Зөгийн балны ач тусыг хүн бүхэн мэддэг. Ярьдаг, сурталчилдаг. Зөгий бол бал, лав, жилий, сүүнцэр, хор, тоосормог зэрэг хүний хоол хүнс, эмчилгээ сувилгаа, тэрчлэн үйлдвэр, хөдөө аж ахуй, сансрын техникт ч ач холбогдолтой бүтээгдэхүүн билээ. Бид ер нь хэр чанартай, баталгаатайг зөгийн бал хэрэглэдэг вэ? МУБИС-ийн Биологийн тэнхимийн дэргэдэх Палинологийн лабораторид хийдэг судалгаа, туршилт, сорьцууд үүнд тодорхой хариулт өгнө. Монголд ганцхан гэж хэлж болох тус лаборатори хүн бүхний өдөр тутмын хэрэглээ болсон зөгийн балны чанар, найрлагыг нарийн шинжилдэг ажээ. Энэхүү Палинологийн лаборатори 1995 оноос үндэс сууриа тавьсан бөгөөд өнөө хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, Монгол орныхоо зонхилох ургамлын цэцгийн тоосны хэлбэр зүйг орон даяар судалж ирсэн юм байна. Палинологи гэдэг нь Тоос судлалын шинжлэх ухаан ажээ. Тус лаборатори нь өнгөрсөн хугацаанд 2000, 2014, 2018 онуудад 3 удаа амжилттай магадлан итгэмжлэгдсэн бөгөөд орчин үеийн багаж, тоног төхөөрөмж бүхий судалгаа, сорил, туршилт, сургалтын үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний, МУБИС-ийн Инноваци бүтээгдэхүүний лаборатори юм байна. Тус лабораторид Монгол орны ургамлын аймгийн ангилалзүйн ээдрээтэй асуудлыг судлах, ургамалан нөмрөгийн түүхэн хөгжлийг тогтоож, уур амьсгалын өөрчлөлтийг илрүүлэх, Монгол орны нууруудын хурдасны тоосыг ялган авч, ургамлыг таних, зөгийн балан дахь тоосны хэлбэрзүйгээр түүний гарал үүслийг тогтоож, экологийн үнэлгээ өгөх зэрэг шинжлэх ухааны нарийн судалгааг хийдэг юм байна.

Эдгээрээс зөгийн балны нарийвчилсан судалгааны талаар онцлон танилцуулъя. МУБИС-ийн Палинологийн лабораторид нийтдээ 700 орчим зүйл ургамлын цэцгийн тоосны хэлбэрзүйг Гэрлийн болон Электрон микроскоф дээр судлан ургамлын сан бүрдүүлжээ. Ингэснээр балт ургамал буюу зөгийн балны гарал үүсэл, экологийн цэвэр бүтээгдэхүүний чанарын шаардлагыг хангаж байгаа эсэхэд баталгаатай үнэлэлт, дүгнэлт өгч чадаж байгаагаараа онцлог юм байна. Энэхүү нарийвчилсан судалгаагаар зөгийн балыг дараах 4 төрөлд ялгаж ангилжээ. Үүнд: - Байгалийн цэцэгсийн зөгийн /ямар цэцэгний бал болох нь тогтоогддог байна/ - Таримал цэцэгсийн зөгийн бал - Шингэрүүлж, арвижуулсан зөгийн бал /Сахарын хольцтой, нэмэлт бүтээгдэхүүн агуулсан/ - Синтез зөгийн бал /Орлуулсан буюу хиймэл/. Харамсалтай нь иргэд бидний худалдан авч өргөнөөр хэрэглэдэг зөгийн балууд болон импортоор орж ирж буй балуудын дийлэнх нь сүүлийн хоёр төрөлд буюу шингэрүүлсэн, эсвэл бүрэн орлуулсан гэдэгт хамаарч байгаа аж. Тиймээс зөгийн балыг тогтмол хэрэглэснээр эрүүлжих биш сахарын өвчтэй болох эрсдлийг үүсгэж байгаа гэсэн үг. Тиймээс хэрэглэгчид зөгийн бал худалдан авахдаа чанар, гарал үүслийг нь сайтар анхаарах хэрэгтэй ажээ. Хэрвээ худалдан авсан зөгийн балаа байгалийн цэвэр цэцэгсийнх үү, таримал цэцэгсийнх үү, эсвэл бүр шингэрүүлж арвижуулсан, орлуулсан зөгийн бал уу гэдгийг мэдэхийг хүсвэл МУБИС-ийн Палинологийн лабораторид хандаж болох ажээ.
