Токио хотын дүүргийн шүүх Фукушимагийн цөмийн станцид тохиолдсон ослоос урьдчилан сэргийлээгүй, хайхрамжгүй хандсан хэмээн буруутгагдаж буй "Токио Цахилгаан эрчим хүч" (TEPCO) компанийн удирдлагуудыг гэм буруугүй гэж үзэв. Энэ тухай Японы олон нийтийн телевиз мэдээлсэн байна.

Цунехисе Кацумату тэргүүтэй ТЕРСО-гийн гурван хуучин даргад холбогдох шүүх хурал 2017 онд эхэлсэн юм. Цөмийн байгууламж 15 м өндөр цунамийн давалгааг тэсэж чадах байсан эсэхээс үл хамааран тэднийг зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй гэж буруутгаж байв.

Мөрдөн байцаалтын явцад 2008 онд TEPCO-ийн охин компани цөмийн цахилгаан станцын бүсэд 15.7 м хүртэл өндөр цунами үүсэж болзошгүй гэсэн үнэлгээ гаргаж анхааруулж байсан нь тогтоогджээ. Харин шүүхээс хамгаалах арга хэмжээ авч болох ч гамшгаас зайлах боломжгүй байсан гэж үзлээ.

2011 онд Японд газар хөдөлсний дараа  "Фукушима Дайчи" атомын цахилгаан станцад осол гарч реакторын цөм хайлж дэлбэрэн, агаар мандалд их хэмжээний цацраг идэвхт бодис тархсан юм. Шинжээчдийн үзэж байгаагаар станц цунамигийн давалгаанд цохигдсоноос хэдхэн цагийн дараа реакторын цөм хайлж эхэлсэн байдаг. Харин ТЕРСО ослоос хойш хоёр сарын турш энэ тухай мэдээллийг эрс няцаасаар байсан юм.