НҮБ өөрийн байгууллагын түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй хүн төрөлхтний ирээдүйн тухай дэлхийн хэмжээний яриа хэлэлцээг эхлүүлэх гэж байна. Ирэх 2020 онд НҮБ 75 нас хүрнэ. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 75 жилийн ойгоо угтаж бидний хүсч буй ирээдүйг бий болгоход дэлхийн хамтын ажиллагааны үүрэг оролцооны талаар дэлхий нийтийн яриа өрнүүлэх болно гэж мэдэгджээ. Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн НҮБ энэхүү өргөн хүрээг хамарсан яриа хэлэлцээг эхлүүлэх гэнэ. НҮБ үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ой тохиох 2045 он хүртэлх дэлхий нийтийн алсын харааг бий болгохыг зорьж байна гэдгийг Антанио Гутерриш онцолжээ. Тэрээр хүн төрөлхтөний ирээдүйд тулгарч буй аюул заналхийллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, түүнийг даван туулах алсын харааг хэрэгжүүлэхийн тулд хамтын үйл ажиллагааг улам нягтруулах ёстой гэсэн байна.

Энэ өргөн хүрээтэй яриа хэлэлцээнд дэлхийн улс орнуудын ард иргэдийг дээд хэмжээгээр хамруулах бөгөөд олон улсын нийгэм, улс төрийн нөхцөл байдлын талаар залуус ба эмзэг бүлгийн хүмүүсийн дуу хоолойг сонсох ажээ. Ийнхүү дэлхий нийтийн нэгдмэл хамтын ажиллагааг бий болгож, хүмүүсийг олон нийтийн үйл ажиллагаанд оролцох замаар илүү сайн сайхан ирээдүйг бүтээхийн төлөө хамтын хүчин чармайлт гаргахыг уриалах юм байна. Яриа хэлэлцээний үр дүнг ирэх онд зохиогдох НҮБ-ын ерөнхий ассамблейн 75-р чуулганд оролцох улс орнуудын удирдагчдад танилцуулах юм байна.