АНУ-д олон зуун хүн өвдөж, бүр амь насаа алдаад байгаа электрон тамхитай холбоотой хуулийн зохицуулалт манай улсад алга байна. Хилээр утаагүй буюу электрон тамхийг цахилгаан барааны ангиллаар материал бүрдүүлэн, чөлөөтэй оруулж ирж байна. Үүнээс харахад АНУ-д үүсээд байгаа нөхцөл байдал манай улсад ч үүсэх эрсдэл байна. Энэ сарын 9-ны өдрийн байдлаар АНУ-ын 21 мужид 22 иргэн электрон тамхи хэрэглэсний улмаас уушгины өвчний улмаас нас барсан, 1299 хүн өвдсөн байна.

Баттерейгаар цэнэглэдэг, үзэг, эсвэл плаш шиг харагддаг уг дуураймал электрон тамхинд никотин, марихуан гэх мэт бодисууд агуулагдсан гэж үзэж байгаа юм байна. Мөн АУН-ын эрүүл мэндийн газраас гаргасан мэдээллээр өвчтөнүүдийн тамхинаас химийн бодис, е витамины ацетит, мөн биеэс нь каннабис илэрсэн байна. Үргэлжлүүлэн тал талын байгууллага судалж байгаа гэнэ. Харин АНУ-д болоод байгаа ноцтой асуудал манайд ч үүсэх эрсдэл байна. Учир нь манай улсын хувьд электрон тамхитай холбоотой хуулийн зохицуулалт байхгүй учраас цахилгаан барааны бичиг баримт бүрдүүлж, хилээр асуудалгүй оруулж байна.
МХЕГ: Эрсдэлээс сэргийлэхийн тулд тамхины хяналтын тухай хуульд электрон, шингэн тамхины талаар тусгах шаардлагатай
МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар “Олон улсад тамхины хяналтын тухай хууль гэж батлагдсан нь зөвхөн утаат тамхинд буюу янжуур, дүнсэн тамхины зохицуулалтууд орсон. Энэ хуулинд усан болон электрон тамхины асуудлыг нарийвчлан тусгаагүй. Үүнд холбогдох мэргэжлийн яамнуудтай хамтран ажиллаж хуулийн төслөө УИХ-д оруулсан байгаа. Гэтэл одоог хүртэл энэ хууль батлагдаагүй. Би энэ асуудлаар тодорхой хэмжээний судалгаа хийн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хандаж байсан. ДЭМБ-аас манайд ирүүлсэн зөвлөмжид аль болох электрон тамхийг хэрэглэхгүй нь зүйтэй гэсэн. Электрон тамхины найрлагад байдаг никотин гэдэг бодис химийн гаралтай учраас тодорхой хэмжээгээр уушгинд нөлөөлж улмаас сөрөг нөлөө өгч өвчлөх магадлал байна. Би утаат тамхийг сурталчилж байгаа юм биш. Утаат тамхинд байдаг никотин ургамлын гаралтай байдаг бол электрон тамхины никотиныг химийн аргаар гаргаж авсан учраас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг”
НЭМҮТ: Утаат тамхинаас гарахын тулд электрон тамхи татах нь үр дүнгүй
НЭМҮТ-ийн эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ЭША Б.Майцэцэг “АНУ-д л гэхэд 2019 оны есдүгээр сарын байдлаар электрон тамхины улмаас хэдэн зуун хүн уушгины хүнд хэлбэрээр өвдөөд зургаа нь нас барсан. Тиймээс ихэнх мужуудад электрон тамхийг хуулиар хорьсон. Үүний нэгэн адил манайд үүнийг судлах шаардлага байна. Өнөөдөр электрон тамхи нь хуулиар зохицуулагдаагүй гэдэг нь хамгийн аюултай. Хүн амд ямар ч өвчлөл үүсгэн хор хөнөөл гаргахыг үгүйсгэхгүй. Зарим судлаачдын үзэж байгаагаар хорт хавдар, амьсгалын болон зүрх судасны өвчлөл үүсгэх нөлөөтэй гэдэг нь батлагдаж байгаа. Түүнээс гадна нүдний хараа муудах, хоолой, ам сэрвэгэнэх, хорсох, янз бүрийн уушгины бөглөрөлт өвчин үүсгэх нөлөөтэй”

Электрон тамхины хувьд хоргүй, утаат тамхинаас гарахын тулд хэрэглэнэ гэсэн ташаа ойлголт байдаг. Гэтэл утаат тамхитай харьцуулахад никотины үйлчилгээ нь хэд дахин их, химийн аргаар гаргаж авсан учир эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь ч их байна.
Аливаа эрсдэлийг гарсан хойно нь биш гарахаас нь өмнө сэргийлж, электрон тамхитай холбоотой хуулийн эрх зүйн зохицуулалтыг яаралтай хийх шаардлагатай байна.
