
Гандантэгчэнлин хийдийн 1080 лам хурах багтаамжтай “Батцагаан” их цогчэн дуганын нээлтийн ёслол өнөөдөр боллоо.
Батцагаан цогчэн дуган нь 20-р зууны эхэн үе гэхэд 108 баганатай, олон мянган лам хурах багтаамжтай байсан ч их хэлмэгдэлтийн үеэс эвдэрч эхэлсэн байдаг.
Харин 2006 онд Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ-ны захиалгаар "Батцагаан" их цогчэн дуганыг барихаар болсон. Тэгвэл өнөөдөр 21212 м2 талбай бүхий 7 давхар дуган өндөр үүдээ нээн хол ойрын сүсэгтэн олон, эрдэмтэн мэргэд зочид гийчдэд Монголын Үндэсний их театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг толилууллаа.


Түүнчлэн Батцагаан цогчэн дуганы нээлтийн арга хэмжээг тохиолдуулан "Самвад-III" олон улсын хурлыг Монголд анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд уг эрдэм шинжилгээний хуралд Энэтхэг, Япон, Шриланк, Бутан, Камбож, Мьянмар, Тайланд, Бангладеш, Балба, Хонг Конг, Сингапур, Вьетнам зэрэг 18 орны 80 гаруй зочин уригдан оролцож байна.

Энэ удаагийн хурлаар хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болох “Зөрчлөөс зайлсхийх”, “Байгаль орчны аюулгүй байдал”, “Азийн ардчилал” зэрэг сэдвээр хоёр өдөр үргэлжилнэ.
Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Н.Амгалан: “Самвад-III” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Гандантэгчэнлин хийд анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү олон улсын хурал ойлголцол, харилцан яриа, хэлэлцүүлэг хэлбэрээр гурван сэдвийн дор хоёр хоног өрнөнө. Үүнд, хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болох “Зөрчлөөс зайлсхийх”, “Байгаль орчны аюулгүй байдал”, “Үнэт зүйл ба Азийн ардчилал” сэдвээр буддын шашинтай болоод хинди шашинтай эрдэмтэн мэргэд ямар байр суурьтай байгааг хэлэлцэнэ. Мөн ойлголтын зөрүү юунд байгаа талаар олон орны эрдэмтэд ярилцахаар монголд ирсэн. Ийнхүү “Батцагаан” цогчэн дуганын нээлтийн ёслолын үеэр өргөн хүрээний арга хэмжээг зохион байгуулснаар ач холбогдолтой байна гэж бодож байгаа” гэв.
VIII Богдын мэлмий гийсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэжээ
Батцагаан цогчэн дуганы нэгдүгээр давхрын гол танхимд VIII Богдын мэлмий гийсний 150 жилийн ойд зориулсан “Бурханы шашны өв соёл” үзэсгэлэнг дэлгэжээ. Энд Богдын хэрэглэж байсан эд өлгийн зүйлс болон Өндөр Гэгээн Занабазарын урласан бурхныг нийтэд нээлттэй дэлгэн сонирхуулж байлаа.




















Ийнхүү 17 дугаар жарнын шороон гахай жилийн намрын эхэн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр намын их хүрээ Гандантэгчинлэн хийдэд эртний түүхэн Батцагаан цогчэн дуган эргээд шинээр сүндэрлэсний нээлтийн ёслол боллоо.




Маргааш Батцагаан цогчэн дуганд "Самвад-III" олон улсын хурал үргэлжилнэ. Харин энэ сарын 8-нд буюу ням гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хүрээ цам-Даншиг наадам-2019”-ыг "Батцагаан" цогчэн дуганын нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан зохион байгуулах юм. "Даншиг наадам-Хүрээ цам 2019" шашин соёлын наадам иргэдэд нээлттэй үнэ төлбөргүй болно.