шургуулж орхисон нь үнэн юм гэдэг. Улаанбаатар гэдэг нэрийг хэзээ, хэрхэн өгсөн талаар яагаад ийн нуршив гэхээр өнөөдөр тэмдэглэж байгаа Нийслэлийн өдөр уг үйл явдалтай шууд холбоотой учраас билээ. Түүнээс биш Монгол Улсын нийслэлийн түүх хэмээвээс 95 жил бус, 380 жил ч биш. Их Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум, бүр цаашилбал төв Азид анх төрт улсаа байгуулсан Хүн гүрний нийслэл Луут хотын түүх цадигаар баяжин дэлгэрч, он цагийн хувьд 2000 гаруй жилээр цаашлах учиртай. Эдүгээ түүхчид Хүннүгийн түүхийг 2200 жилээр биш түүнээс улам цааш тоолох боломжтой гэдгийг хэлж буй. Үүнийг дагаад нүүдэлчдийн төр улсын төв-нийслэлийн түүх ч он цагийн хувьд уртсах нь тодорхой. Нүүдэлчид нэг газартаа төвлөрөн, шавар хэрэмд шавааралдан суудаггүй байсан хэдий ч хаад дээдэс, шаньюй өргөөг дагасан хүчирхэг суурин хүрээ байсан нь дамжиггүй. Ердөө 380-хан жилийн өмнөх Өндөр гэгээний Шар бөсийн нүүдэл ордыг Улаанбаатарын үүсэл гэж үзэж байгаагийн дэргэд 2228 жилийн тэртээх Модун шаньюйн үеийн хүннүчүүдийн нүүдэл орд тухайн цаг үедээ нийслэл хотын үүргийг гүйцэтгэж байсан нь маргашгүй юм.
Дэлхийн анхны хот 9000 жилийн өмнө байгуулагдсан гэдэг. Таван мянган жилийн өмнө эртний Хятадын улсыг умардын буга шүтээнт нүүдэлчдийн хүчирхэг улс довтлон сандаргаж явсан түүхэн сурвалж бийг бодоход түүнээс нэг их холгүй нүүдэлчдийн төрт улсын нийслэл эсгий хот, эвийн хүрээ хэлбэрээр үүссэн бизээ. Ямар ч л байсан дэлхийн эртний хотуудын нэг Лондон 2000 жилийн өмнө байгуулагдсан тэр цаг үед Хүннүгийн Луут хот Орхон, Сэлэнгийн бэлчир, Хангай ханы хараа бараанд оршин байжээ.

2000 цаашилбал түүнээс хоёр дахин урт он цагаар тоологдох нийслэлийн түүхтэй монголчуудын өнөөгийн нийслэл хотын үүсэл 381 жилийн өмнө тавигдаж, эдүгээгийн дөрвөн уулын дунд суурьшсаар 241 жил болж. Улаанбаатар хот энэ 381 жилийнхээ сүүлийн 90 жилд л жинхэнэ хотын дүр төрхийг олон хөгжжээ. Өнгөрсөн XX зууны 20-иод онд Нийслэл Хүрээ хэмээх дэн барьсан эсгий хотын хамгийн өндөр барилга нь хоёр давхар, түүнээсээ өндөр овоолсон хур хогтой байжээ. Хүрээ золбин ноход яргин боргосон гэр хороололтой, шавар шалбаагтаа умбаж, тоос шороонд дарагдсан цөөн хэдэн гудамж талбай, зах зээлтэй бүдүүлэг харанхуй суурин байв. Хувь хүн дурсамжаар, улс орон өнгөрсөн түүхээрээ амьдрах юм бол урагш хөгжихгүй. Тиймээс түүх биш өнөө, ирээдүйн талаар түлхүү ярья. Улаанбаатарын өнөөдрийг хууль эрх зүйн орчин дээр нь тулгуурлаж, ирээдүйг нь ерөнхий төлөвлөлтөөр нь жишээлж төсөөлөхийг хичээе. 1924 онд Нийслэл Хүрээг Улаанбаатар гэж нэрлэсэн нь хуучин хүү шинэ хүү болов, хуучин Монгол улаан Монгол болов гэдэг шиг тунхагийн шинжтэй л байсан болохоос биш хот байгуулалт, төлөвлөлт, хотжилт гэдэг ойлголт түүнээс хойш 30 жилийн дараа л шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тавигджээ. 1954 онд Улаанбаатар хотын анхдугаар ерөнхий төлөвлөгөөг баталснаар энэ бүхэн эхэлсэн юм. Дараа нь 1963, 1971, 1986 онд тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүдийн шууд удирдлага дор Улаанбаатар хотын дөрвөн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлжээ.
