Фэйсбүүкийн Nadad tuslaach гэсэн аккаунттай хэрэглэгч нөхөртөө хэрцгийгээр зодуулж, дарамтлуулдаг гэх мэдээллийг өчигдөр өглөө зургийн хамт нийтэлсэн билээ. Тодруулбал, тэрээр 2012 оноос хойш нөхөртөө хэвтэрт ортлоо зодуулж, түүгээр ч зогсохгүй бүсгүйг бие давхар байхад нь “Наа хүүхэдтэй чинь хамт ална” гээд толгой түрүүгүй зоддог байсан гэх мэдээллийг нийтэд дэлгэн тусламж хүсчээ.

Улмаар цахим орчинд маш олон иргэд уг бүсгүйнд туслахаар санаа нэгдэж, түүнтэй холбогдох арга замыг хайж байна. Гэсэн хэдий ч түүнтэй холбогдох ямар нэгэн утасны дугаар болон түүнийг таньж мэдэх хүн олдохгүй байгаа. Учир нь бүсгүй Nadad tuslaach гэх аккуантыг өчигдөр өглөө нээн зөвхөн нөхөртөө зодуулсан гэх хоёр хэсэг зургийг тайлбарын хамт оруулсан бөгөөд түүний талаар өөр ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа юм.

Уг асуудлын мөрөөр бид Хүчирхийллийн эсрэг төвийн хөтөлбөрийн менежир н.Байгальмаатай холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Нэгэн бүсгүй байнгын хүчирхийлэлд өртдөг тухайгаа зургийг хамт фэйсбүүкээр цацлаа. Энэ талаар танайд ямар нэгэн мэдээлэл байна уу. Та бүхэн хохирогчтой уулзсан уу?

-Энэ мэдээллийг бид өнөө өглөө харлаа. Бид тус аккаунт руу “Бидэнтэй холбогдоно уу” гэсэн зурвас илгээсэн боловч ямар ч хариу алга. Тийм болохоор бид Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийллийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж хүсэлт тавьсан байгаа.

-Ямар хүсэлт тавьсан вэ?

-Нэгдүгээрт үнэн зөв мэдээлэл эсэхийг шалгаж тогтоох хэрэгтэй байгаа. Тэгээд түүний дараагаар энэ эмэгтэйтэй холбоо тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Мөн шаардлагатай бол эмэгтэйд яаралтай тусламж үзүүлж, хамгаалалтдаа авна уу гэдэг хүсэлтийг хүргүүлсэн.

-Ийм тохиолдолд танай зүгээс нэн түрүүнд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Цагдаагийн байгууллага шалгаж үзээд тусламж үйлчилгээ хэрэгтэй гэвэл манай зүгээс түр хамгаалах байранд авдаг. Мөн сэтгэлзүй болон хуулийн зөвлөгөө өгдөг.