Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдааг сайжруулах зорилгоор “Coal Mongolia-2019” чуулганыг 2011 оноос “Гложекс Консалтинг” компани зохион байгуулж ирсэн. Тэгвэл энэ жилээс тус чуулга уулзалтыг “Монгол нүүрс ассоциаци” зохион байгуулахаар болжээ. Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх ес дэх удаагийн чуулга уулзалтаар анх удаа бүс нутгийн харилцаа, орон нутгийн хамтын ажиллагааг хэлэлцэх аж. Уг хэлэлцүүлэгт Өмнөговь аймаг болон Өвөр Монголын Өөртөө засах орны Баяннуур аймгийн удирдлагууд оролцох юм. Тэднээс гадна хоёр улсын хил гаалийн байгууллагын төлөөлөл, уурхай, тээврийн компаниудын захирлууд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсныг “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал хэллээ. Чуулга уулзалтын эхний өдөр уламжлал ёсоор Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум болох юм. Харин хоёр дахь өдөр нь нүүрс олборлолт, баяжуулалт, тээвэр ложистикийн асуудлыг ярилцахаар төлөвлөжээ.