Харин 2002 онд нийслэлийнхээ тав дахь ерөнхий төлөвлөгөөг монголчууд өөрсдөө боловсруулж баталсан юм. Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх концепц бүхий уг төлөвлөгөөнд УИХ 2013 онд тодотгол хийсэн.
Улаанбаатар хотыг 2000 он гэхэд 500 мянган хүн амтай байхаар тооцож төлөвлөлт хийж байсан дөрвөн удаагийн ерөнхий төлөвлөгөөг ЗХУ-д боловсруулж байж. Тиймээс тухайн үеийн төлөвлөлт, тооцооны нарийн ширийнийг эдүгээ олж үзэх боломж хомс. Харин монголчууд өөрсдөө анх боловсруулсан 2002 оны тав дахь ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжсөн бол Улаанбаатар өнөөдөр ямар байх байж вэ? Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотыг тогтвортой хөгжүүлэх, иргэдийн ажиллаж, амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх зорилт дэвшүүлж, 2020 он гэхэд Улаанбаатар хот 1 сая 150 мянган хүн амтай болно гэж тооцож байжээ. Гэтэл амьдрал дээр шилжилт хөдөлгөөн эрчимжсэнээр 2010 он гэхэд нийслэлийн хүн ам сая хол давчихсан. Ерөнхий төлөвлөгөөний хугацаа талдаа ороогүй байхад төлөвлөсөн тооцооллууд нь эвдэгдэж эхэлсэн гэсэн үг.
Түүнчлэн 2020 он гэхэд нийслэлийн нийт хүн амын 82 хувь нь орон сууцанд амьдрах бөгөөд орон сууцны нэг ам метр талбай 300 мянган төгрөг байна хэмээн төлөвлөсөн аж. Амьдрал дээр өнөөдрийн байдлаар нийслэлийн хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдарсан хэвээр. Орон сууцны ам метр талбайн үнэ 1.5-аас гурван сая төгрөгт хүрээд байгаа.
Түүнчлэн 2002 онд баталсан ерөнхий төлөвлөгөөнд эдүгээгийн “Олимп”, “Баянмонгол” хороолол, “Дөрвөн уулын цэцэрлэг”, “Маршал таун”, “Стандарт”, “Зайсан”, Туул голын эрэг дэх “Солонгос” хотхон зэрэг хороолол, хотхонууд огт төлөвлөгдөөгүй байжээ. Мөн Төрийн ордноос хойш Хүүхдийн урлан бүтээх төв хүртэлх Бага тойруугийн хэсэгт Парламентын ордон, Ерөнхийлөгчийн ордон, Эзэн Чингис хааны цогцолбор барихаар төлөвлөсөн боловч эдүгээ уг орон зайд орон сууц болон дэлгүүр, үйлчилгээний газрууд л баригджээ. Үүн дээр ерөнхий төлөвлөгөөнд тусаагүй гэр хорооллын тэлэлт, шинэ суурьшлыг нэмэх юм бол Улаанбаатар хотын тав дахь ерөнхий төлөвлөгөө шинэ зуун гарснаас хойшхи анхны ерөнхий төлөвлөгөө гэдгээрээ онцлогтой, ач холбогдол өндөр байсан боловч хэрэгжилт нь тун тиймхэн. Юутай ч Улаанбаатар хотын 2020 оны хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний биелэлтийг 29 хувь гэж дүгнэсэн юм билээ. Дуртай үедээ сүм хийд, хот хүрээгээ ачаад нүүдэг байсан монголчуудын зан, дадал зуршил хотжилттой хорших биш харших болсны нэг илрэл энэ. Үүнийг ерөнхий төлөвлөгөөний “зовлон” ч гэж болох юм.

