Энэ оны эхний 9 сарын байдлаар 785 мянга гаруй хуучин дугуй импортолжээ
Хуучин дугуйны бизнес Монгол Улсад цэцэглээд олон жил болж байна. Олон улсад аюултай хог хаягдалд тооцогдож байгаа хуучин дугуйг манай улсын худалдаачид оруулж ирэн хямд өртгөөр борлуулдаг. Хээ нь 50-70 хүртэлх хувиар элэгдсэн хуучин дугуй зам тээврийн осол гарах нэг шалтгаан болж байна.
Монгол улсад тууш зам тавигдаж, нэгэн шинэ түүх бичигдсэн өдөр саяхан. Гэтэл энэ замаар хурдалж явсан автомашин осолдсон хэрэг хэдхэн хоногийн өмнө гарлаа. Шалтгаан нь эдэлгээнээс гарсан хуучин дугуй автомашиндаа худалдан авч тавьсантай холбоотой. Хэргийг цагдаагийн газар шалгаж байна.

ТЦА-ны ЗЦГ-ын техник, замын хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч Б.Эрдэнэхуяг “Монгол Улсад хөдөлгөөнд оролцож байгаа суудлын автомашин болон бүх жин 3.5 тонноос бага ачааны авто машины дугуйны хээний гүн 1.6 мм, автобус болон тролейбусын дугуйн хээний гүн 2 мм, ачааны автомашины дугуйн хээний гүн газар тулах хэсгээрээ 1 мм, мотоцикль, мопейдын дугуйны хээний гүн газар тулах хэсгээрээ 0.8 мм байна гэж зааж өгсөн. Зарим тохиолдолд энэ шаардлага хангагддаггүй. Чиргүүлийн тухайд ачааны автомашинтайгаа ижил газар тулах хэсэг нь 1 мм байна ёстой гэсэн шаардлага тавигддаг. Гэвч бодит байдал дээр зарим чиргүүлийн дугуй хээгүй болсон зөрчил гардаг. Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулаад халтиргаа, гулгаанаас хамгаалах улирал, цаг агаарт зохицсон дугуйг тавьж хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьж ашиглахыг хориглодог. Жолооч нар улирал, цаг агаарын нөхцөлд тохирсон, нэг тэнхлэгт ижил марк, хээтэй дугуй тавиад дугуйны хээний гүн дээр анхаарах шаардлагатай” гэв.

Хуучин дугуйнаас шалтгаалах эрсдэл, хохирол уртаас урт бичигдэнэ. Хөгжингүй орнуудын хог хаягдал Монгол улсын тогтмол хэрэглээ болж байгаа нь зөвхөн хуучин дугуйгаар хязгаарлагдахгүй. Үүнийгээ бид эдийн засгийн хүнд хэцүү байдалтайгаа холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл нэг шинэ дугуй 200 мянган төгрөгөөр авснаас 4 хуучин дугуй авсан дээр гэсэн сэтгэхүй давамгайлж байна.
Хэмнэсэн мөнгө хэн нэгэн эд хөрөнгө амь насаараа хохирох шалтгаан болсоор. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дугуйны импорт хоёр дахин нэмэгдсэн судалгаа гарчээ. Тодруулбал 2016 онд 546 мянган дугуй орж ирсэн бол энэ тоо 2019 оны эхний 9 сарын байдлаар 950 мянга болж өссөн байна. Тэр дундаа нийт оруулж ирж байгаа дугуйны 80 орчим хувийг хуучин дугуй эзэлж байгааг ГЕГ-аас мэдээллээ.

ГЕГ-ын статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн “Нийтдээ 20 гаруй улсаас авто машины дугуй импортолдог. Үүнээс БНХАУ, Япон, ОХУ, БНСУ-аас хамгийн их тоогоор авто машины дугуй импортолдог. Ялангуяа Япон, БНСУ-аас орж ирж байгаа хуучин дугуйг сайжруулж засварласан буюу гадна талд нь капитал хийн хээтэй хэсгийг нь сольсон байдаг. Ер нь 2012-2014 оны дугуй голлодог” гэлээ.
2018 онд Япон улсаас л гэхэд 699 мянган хуучин дугуй импортолжээ. Харин орж ирсэн шинэ дугуй дээрх тооны таван хувьд ч хүрэхгүй. Худалдаачдын зүгээс чанараас илүү ашиг харж, хурдан борлуулагддагаар нь хуучин дугуйг илүүтэй оруулж ирдэг байна.

Автомашины дугуй борлуулагчид “50-аас доош хувьтай дугуй оруулж ирдэггүй, дандаа 60 хувиас дээш хувьтай дугуй авчирч борлуулна. Иргэдийн худалдан авах чадвартай холбоотойгоор ихэнх иргэд орж ирсэн хуучин Япон дугуй л авдаг. Сүүлийн үед он залуу дугуй орж байгаа” хэмээн онцоллоо.
Хуучин дугуй нь байгаль орчинд хортой, хүний эрүүл мэндэд аюултай хог хаягдалд тооцогддог. Ийм учраас энэ төрлийн барааны импортыг ихэнх улс оронд хориглосон байдаг. Японд л гэхэд үйлдвэрлэгдээд гурван жил болсон дугуйг хэрэглэхийг хоригложээ. Харин манай улс комисс барааны байнгын хэрэглэгч болж, гааль дээр нэг ширхэг дугуйнд 15 хувийн татвар ногдуулахаас өөр хяналт, зохицуулалт алга. Гэхдээ иргэд өөрсдөө ухамсарлаж, болзошгүй эрсдэлээс сэргийлж шинэ дугуй худалдан авч байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