УИХ 2013 оны хоёрдугаар сарын 08-нд 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг баталжээ. Энэхүү тодотголд Улаанбаатарын хүн амын зохисгүй өсөлт, хотын хэт төвлөрлийг сааруулан суурьшлын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, хотын бүтцийг боловсронгуй болгож, газар ашиглалт, хот төлөвлөлтийн бүсчлэлийн тогтолцоог шинэчлэх, гудамж зам, тээврийн сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөн үе шаттайгаар хөгжүүлэх, эдийн засаг болон нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх, инженерийн үндсэн бүтцийг хөгжүүлэх гэсэн долоон чиглэлээр хийх ажлыг төлөвлөсөн байна. Нийслэл Улаанбаатарын хөгжлийн тэргүүлэх чиг хандлагыг цаг уурын өөрчлөлт, ирээдүйд учирч болох гамшгийг даван туулах, дасан зохицох чадавхи бүхий “Аюулгүй, эрүүл, ногоон хот”, Зохистой газар зохион байгуулалт, дэд бүтэц, орон сууцны нөхцөл бүхий хүн амын “Амьдрахад таатай хот”, Иргэд, олон нийт болон хувийн хэвшлийг төрийн үйлчилгээнд татан оролцуулдаг “Сайн засаглалтай, дэвшилтэт хууль эрхзүйн орчин бүхий хот”, Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд суурилсан эрчимтэй хөгжиж буй дагуул хот тосгодтой нийслэл хот, Өрсөлдөх чадвартай, олон улсын бизнесийн төв, дэлхийн хөгжилтэй орнуудын нийслэл хотуудын жишигт хүрсэн хот, Гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан нүүдэлчдийн “Азийн аялал жуулчлалын төв хот” байна хэмээн тодорхойлжээ.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцыг Нийслэлийн зураг төслийн хүрээлэнд боловсруулж НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдсэн.Одоо “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г Барилга хот байгуулалтын яамтай хамтран боловсруулж Монгол Улсын Их Хурлаар хуульчлан батлуулна. Тус концепцын төсөлд хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн өсөлт, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлагад тулгуурлан Улаанбаатар хотыг тогтвортой, компакт, хүртээмжтэй, хэмнэлттэй, дасан зохицох, идэвхтэй хот болгох зургаан зорилтыг тодорхойлоод байгаа ажээ. Мөн Улаанбаатар хотыг 2040 он гэхэд “Амьдралын таатай орчин үрдсэн хот” болгон хөгжүүлэх алсын харааг дэвшүүлсэн байна. Энэхүү алсын харааг хэрэгжүүлэхийн тулд хот төлөвлөлтийн концепц, зорилгоо тодорхойлжээ. Үүнд, концепцын хувьд тогтвортой, цогц, хүртээмжтэй, хэмнэлттэй, дасан зохицох, динамик гэсэн зарчмуудыг баримталж эрүүл аюулгүй хот, өндөр бүтээмжтэй хот, аялал жуулчлалын хот, тэгш хүртээмжтэй хот, хүний хөгжлийг дэмжсэн хот гэсэн зорилтууд дэвшүүлжээ. Энгийнээр хэлэхэд,
2040 он гэхэд Улаанбаатар хот 1.7 сая хүн амтай, бүтээгч эдийн засагтай мега хот болох бөгөөд нийслэлийн нэг хүнд ногдох ДНБ 20 мянган ам.долларт хүрэх гэнэ.
Мөн Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болсон байх бөгөөд хоёр төв, таван дэд төв, 25 олон нийтийн төвтэй болж өргөжин тэлэх аж. Дэд бүтцийн хувьд BRT буюу тусгай замын автобусны дөрвөн шугам, массив хурдны транзит буюу MRT-ын нэг шугамтай болох бөгөөд нийт автомашины тоо өнөөгийнхөөс даруй хоёр дахин бага буюу 350 мянга байх гэнэ.
Дэлхийн хотуудын ирээдүйн хөгжлийн чиг хандлага ногоон хот гэдэг хоёрхон үгэнд багтаж томъёологдох болжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 онд баталсан 17 зорилт бүхий Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, мөн онд Парис хотноо хуралдсан НҮБ-ын COP21 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын бага хурлаас баталсан “Парисын гэрээ” баримт бичигт ногоон хотын үзэл баримтлалыг тодорхой тусгаж өгсөн байна. Тиймээс Улаанбаатар хотын хувьд дэлхийн хотуудын ногоон хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлж буй дэвшилтэт туршлагыг өөрийн улсын онцлог, нөхцөл байдалд нийцүүлэн нэвтрүүлэх, нутагшуулахаас өөр аргагүй. Ерөнхий төлөвлөгөө, төлөвлөлт бол тухайн хотын хувьд дагаж мөрдөх “Үндсэн хууль” нь. Энэ “хууль”-ийг хэрэгжүүлэхийн тулд нийслэлийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Улаанбаатарын өмнө тулгараад байгаа олон хурц асуудлууд төлөвлөлт, хууль эрх зүйн орчин хоёрыг сайжруулж, харилцан уялдуулснаар шийдэгдэнэ. Хууль эрх зүйн талаас асуудлыг ул суурьтай авч үзэж зөрчилгүй шийдвэрлэхэд анхаарах ёстой гэдэг санаанууд мэргэжлийн хүрээнийхнээс гардаг. Тухайлбал, төвлөрлийг сааруулах, нийслэлийг захиргааны болон санхүүгийн хувьд бие даасан байдалтай болгох зэрэг нь зөвхөн ерөнхий төлөвлөгөө баталснаар шийдэгдэхгүй.
Мөн эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад аймаг, нийслэл нэг ижил статустай, сум, дүүрэг хоёр мөн ижил статустай байгаа. Гэтэл 1.5 сая хүн амтай нийслэл Улаанбаатарыг 17 мянган хүнтэй Говьсүмбэр эсвэл 46 мянган хүнтэй Дундговь аймагтай жиших аргагүй. Үүнтэй адил 320 гаруй мянган хүн амтай Сонгинохайрхан дүүрэг 2500 хүнтэй Дорнодын Матад сумтай засаг захиргааны нэгжийн хувьд яг ижил статустай байх жишээтэй.
Тиймээс энэ мэт гажуудлыг арилгахын тулд 25 жилийн өмнө батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулахаар төслийг нь УИХ-д өргөн бариад байгаа юм. Өнөөгийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулж байгаа аж.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн зүйл, заалт сүүлд батлагдсан зарим хуулиудын зүйл, заалттай давхардах, зөрчилдөх, цаг хугацааны явцад зохицуулалтын чадвараа алдах зэрэг тохиолдол гарах болж.
Мөн хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай нийгмийн зарим харилцааг хуулиар зохицуулаагүй үлдээснээс эрх зүйн хийдэл үүсч байгаа зэрэг нь дээрх хуулийг шинэчлэн найруулах үндэслэл болжээ. Нийслэл Улаанбаатарыг 2020 он гэхэд “Амьдралын таатай орчин бүрдсэн хот” болгон хөгжүүлэхэд хууль эрх зүйн таатай орчин чухал. Тиймээс цаашид төрөөс оновчтой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, нийслэл хотын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага урган гарч буй. Нэг сая хүн амтай метрополис 400 хотын нэг болоод 10 жилийн нүүр үзэж буй Улаанбаатар агаар, хөрс, усны бохирдол, түгжрэл, ядуурал, ажилгүйдэл зэрэг олон хурц асуудлаа түр зуур гал унтраах аргаар шийдээд хол явахгүй. Хууль эрх зүйн орчин хийгээд ерөнхий төлөвлөгөөндөө үзэл санааны, бодлогын шинэчлэл хийж байж дэлхийн ногоон хотуудын эгнээнд хөл нийлүүлэх болно.